card

Оюутан судлаач тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан элсүүлэв.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 2020-2021 оны хичээлийн жилд шинээр оюутан шалгаруулж авах зарлалыг 2020 оны 9 дүгээр сарын 21-нд гарган, монгол судлалын чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг их, дээд сургуулиудад түгээн, 10 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд бүртгэл явуулсан билээ.
Эдгээр бүртгүүлсэн оюутнуудын дундах сонгон шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний лхагва гарагт АМТ-д зохион байгууллаа.
Шалгаруулалтад ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн монголын түүхийн салбарын ЭША, доктор Д. Эрдэнэбат, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор Д. Нямдорж, АМТ-ийн ЭША, доктор С. Алтантуяа нар сууж, оюутнуудын судалгааны ажлын танилцуулгуудтай танилцлаа. Уг шалгаруулалтад хүсэлт гаргасан оюутнууд өөрийн хийх судалгааны ажлын товч танилцуулгыг удирдагч багшийн тодорхойлолт, хүсэл зорилгоо тодорхойлсон эсээний хамт авч ирсэн юм.
Танилцуулгадаа, сэдвийн томъёолол, сэдвийн тухай товч танилцуулга, сэдэв сонгосон учир, сэдвийн судлагдсан байдал, судалгааны ажлын зорилго, судалгааны ажлын бүтэц, номзүй гэсэн зүйлсийг багтаах шаардлага тавьсан билээ.
2020-2021 оны хичээлийн жилийн хөтөлбөрт хамрагдахаар МУИС, МУБИС, Их засаг Их сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн салбарт суралцдаг 24 оюутан судалгааны ажлын танилцуулга хийлээ. Танилцуулгын дараагаар багш нар оюутнуудад судалгааны сэдэв сонгох, сонгосон сэдвийнхээ дагуу материал цуглуулах, ингэхдээ жинхэнэ судалгааны баримт болон хуурмаг баримтуудыг ялган ашиглаж сурахын чухлыг захиж зөвлөлөө.
“Оюутан судлаач” хөтөлбөрт хамрагдахаар судалгааны ажлын танилцуулга хийсэн нийт оюутнууд, судалгааны ажлыг нь удирдахаар санал, хүсэлтээ ирүүлсэн багш нар, оюутнуудын судалгааны танилцуулгыг сонсож, үнэтэй зөвлөгөө өгсөн багш нартаа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам