card

Нүүдэлчдийн нохой сэдэвт лекц боллоо

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлага 2020 оны 11 дүгээр сарын 4-нд болж, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г. БАТБОЛД уригдан “НҮҮДЭЛЧДИЙН НОХОЙ” сэдвээр лекц уншлаа.
Лекцийн эхний хэсэгт тэрээр өөрийн бичсэн “Нүүдэлчдийн нохой” 2 дэвтэр бүхий бүтээлийнхээ гол агуулгыг ярилаа. Эдгээрээс товч хүргэвэл,
• Энэ бүтээлийг бичих болсон гол зорилго бол монгол нохой (тайга, банхар)-г Олон улсын нохой судлалын холбоо (FCI)-нд бүртгүүлэхэд зориулсан судалгааг хийх бөгөөд энэ 2 төрлийн нохойг үнэхээр нүүдэлчдийн нохой байсан уу гэдгийг нэхэн судалсан юм. Тиймээс шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл байдлаар бичсэн. Одоогоор энэ холбоонд нохойн 400 гаруй үүлдэр бүртгэгдсэн байдаг. Бүртгүүлэхийн тулд 20 орчим жилийн турш тухайн үүлдэр өөрийн хэв шинж (type)-ээ хэрхэн хадгалж байгаа мэдээллийг цуглуулдаг.
• Нохойг хүн анх хэдий үеэс гаршуулсан бэ гэдэг асуудал бий. Үүнийг нум сумны хөнөөх чадвартай холбон үзвэл, хүрлийн үеэс л нэлээд хүчирхэг нум бий болсон байдаг. Тэгвэл нум сумаар ан хийхээсээ өмнө нохойгоор ан хийдэг байжээ, тухайн араатан амьтантай тэмцэлдэж байх үест нь чадал багатай нум сумыг нохойгоо ангаас салган авах зорилгоор хэрэглэдэг байсан болов уу гэсэн дүгнэлт хийсэн.
• Ер нь чулуун зэвсгийн үед чулуун зэвсгээр ан хийх нь амжилттай байсан уу гэдэг асуудал байдаг. Одоогоор харахад чулуун зэвсэг нь хүн түүнийг бариад ангийнхаа араас гүйгээд ч юм уу агнахад маш хэцүү, зарим нь том хэмжээтэй байх нь бий. Эдгээр зэвсгээр араатан амьтдыг хэрхэн барьдаг байсан бэ гэвэл, хаалтад суух аргыг хэрэглэдэг байжээ. Үүний баталгаа бол хадны зургуудаас олддог багууд юм. Анг хүссэн газраа хүргэхийн тулд хүүхэд эмэгтэйчүүд элдэв дүрстэй баг өмсөж үргээгээд магадгүй нохойгоороо агнуулсны дараагаар чулуун зэвсгээрээ амийг нь таслах зэргээр агнадаг байсан бололтой. Сонирхуулбал, ан авын тухай хадны зураг дээрх эдгээр багуудыг харахад миний багад Бугын Ферм-д буга эвэрлэдэг байсантай их төстэй санагддаг юм. Бугыг эвэрлэхээр хашаанд оруулахын тулд хүүхэд, эмэгтэйчүүд өнгө өнгийн даавуу бариад хаалт хийж, хашаанд оруулдагтай адилхан үйлдэл чулуун зэвсгийн үед ч байжээ гэж ойлгож болно.
• Хадны зурагт нохойн дүрслэл байдаг эсэх талаар эргэлзээтэй байдаг. Учир нь нохой юу, чоно уу гэдэгт эргэлздэг. Гэхдээ судлаачид нохойг сүүлийг нь дэгээрүүлж дүрсэлсэн, чоныг бол сүүлийг нь шулуухан дүрсэлсэн байдаг гэж ялгах болсон. Тухайлбал, монгол нутагт Их үнэгдэйн хадны зурагт 2 нохойг өөр өөрөөр дүрсэлсэн дүрслэл бий. Энэ нь нохойн үүлдрийг эрт үедээ ялгаж байсан уу? гэдэг асуулт үүсгэдэг. Нохойг бас хөтлөөд явж буй хадны зургууд бий. Яагаад хөтөлдөг вэ гэхээр нохой хэрж явдаг учраас ан хийхээсээ өмнө хүчээ барахаас нь сэргийлж, хүчийг нь хэмнэн хөтөлдөг.
• Буган чулууны соёлын хувьд нохой ховор байдаг. Харин буган чулууны төгсгөл үеийн орчим цөөн дүрслэгдсэн тохиолдол бий. Ингэхдээ нохойг цагариглуулан дүрсэлсэн байдаг. Гэхдээ бүхий л араатнууд цагариглан хэвтдэг шүү дээ гэвэл, нэгдүгээрт, хүнд хамгийн ойр цагариглах амьтан бол нохой, хоёрдугаарт, Хүннүгийн үеийн булш оршуулгуудаас харахад нохойг дагалдуулан оршуулахдаа цагариглуулан оршуулдгаас харвал буган хөшөөн дээрх эдгээр цөөн дүрслэлийг нохой мөн гэж үзүүштэй байдаг.
• Эртний нүүдэлчдийн оршуулгын ёсонд нохойг дагалдуулан оршуулах нь магадгүй МНТ-д гардагчлан “дэр” аван үхэхтэй холбоотой буюу хүнийг төлөөлүүлэн нохойг оршуулдаг байсан байх гэсэн таамаг байдаг. Монгол нутагт нохойг зан үйлийн хувьд оршуулгад дагалдуулсан тохиолдол хүрлийн үеийн дурсгалуудаас ихээхэн илэрдэг бөгөөд дөрвөлжин булшны соёлд маш их байдаг. Гэхдээ дөрвөлжин булшны соёлыг монголчууд нэлээн дээрээс эхлэн судалсан тул чухам ямар нохой байсан бэ гэдэг талаас нь одоо харахад бэрхшээлтэй буюу мэдээлэл (data) хомс байдаг юм. Баруун Монголоос олдсон хамгийн эртний нохойн яс (эрүү) нь Афанасьевийн соёл буюу НТӨ IV-III мянган жилийн үед хамаарах булшнаас олдсон байдаг.
• Хүннүгийн үеийн нохойн тухай үзвэл, булш оршуулгаас гарсан нохойн хувьд Хүннүгийн нийт булштай харьцуулахад бага ч, бусад үеийн булштай харьцуулбал хавьгүй олон нохой дагалдуулсан булш илэрдэг. Эгийн голын бүс орчмоос, тухайлбал, Баруун Бэлсэгийн 24 булшны 7-д нь нохойн яс илэрсэн байдаг. Ингэхдээ нэг булшнаас нохойн цээжний яс, нөгөө булшнаас нь нохойн сүүл хэсгийн яс гэх мэтээр ялгаатай илэрсэн байдаг. Үүнийг бид тайлбарлахдаа монголчуудын “анд бололцох” ёстой холбон үзэж байгаа юм. Андын тангараг өргөхдөө азарга, бух, эр нохой цавчиж тангараг өргөдөг тухай сурвалжуудад бий. Өөрөөр хэлбэл, дараа нь тангаргаа зөрчвөл “ийм байдалтай болно шүү” гэсэн утгаар. Нүүдэлчдийн язгууртнууд нохой таллаж, тангараг өргөдөг байжээ гэж хэлж болмоор байна.
• Хүннүгийн үеийн Хятадын сурвалжуудад мөн л хоёр төрлийн нохой буюу тайга, банхар хоёр нохойны талаар тодорхой дүрсэлсэн байдаг. Нэг нь том биетэй, хүчтэй нохой, нөгөө нь үнэг шиг биетэй, сайн хамгаалдаг нохой гэж ялгамжтай бичсэн байдаг нь эртнээс л монголчууд банхар, тайга нохойны эзэд байжээ гэдгийг харуулж байгаа юм.
• Түрэг, Уйгурын үеийн нохой гэвэл, Баяннуурын Шороон бумбагараас илэрсэн хоёр нохойг хэлж болно. Зарим судлаачид нэг тонуулчин хоёр нохойтой явж байгаад дарагдсан гэдэг ч нэлээд үнэмшилгүй. Энэ хоёр нохойг далны яснаас нь харахад илт ялгаатай байдаг. Арай жижиг далтайг бид тайга гэж үзэж байсан боловч орчин үеийн тайга нохойны далтай харьцуулж үзэхэд том дал нь тайга нохойных байхаар гарсан. Ер нь одоогийн тайга нохой бол нэлээд том биетэй болсныг бид бас ажигласан. Учир нь Киданы үеийн хүмүүсийн тайга нохой морин дээрээ аваад явж байгаа зургийг харахад хүнээс дээш гарахгүй байхад, өнөөгийн тайга нохойг морин дээр гаргахад хүнээс өндөр гарах жишээтэй байна.
• Тан улсын үед тариан талбайгаа зэрлэг туулайнаас хамгаалахын тулд туулайд тайга тавьдаг байжээ. БНХАУ-ын Турфанаас олдсон торгон дээр туулайнд нохой тавьж буй дүрслэл байдаг.
• Киданы үеийн дурсгалуудаас харахад хүн чулууны доод талд нохойн баримал хийж, нөгөө ертөнцөд ч нохойгоор хамгаалуулдаг байсан ёсыг харж болно.
• Монголын эзэнт гүрний үеийн нохой гэвэл өнөөх л хоёр төрлийн нохой маань МНТ-ы 78-р зүйлд тодорхой гардаг. Өүлэн эхийн Чингис хаан, Хасар хоёрыг зэмлэж буй үгэнд, “Харбисаа (хавиргаа) хазах хасар нохой мэт... Балмад довтлох баруг (нохой) мэт барав...” хэмээн гардгийг хасар нь ямар нохой вэ, баруг нь ямар нохой вэ хэмээн гүнзгийрүүлэн авч үзвэл, Хасар хэмээхийг заримдаа Асар буюу Асар Басар нохой гэж баатарлагийн туульд хүртэл гардаг. Асар хэмээх үгийг Мин улсын үеийн “Монгол үгийн орчуулга” хэмээх тольд “ a sa lu” хэмээн бичсэн байдаг. Энэ үгээ тайлбарлахдаа “нарийн нохой” хэмээсэн байдаг нь хасар нь тайга нохойг хэлж байгааг илчилнэ. Бас ангийн нохойг хөнгөлдөг учраас хожмоо “тайга” нохой гэх болжээ.
• Харин баруг нохой гэдэг нь саглагар үстэй нохой буюу банхар нохойн нэршил болно. МНТ-ы энэ хэллэгийг анх эрдэмтэд тайлахдаа “баруг”-ийг барс гэж тайлдаг байсан нь алдаатай бөгөөд одоо энэ нь нохойн нэр гэдэг нь тодорхой болсон.
• Юань гүрний үеийн ордны Итали зураач, загалмайтны шашны төлөөлөгч Ж. Кастильоне “Шилмэл арван нохой” гэсэн зураг зурсан байдаг. Энд 9 тайга, 1 банхар нохойг зурж, цол гэж болохоор нэрийг дурдсан байдаг. Эдгээр ноход улаан өрөвлөгтэй бөгөөд энэ нь язгууртны нохой гэдгийг илтгэдэг. Одоо монголчууд энэхүү өрөвлөгийг хэлтэй хүзүүвч маягаар хэрэглэж байна.
• Монгол нохойн тухай авч үзсэн олон зүйлийн дотроос сонирхолтой нэг зүйл нь монгол бөхийн үүсэл хөгжил нь эртний монголчуудын “Нохой, шувууны наадаан”-аас үүсэлтэйг харж болно. Юань гүрний үед зүүн жигүүрийг жигүүртэн, баруун жигүүрийг араатан эзэгнэн хоёр жигүүр болон хуваагдан гарч ирдэг бөхийн ёсолгоо байсан бөгөөд зүүн жигүүрийн бөх түрүүлбэл “гарьдын дэвэлт” хийдэг, баруун жигүүрийн бөх түрүүлбэл “арслангийн алхалт” хийдэг байсан болов уу гэмээр байдаг. Өнөө үеэс эргэн харвал Өвөр Монголчууд илүүтэй нохойгоор ан хийдэг, Ар монголд илүүтэй шувуугаар ан хийх ёс үлдсэн, бөхийн дэвэлт, алхалт ч тус тусдаа болжээ.
Лекцийн дараагийн хэсэгт тэрээр оюутан залуусын асуултад хариулж, монгол нохойн тухай “Нүүдэлчдийн нохой” бүтээлээс дэлгэрүүлэн уншихыг захилаа. Мөн лекцийн үеэр Монголын нохой судлалын холбооны УЗ-ийн гишүүн Т. Түвшинтөр ирж, оюутан залууст монгол нохойн онцлог шинж, үржүүлэг, монгол нохойг дэлхийд бүртгүүлэхийн төлөө хийж буй ажлуудынхаа тухай ярьсан юм.
Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан археологич Г. Батболд танд судалгааны ажлын өндөр амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье. Мөн лекцэндээ идэвхийлэн суусан оюутан залуус, зочин Т. Түвшинтөр нарт талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам