"Шинэ жил"-2015
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон 2015 оны 12 дугаар сарын 16-ны лхагва гаригт шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Шинэ жилийн баярын үйл ажиллагаанд CICM олон улсын хүмүүнлэгийн байгууллагын Монгол дахь зохицуулагч фр. Маттью Нжөк, АМТ-ийн ерөнхий захирал фр. Филип Борла, АМТ-ийн захирал, доктор Г. Цэцэгдарь, СICM бүлгэмийн санваартан фр. Жастин Лукуса болон 2011 оноос 2015 он хүртэл тус хөтөлбөрт хамрагдсан хүндэт төгсөгчид У. Бямбаням, Т. Батбаяр, О. Шүр-Эрдэнэ, Ч. Батбаяр, Г. Хэрлэнцэцэг, Г. Батмөнх, Ч. Хүсэлбаяр, Н. Сүхцоож, Б. Мөнх-Эрдэнэ, Б. Өлзийсайхан, Х. Чагнаадорж, Л. Гүндсамбуу нар хүрэлцэн ирж оролцлоо. Шинэ жилийн баярын үйл ажиллагааг МУИС-ийн Газар зохион байгуулалтын 2 дугаар ангийн оюутан Т. Лхагвасүрэн, МУБИС-ийн МХУЗБ-ийн 4 дүгээр ангийн оюутан С. Анударь нар хөтлөн явууллаа. Авьяаслаг оюутан судлаачдын дундаас МУИС-ийн УЗА-ны 4 дүгээр ангийн оюутан Г. Оюунбат, МУИС-ийн археологийн 4 дүгээр ангийн оюутан Г. Цэнгүүн нар ая дуугаа өргөж, АМТ-ийн гитарын сургалтад хамрагдсан оюутнууд, ХБК-ийн 4 дүгээр ангийн сурагч С. Тунамал нар хийл, гитарын аялгууг сонордууллаа. МУИС-ийн МХУЗБ-ийн 4 дүгээр ангийн оюутан М. Батбаяр оюутан судлаачдын тухай цуврал эсээнийхээ хэсгээс уншиж, бүгдийн сэтгэлийг хөдөлгөлөө. Хэн бүхний хүсэн хүлээсэн мөч “монита” задалхад оюутнууд болон АМТ-ийн хамт олон бие биедээ бэлгийн дээд ном болон бусад зүйлсийг сайн сайхан ерөөлийн хамт өргөцгөөлөө. АМТ-ийн ерөнхий захирал фр. Филип оюутнуудын дунд хөгжилтэй тэмцээн олныг зохиож, уур амьсгалыг ихэд хөгжөөлөө. Таван тэмцээн явуулахад гуравт нь түрүүлсэн оюутан судлаач Х. Мягмарсүрэн аргагүй л энэ үдшийн азтай, одтой нэгэн байлаа. “Оюутан судлаач” хөтөлбөрийнхөө шинэ жилийн үйл ажиллагаанд чин сэтгэлээ зориулан оролцсон АМТ-ийн удирдлага, хамт олон, нийт оюутан, төгсөгчдөдөө гүн талархлаа илэрхийлж, ирж буй 2016 ондоо амжилт бүтээл бүхний дээдийг амсан хүртэхийн ерөөл дэвшүүлье.Мэдээ гаргасан: М. Пагмадулам