"Монгол дуу судлалын тойм судалгааны арга зүйн асуудалд" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлагын 2017 оны 3 дугаар сарын 15-ны дугаарт ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор А. АЛИМАА уригдан оролцож, “Монгол дууны судалгааны тойм, судалгааны арга зүйн асуудалд” сэдэвт лекц уншлаа. Лекц 19:00 цагт эхлэв.Лекцийн агуулгыг хүргэвэл,
• Аман зохиол гэж юу вэ? гэдэг талаар эхлээд товч яривал, үүнийг уран зохиолтой харьцуулан ойлговол дөхөм болно. Аман зохиол болоод уран зохиолын хамгийн том ялгаа бол аман зохиолыг зөвхөн үгийн урлаг гэж үзэхэд тохиромжгүй байгаа юм. Учир нь аман зохиол бол бүх ард түмний бүтээл бөгөөд хэн ч зохиогчийн эрх ярих ёсгүй. Мөн уран зохиолд зохиолчийн хувийн үзэл санаа шингэсэн байдаг бол аман зохиолын бүтээлүүд нь ард түмний хам үзэл санаа шингэсэн байдаг. Үүнийг нь нэгэн билиг авьяастан төлөөлж байх нь бий. Уран зохиолыг бол хувьхүн нийгэмд өөрийгөө илэрхийлэх гэх мэт олон шалтгаанаар бичдэг бол аман зохиол зохиогдох үндэс нь ерөөс ардын зан үйл дээр тулгуурлаж байдаг. Тухайлбал, хүүхдийг төрөхөд угаах, нэр өгөхөөс цаашлаад өөжинд оруулах, хөлд оруулах, тэгэхдээ малгай харвах, тушаа хайчлах зэргээр үргэлжилсээр хүний амьдралын бүхий л зан үйлийн явцад аман зохиол бий болсон байдаг.
• Монгол ардын дууг ерөнхийд нь уртын дуу, богинын дуу гэж ангилж болно. Эндээс монгол уртын дууны судалгааг дагнан зохиол бүтээл туурвисан эрдэмтдээс дурдвал, Г. Ринченсамбуу 1959 онд монгол ардын дууг ангилж, “Эмээлийн дуу /Элч нар үгээ дуу болгон дуулж явах/” гэдэг нэгэн ангилал нэмсэн байдаг.
• А. Позднеев 1880 онд “Монгол уртын дуу” бүтээлдээ буриад, халх, өөлд дуунуудыг багтаасан байдаг. А. Д. Руднеев мөн монгол уртын дуунуудын ая эгшгийг судалсан байдаг. Б. Я. Владимерцов Ойрад дууг нарийн судалж тэмдэглэсэн байдаг. Гэвч энэ бүтээл орчуулагдаагүй байна.
• Уртын дууны судалгааг харж байхад уртын дуу бол хүмүүсийн хийдэг зан үйл, тэр дундаа найр наадамтай маш их холбоотой. Гэтэл ордны найр, дуу хөгжмийг маш бага судалсан байна.
• Уртын дууг айзам уртын дуу, түгээмэл уртын дуу, бэсрэг уртын дуу, шаштир уртын дуу, гүр дуу гэж ангилж болно. Үүрэг, зориулалтаар нь бүр олон янзаар ангилна.
• Айзам уртын дуу нь хамгийн том, хамгийн хүндэтгэлтэй дуулдаг дуунууд юм. Дуулах хэмжээний хувьд 2 актав дуулдаг. Ийм 32 айзам дуу байдгаас 10 орчим нь л аятайгаа үлдсэн байна. Айзам уртын дуу нь буриадад ай-дон дуу, ойрадад айдам дуу, Өвөрмонголын Авга хошуунд цоорын дуу хэлбэрээр бас байна. Буриадын ай-дон дууг голцуу өвгөн настай хүмүүс домын шинжтэйгээр дуулдаг бол, Авга хошууны цоорын дууг 13 эрэгтэй хүн нийлж, нэг нь гоцлон түрж дуулдаг дуу байдаг.
• Түгээмэл уртын дуунууд бол хаана ч, хэн ч дуулж болдог, бидний сайн мэдэх дуунууд ихэвчлэн багтдаг.
• Бэсрэг уртын дуу бол дээрх хоёр төрлийн дундах хэлбэр буюу урт ч биш, богино ч биш дуунууд юм.
• Шаштир уртын дуу нь шашны дуу бөгөөд лам хуврагууд бурханы сургаалыг ардад ойлгуулахын тулд зохиосон, нөгөө талаас жирийн ард иргэд бурхан шүтээн, лам хуврагад шүтэн зориулж дуулсан хоёр агуулгатай байна.
• Гүр дуу бол бясалгалын дуу бөгөөд лам нар дуулдаг, хүний гаргаж чадах герц авианаас гаднах, хүний үл сонсдог тийм авиагаар дуулдаг гэж үздэг.
• Шаштир дуу нь дотроо шаштөр буюу төр шашнаа магтсан, шаштир буюу бичгийн хэлээр бичсэн дуу, магтаал дуу, залбирал дуу, дурадхал дуу гэсэн хэлбэртэй байна. Гэвч харамсалтай нь гүр дуу болоод шаштир дуунууд нь ихэвчлэн сүм хийдийн хүрээнд дуулагдаж байсан учраас улс төрийн үзэл суртлын улмаас дуулагдах орчин, нөхцөл нь үгүй болж, улмаар тухайн дуунууд нь мартагдаж, ая данг нь мэдэхгүй болсон байна.
• Амаар уламжилснаас гадна уртын дууны бичгээр уламжилсан судрууд байна. Эдгээр судар номыг ХЗХ-ийн ахмад эрдэмтэд хичээл зүтгэл гарган цуглуулж, 12 дэвтэр болсныг “Монгол дуу судлалын тойм” нэртэйгээр У. Загдсүрэн гуай 1975 онд хэвлүүлсэн авч, үзэл суртлын нөлөөнөөс болж, маш их хавчигдсан. Ийм төрлийн бичмэл судруудын нэг нь Говь-Алтай аймгаас олдсон “Дууны бэнзний судар” нэртэй судар бөгөөд эл сударт дуунуудыг айзам, түгээмэл зэргээр ялган тэмдэглэсэн тэмдэглэгээ хүртэл бий.
• Уртын дууны аялгууны хувьд хэд хэдэн том аялгуу бий. Халх аялгуу нь дотроо төв халх, говийн халх, баруун халх гэх мэт, мөн бараатын аялгуу гэж байна, энэ аялгуу нь бараг шуранхайлдаггүй, судар ном уншиж буй мэт байдаг. Боржгин аялгуу нь биеэ даасан аялгуу байсан боловч сүүлийн үед их нийлэг болж байна. Алшаад халх хүмүүс маш их байсан байсан учраас тэнд харин цэвэр байдлаар цөөн хүмүүс дуулж байна.
• Уртын дууны сүүлийн үед хийгдсэн гадаад дахь судалгааны хувьд, Английн судлаач Карол Пэгг-ийн “Mongolian Music, Dance and Oral Narrative” /2001/ ном, Оросын судлаач И. В. Кульганек “Мир Монгольской Народной Песни” /2001/ бүтээл, монголч эрдэмтэн Санмин Ёон-ы “Chansing the Singers: The Traditional of Long Song in Post-Socialist Mongolia” /2011/ гэсэн диссертаци зэрэг байна.
• Уртын дууны тархалтыг авч үзвэл, нийт үндэстний хэмжээний буюу Өвөрмонгол, Буриад, Монгол улсад аль алинд нь дуулагдаж буй 40 орчим дуу байна. Мужлал үүсгэсэн буюу тодорхой бүс нутгийн хэмжээнд дуулагдаж байгаа дуунууд бас байна. Зөвхөн орон нутгийн буюу ганцхан суманд л дуулагддаг дуунууд байна.
• Монгол улсын нутаг дэвсгэр дэх уртын дууны тархалтыг А бүс буюу Төв халх, зүүн нутгийн дууны, Б бүс буюу Ойрад дууны бүс хоёр том бүсэд хуваан авч үзэж болно. Энд нэг сонирхолтой зүйл нь Ойрад дууны бүс газар нутгийн хувьд бага харагдаж байгаа боловч дууны хувьд олон байдаг. Энд дуулагдаж байгаа дуунууд нь илүү эртний шинжээ хадгалсан байдаг, тухайлбал, өөлд дууг сайн сонсвол үнэхээр чонын улилт, гулсалт байдаг.
• Уртын дууны аман хувилбаруудыг жирийн хувилбар (үг нь ижил төрөл үгээр л солигддог, агуулга нь өөрчлөгдөөгүй дуунууд, аман хувилбарын 86%-ийг эзэлнэ), шинэ хувилбар (Агуулга нь эрс өөрчлөгдсөн хувилбар), бусцар хувилбар (жирийн хувилбар явсаар бүрэн бус болж, утга агуулга нь алдагдсан хувилбар), холимог хувилбар (Уртын дууны дотоод хувьслын явцад бий болж буй, хэд хэдэн дууны мөрүүд аль алиндаа орсон хувилбар) хэмээн ангилж болно.
• Бичмэл эхүүд нь дотроо үндсэн эх-хуулбар-дам хуулбар-хуулбарын хуулбар гэх мэт ялгаатай байдгийг харж болно.
• Ингээд уртын дууны өв санг аман ба бичгийн, мөн зохиогчтой уртын дуу эзэлж байгаа бөгөөд нарийн тооцоолвол, уртын дууны аман ба бичгийн 15000 хувилбар байна. Үүнээс давхардахгүй тоогоор 3050 уртын дуу байна. Монгол улсад бол 1511 уртын дууны үндсэн эх байна. Үлдсэн 1520 орчим нь Өвөрмонгол, Буриад, Халимагт байна. Эдгээр нийт дууны 78% нь мартагдаж, дуулагдахаа больсон байна.
• Цаашид уртын дууны судалгааг код болгон, зан үйлийн хүрээнд хэрэглээ, хэрэгцээг нь бүрдүүлэн судлах шаардлагатай. Үүнд маш олон кодууд багтах бөгөөд үг бүрийн илэрхийлэх утга буюу код, үйл явдлын код, баатрын код гэх мэтээр нарийвчлан судлах хэрэгтэй. Жишээ нь, уртын дуунд гарах адууны зүсмийг авч үзэхэд дийлэнх нь бараан зүсэм байдаг, энэ бол аж ахуйтай холбоотой. Гэтэл уртын дууг дийлэнх нь морины тухай юм уу гэж бодож байтал үгүй бөгөөд “ХҮН”-ий л тухай маш ихээр дуулдаг. Уртын дууны үгийг нэг бүрчлэн нарийвчлан судалж, цаадах соёл сэтгэлгээг гүн гүнзгий үзэх хэрэгтэй.
Лекцийн төгсгөл хэсэгт А. Алимаа доктор оюутан залуусын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариуллаа. АМТ-ийн урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, сонирхолтой лекц уншсан А. Алимаа доктортоо эрдэм бүтээлийн өндөр их амжилтыг хүсэн ерөөе. Мөн лекцэнд суусан оюутан залуустаа талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам