"Өнгөний нөлөө"
Энх цаг -2019 №9Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй «ЭНХ ЦАГ» чөлөөт ярилцлага 2019 оны 11 дүгээр сарын 15-ны Баасан гарагт болж, бид «Өнгөний нөлөө» сэдвээр ярилцлаа.
Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, ЭШАА С.Алтантуяа, МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 3-р түвшний оюутан Батчимэг, Дэнсмаа, МУБИС-ийн Бага ангийн багшийн 4-р түвшний оюутан Уянга нар оролцлоо.
Чөлөөт ярилцлага 16:10 минутад эхэлж, 17: 20 минутад өндөрлөв.
Бид «Өнгөний нөлөө» сэдвийн хүрээнд:
1. Ярилцлагын эхэнд өөр өөрсдийн дуртай, таалагддаг өнгөө танилцуулж, зохицол, бэлгэдэл, гадаад үзэмж байдлаас шалтгаалан тухайн өнгийг сонгодог тухайгаа ярилцлаа. Мөн одоогийн сэтгэл санааны байдлыг шалгах Люшерийн «Өнгөний тест»-ийг ажиллаж, саналаа хуваалцахад нийцэж буй байдал нь 90%-тай байв.
2. Солонгын долоон өнгийг зөв дарааллаар нь байрлуулах тоглоом тоглов. Бид мэддэг юм шиг хэрнээ солонгын долоон өнгөний дарааллыг тэр бүр мэддэггүй байна. Тухайлбал, Урд уулын бэлд Шагдар ноёны цэргүүд хатирч явна гэсэн өгүүлбэрийн үг бүрийн эхний үсэг өнгөний эхний үсэгтэй давхацна гэх мэт.
3. Халуун, хүйтэн, саармаг гэсэн өнгөний ангилал, орд тус бүрийн ивээлт өнгөтэй танилцав. Басхүү өнгөний бэлгэдэл болоод тухайн өнгө нь хүний ямар ямар зан араншинг илэрхийлдэг болохыг ярилцаж, өөр өөрсдийн санал бодлоо хуваалцахад ярилцагчдын зан араншинтай тохирох байдал нь харилцан адилгүй байлаа.
4. Мөн язгууртан, ихэс дээдсийн өнгө гэх «Нил ягаан өнгө»-ний тухай сонирхолтой мэдээлэл хүргэж, 1900 оноос өмнөх улс орнуудын төрийн далбаанд яагаад нил ягаан өнгө байдаггүй болохыг танин мэдлээ. Тухайлбал, Нэгдүгээр Хатан хаан Виктория “Зарлагын зохицуулалтын хууль”-д энгийн иргэдийг нил ягаан өнгийн хувцас хэрэглэхийг хориглож, зөвхөн хааны гэр бүлийнхэн өмсөж болно хэмээн тусгасан байна гэх мэт.
5. Энэхүү сэдвээр «өнгө» гэх ойлголтыг шинжлэх ухааны талаас нь бус түүний нөлөө буюу сэтгэл зүйд нөлөөлөх байдал, зохицол, утга, бэлгэдлийн талаас нь мэдээлэл бэлтгэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн ярилцлага боллоо.
Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.
Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг 2019.11.18