card

"Хүүхэд нас ба хүсэл мөрөөдөл"

Энх цаг -2019 №6

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2019 оны 5 дугаар сарын 10-ны Баасан гарагт болж, бид «Хүүхэд нас ба хүсэл мөрөөдөл» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, Гэгээнтэн Томас Аквина сүмийн нарийн бичиг Ч.Гансувд, МУИС-ийн МХУЗ-ын 4-р ангийн оюутан Д.Мөнхзаяа, Б.Шинэжил, Г.Хонгорзул,  МУБИС-ийн 2-р ангийн оюутан Б.Батчимэг, Х.Загарзүсэм нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:00 минутад эхэлж, 17:50 минутад өндөрлөв.

Бид «Хүүхэд нас ба хүсэл мөрөөдөл» сэдвийн хүрээнд:

  • Хүүхэд нас гэдэг хүн бүхний туулж өнгөрдөг, амьдралын хамгийн жаргалтай сайхан мөч, хэзээ ч мартагдашгүй ариун нандин, гэгээн тунгалаг үе билээ.
  • Хүн бүр өөрсдийн хүүхэд насанд тохиолдсон хөгжилтэй дурсамж, идэж өссөн амттан, тоглодог байсан тоглоомынхоо тухай ярилцахад нийгэм, цаг үе, өссөн ахуй орчноосоо хамаарч өөр байсан ч хүүхэд байхдаа хүсэж мөрөөддөг байсан зүйлс нь ижил байлаа. Угаас хүсэл мөрөөдлөөр жигүүр хийж, баяр баяслаар дүүрэн байдаг нас бол хүүхэд нас билээ.
  • Хүүхэд байхдаа бид хурдхан том болохыг хүсдэг ч том болсон хойноо «Хүүхэд насанд хүргэж өгдөг, галт тэрэг хэрвээ байдаг бол...» хэмээн  дуулцгааж, хамгийн нандин гэгээн тэр үеэ дурсан санагалздаг билээ. Дурсан санах бүр сэтгэл цэлмэж, нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодорсон байдаг шүү дээ. Тиймээс цаг зав гарган хүүхэд насныхаа тухай гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонтойгоо ярилцаж байгаарай.
  • Хүүхэд насанд хүссэн мөрөөдлүүд бага багаар биелсээр байдаг. Та нэг бодоод үзээрэй.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.                          

Мэдээ бичсэн: Эрдэнэхишиг          2019.05.14