card

"Оюутан судлаач хөтөлбөр" 2017-2018 оны нээлт

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан 2011-2012 оны хичээлийн жилээс зохион байгуулж буй “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлт болж, 2016-2017 оны үйл ажиллагааг дүгнэлээ. Тус үйл ажиллагаанд CICM олон улсын байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүч, Фр. Мпуту Симон, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, профессор Д. Баярсайхан, Философи, шашин судлалын тэнхимийн багш С. Дэмбэрэл, Антропологи, археологийн тэнхимийн багш С. Бямбадорж, МУБИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор Д. Эрдэнэсан, П. Эрдэнэтуяа, Р.Сарангэрэл нар урилгаар оролцлоо. Мөн тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2014, 2015, 2016 оны төгсөгчид, АМТ-ийн ажилтнууд, 2017-2018 оны хичээлийн жилд тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргагч оюутнууд оролцов. 2016-2017 оны хичээлийн жилд нийт 24 оюутан хамрагдсанаас 19 өгүүлэл бүхий “Эрдмийн хэлхээ” оюутны эрдэм шинжилгээний бичгийг АМТ эрхлэн хэвлүүллээ. 11 шилдэг оюутан өрсөлдсөн эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт МУИС-ийн Түүхийн ангийн төгсөгч Э. Халиун, дэд байрт МУИС-ийн Шашин судлалын 4-р ангийн оюутан Д. Саруул, гутгаар байрт МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 4-р ангийн оюутан Б. Энхтуяа, МУИС-ийн Түүх, нийгмийн ухааны багшийн 4-р ангийн оюутан Б. Далайбилэг нар тус тус шалгарсанд урамшуулж, шагналаа.
Оюутны судалгааны ажлыг их ажлынхаа хажуугаар удирдан, АМТ-ийн үйл ажиллагааг дэмжиж байдаг удирдагч багш нараас МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор Д. Баярсайхан, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С. Дэмбэрэл, МУБИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор Р. Сарангэрэл нар шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа. Хөтөлбөрийн төгсөгч Уртнасангийн Бямбанямын санаачилгаар судалгааны ажлаа идэвх зүтгэл гарган хийдэг оюутнуудад олгож хэвшсэн “Төгсөгчдийн нэрэмжит шагнал”-ыг Түүхийн магистр С. Тайванбаатар, Б.Өлзийсайхан, Хэл бичгийн магистр Г. Батмөнх, А. Цэнд-Аюуш, Антропологийн ангийн төгсөгч Г. Мөнхтамир, Түүхийн ангийн төгсөгч Н. Сүхцоож нар залгамжлан, шагнал гардууллаа. Тэд өөрсдийн номынхоо дээжээс бэлэг болгон авчирч, МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 3-р ангийн оюутан Х. Гэндэнпил, МУБИС-ийн Түүхийн 4-р ангийн оюутан П. Өлзийдаваа нарыг шагнаж, урамшууллаа.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн нийт багш, оюутнууддаа судалгаа, эрдэм шинжилгээний өндөр амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжих боломжоор хангаж, дэмждэг CICM байгууллага, АМТ-ийн удирдлагад талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам