"Оюутан судлаач хөтөлбөр" 2016-2017 оны нээлт
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлсэн “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн 5 жилийн ойг 2016 оны 10 дугаар сарын 1-ний бямба гаригт ёслон тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд CICM Олон Улсын Байгууллагын санваартан, АМТ-ийн Ерөнхий захирал Фр. Филип Борла, Гүйцэтгэх захирал, др. Г. Цэцэгдарь, проф Г. Гантогтох багш, МУБИС-ийн багш, проф. С. Хөвсгөл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн профессор М. Гантуяа, багш С. Дэмбэрэл, Түүхийн тэнхимийн багш, др. О. Оюунжаргал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Д. Нямдорж, МУБИС-ийн багш др. Р. Сарангэрэл, др. П. Эрдэнэтуяа, СУИС-ийн багш Ч. Мөнхтуул, АМТ-ийн “Young Mongolist” тэтгэлгийн судлаач Б. Лхагвабаяр нар болон үе үеийн судлаач оюутнууд хүрэлцэн ирж оролцлоо. Баярын эхэнд оюутнууд дуу хуураар мэндчилж, АМТ-ийн захирал Фр. Филип Борла, Г. Цэцэгдарь нар 5 жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Төвийн ЭША М. Пагмадулам “Оюутан судлаач-5 жилд” гэсэн илтгэл тавив. Тус тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжиж, 5 жилийн хугацаанд идэвхтэй сайн ажилласан багш нар болох МУИС-ийн багш др. Ц. Баттулга, др. Г. Нандинбилиг нарт АМТ талархал илэрхийллээ. Мөн 5 жилийн хугацаанд оюутны үйл ажиллагааг идэвхийлэн зохион байгуулсаар ирсэн АМТ-ийн ажилтнууд, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан цагаасаа хойш үргэлж хамт байдаг тус хөтөлбөрийн төгсөгч У. Бямбаням, Г. Зулбаатар нарт талархал илэрхийллээ. “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2015-2016 оны оюутны эрдэм шинжилгээний хуралд “Элст Арын Хүннүчүүдийн антропологи хэв шинж, өвчлөлийн зарим судалгаа” гэсэн илтгэлээр тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн Археологийн ангийн төгсөгч Б. Бямбадорж, “Адууны сэтэр сэвтэх болоод шарга зүсмийн бэлгэдэл” сэдэвт илтгэлээр дэд байр эзэлсэн МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангийн төгсөгч А. Цэнд-Аюуш, “Раббан Саумагийн аяллыг эргэн харах нь” сэдэвт илтгэлээр гутгаар байр эзэлсэн МУИС-ийн Түүхийн 4-р ангийн оюутан Э. Халиун нарт баяр хүргэж, шагналыг гардууллаа. “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 5 жилд зориулан хэвлүүлсэн зурагт номыг болон “Эрдмийн хэлхээ” оюутны эрдэм шинжилгээний бичгийн V ботийг эрдэмтэн багш нар, оюутнууддаа өргөн барилаа. Баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар болон төгсөгчид, оюутнууд сэтгэлийн үгээ хэлж, амжилт хүсэв. Хөтөлбөрийн 5 жилийн ойн үйл ажиллагаа “Судлаач болох замд” хэлэлцүүлгээр үргэлжиллээ.Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2016 оны 10 дугаар сарын 4