"Герменевтик анализ" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлагын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны дугаарт МУБИС-ийн НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, философич Ж. ОТГОНБАЯР уригдан оролцож, “ГЕРМЕНЕВТИК АНАЛИЗ” сэдвээр лекц-ярилцлага явууллаа. Лекц 18:45 цагт эхлэв.Лекцийн эхэнд герменевтикийн тухай товч тайлбарлалаа. Үүнд:
Грек хэлний герменевтик хэмээх нэр томьёо нь тайлбарлах, задлан тайлбарлах гэсэн утгатай. Герменевтик нь орчин цагийн философи дахь бие даасан урсгалуудын нэг бөгөөд текстийг тайлбарлах онол ч, практик ч юм.
Үндэслэгчдийн нэг В. Дильтейн тодорхойлолтоор бол “Утгыг танин мэдэх (барьж авах) үйл буюу ойлгохуйг гол зорилгоо болгогч “оюун санааны тухай шинжлэх ухаан”-ы арга зүй” юм.
Гермес (өөр нэр нь Меркурий) хэмээх Грекийн домог зүй дэх “Ойлголцын бурхан”-ы нэрээс үүссэн өгөөд тэрээр бурхад ба хүмүүс, хүмүүс ба хойд ертөнцийнхнийг хооронд нь ойлголцуулдаг, оюун ухаан, ов заль төгс, хурдан шаламгай байдлыг бэлгэдсэн бурхан юм. Мөн худалдаа наймаа, ашиг хонжооны зуучлагч болдог.
Ойлголцлын тухай асуудал бол зөвхөн бичиг үсэгтэй холбоотой бус, түүнээс өмнөх үед ч үйлчилж байсан зүйл. Ойлгохуйг танин мэдэхүйтэй дүйн ярьж болохгүй. Ойлгохуй бол танихаас маш гүнзгий, ухамсарлагдсан мэдлэг байдаг.
Герменевтикийг үндэслэгчид нь Ф. Шлейрмахер, В. Дильтей, залгамжлагчид нь Г. Гадамер, П. Рикёр нар болно.
Герменевтикийн төрөл хэлбэрүүд нь теологийн герменевтик, хэл зохиолын буюу филологийн герменевтик, хууль зүйн герменевтик, философийн герменевтик болно.
Философийн герменевтикийн үндсэн ойлголтуудад эх бичвэр, судалбар, ойлгохуй, герменевтикийн эргүүлэг, угтвар ойлгоц, герменевтикийн гурвалжин, бичвэрийн бүхэл ба хэсэг, таамаглал, дивинаци, утга тайлал зэрэг орно.
Герменевтикийн эргүүлэг бол хэсгээс бүхэл рүү, бүхлээс хэсэг рүү, ерөнхийгөөс тусгай руу, тусгайгаас ерөнхий рүү хандах эргүүлэгийг хэлнэ. Энэ эргүүлгээс гарахын тулд угтвар ойлгоцыг ашиглах хэрэгтэй болно. Угтвар ойлгоц таамаглалаар баталгаажих, эсвэл үгүйсгэгдэнэ. Ерөөс эцсийн утга тайлалд хүргэнэ.
Лекц-ярилцлагын дараагийн хэсэгт Ж. Отгонбаяр багш герменевтикийн эдгээр ойлголтуудыг их зохиолч Д. Нацагдоржийн нэгэн зохиолын хоёр хувилбар болох “ХАРАНХУЙ ХАД”, “МОРЬ ЭРЭХЭЭР ОДОВ” зохиолууд дээр ажиллаж, өөрийн тайлбарыг толилууллаа. Үүнд:
Д. Нацагдорж А. П. Чеховын зохиолуудаас орчуулж байсан зүйл байдаг. А. П. Чеховын “Адуун овогт” гэсэн зохиол бий. “Шувуун овогт” ч гэж орчуулсан нь бий. Мөн Э. Аллан По-гийн зохиолыг орчуулсан зэргийг ярих өгүүллэгүүдтэй хамаатуулан үзэх хэрэгтэй.
Харанхуй хад гэсэн нэрийн тухайд “хар” гэсэн үгээр байгаль, газар усны нэрийг монголчууд бараг нэрлэдэггүй. Тиймээс “Харанхуй хад” гэсэн нэрнээс таагүй зүйлийн тухай бичсэн байх нь гэсэн анхны таамаг төрж байна.
Зохиолын төгсгөлд “... цөм нэгэн зүүд ажгуу” гэж байгаа нь энэ бүгд ямар нэгэн зүүд боловч их муу ёр бэлгэтэй зүүд байх нь гэдгийг харуулна. Монголчуудын хэлдгээр “зүүд муудлаа” гэсэн үг.
Зуны шөнө... [зун болж байна]
Бямба гариг, Харанхуй хад, Ина гэснээс бямба гариг нь монголчуудын хувьд хамгийн муу гариг. [Муу хүний үхэл бямбад гэдэг дээ.]
...7 жилийн урьд... [Эл зохиолын 1930 онд бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн 1937 оныг зөгнөж, тэр оноос ярьж байна уу?]
бие өвдсөн, царай муу... [бие тааламжтай бус]
...Аль зүгт одохыг огтхон ч мэдэхгүй, ... морины хаашаа зүглэсэн чигт явах... [энд морины аясыг дагасан “Морь унасан толгойгүй хүн” явж байгаа мэт]
...Баруун урд зүг алхав. [Баруун урд зүг нь буруу хатавчны зүг буюу хүн гаргадаг зүг]
4 зүгт юу ч үгүй... тэртээд бараан үүл... [тааламжгүй]
Намрын салхи... [хаашаа явахаа мэдэхгүй явтал намар болчихсон]
Зүүдлэн давхиж... төөрөх нь ч юм уу [сураг ажгаар ч юм уу, таамгаар ч юм уу явсаар хаашаа яваагаа мэдэхээ байсан]
... үнэг буюу чоно [замд үнэг тааралдвал муу ёр бэлгэтэй]
...нохойны хойноос даган... [бүр морины аясаар бус нохой даган явах болсон. Уул нь монгол хүн нохойгоо дагуулан явдаг атал]
...хар овоохой... гадуур нь нэг ч мал байхгүй... [хэдий монголчууд хар бор гэрт амьдардаг байсан ч таагүй үнэлэмж, бас мал байхгүй нь “хоньгүй хот нэг харанхуй” гэдгийг санагдуулна]
Зүүн өмнөд хатавч... үстэй дээл... дун буурал толгой... [зүүн өмнөд хатавчинд монголчууд юугаа тавьдаг вэ?, энэ үйл явдал халуун зун намраар болоод байхад юун үстэй дээл вэ? Ийм ахуй монголчуудад байхгүй гэж С. Байгалсайхан бичсэн байдаг.]
Хоол нь ... гудамжны шалбааг мэт... халшгүй нэхүүн үнэртэй... [Энэ айл хоол өгсөн боловч тэр хоол нь бүр халшгүй муухай байна.]
... ойр хавийн газрыг мэднэ [гэрийн эзний үг горьдлого төрүүлнэ], гэвч тийм нэртэй газрыг [Харанхуй хад] сонссонгүй [горьдлого тасарна.]
...эмгэн хүн баруун хойноход мөргөнө... бурхан юм уу, онгонд даатгаж байна уу? ... энэ хооронд хар хүн их гайхсан [бурхан юм уу онгонд мөргөхөд гэрт цуг амьдардаг хар хүн юунд нь гайхав?]
...Чулуу нь унаад хоёр хэсэг хагарсан [Аяны хүнд юм хагарах муу гэдэг. Чулуу хоёр хуваагдсан нь хүний итгэл үнэмшил хагарсаныг хэлэв үү? Хувьсгалын замаар яваад эргээд харсан өв соёл нь гээгдэж байсныг дүрсэлсэн үү?]
Хир болсон нэгэн чулуу... харин онц нэгэн чулуу болохуйяа ... Бараан цохио хэмээх газарт байдаг ... чулууны гарсан зүгийг мөрдөн явав [эхлээд морины аясаар явж байгаад дараа нь нохойн аясаар даган яваад, одоо чулууны мөрөөр мөрдөх болсон, гэхдээ тэр чулууг аваад явахдаа өвөг дээдсийн юм гээд аваад явдаг, энэ юу гэсэн үг вэ?]
...хааяа нэг хар хэрээ үзэгдэхээс... [Боохойн өмнө хэрээ гэдгийг санагдуулна]
Энд тэнд чоно ульж... үс босон, сэтгэл догдлон ... зүрх зарайна [их хүнд байдалд орж байна]
...гагцхүү амиа хамгаалж явахыг... айж цочих нь нэн олширлоо... хад асга харанхуйлан, замаас нэгэнт төөрсөн... харанхуй хадны дунд хангинатал янцгаах дуу ясанд тулна [энэ хүн амьд явах уу, үгүй юу гэдэг асуудал бараг тулсан. Ухаан мэдээ алдаж, мэдрэл нь зайлсан, Эрээд байсан зүйл нь байхгүй, харин дотор нь өөрөө байсан юм шиг утга мэдэгдэж байна.]
Яруу найруулга... [энэ юуг хэлж байна вэ? Уг зохиол дахь гэрэл гэгээ бүхий зүйл нь яруу найруулга болно. Энэ нь хүмүүст түгээж болохуйц урлаг, театр, уран зохиол, яруу найргийг хэлж байна уу? З. Фройдынхоор энэ зохиолын эрос (гэгээлэг) тал нь яруу найруулга, зохиол нь өөрөө танатос уу?]
Харанхуй хадны дунд
Халшралтай бөгөөд аюултай... [Ямартай ч энэ газар хүн амьд явахад үнэхээрийн бэрх гэдгийг илтгэнэ.]
Энэхүү өгүүллэгийн төгсгөлд novella гэж бичсэн байдаг гэж судлаачид үздэг. Энэ нь миний бодлоор, энэ юуны тухай зохиол вэ гэж асуух тохиолдолд “уран сэтгэмжийн” гэж хэлэх хаалт болов уу гэж боддог.
Эндээс бас нэг зүйлийг ургуулан бодоход 1933 онд С. Буяннэмэх “Харанхуй засаг” гэдэг жүжиг бичсэн. Энэ нь тохиолдол уу, тэр үеийн цөөн сэхээтний бие биеэ мэдэрсэн давхцал уу гэдгийг бодууштай.
Лекцийн дараагийн хэсэгт оюутан залуус, их дээд сургуулийн багш нар Ж. Отгонбаяр багшийн тайлбараас сонирхсон зүйлээ лавшруулан асууж, өөрсдийн саналаа хэлж, сонирхолтой яриа өрнүүллээ.
АМТ-ийн урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц-ярилцлагыг хөтлөн явуулсан Ж. Отгонбаяр багшдаа гүн талархал илэрхийлье. Мөн лекцэнд суусан багш, оюутнуудад талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам