"Өчигдрөөс үлдсэн зүйл"
Энх цаг -2018 №8Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2018 оны 11 дүгээр сарын 23-ны Баасан гарагт болж, бид «Өчигдрөөс үлдсэн зүйл» сэдвээр ярилцлаа.
Чөлөөт ярилцлагыг Оюутан судлаач Х.Гэндэнпил зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, АМТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Зулбаатар, АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг, Гэгээнтэн Томас Аквина сүмийн нарийн бичиг Ч.Гансувд, МУБИС-ийн Түүхийн багшийн 2-р ангийн оюутан О.Түвшинбаатар, МХУЗБ-ийн 2-р ангийн оюутан Анхгэрэл нар оролцлоо.
Чөлөөт ярилцлага 16:50 минутад эхэлж, 18:00 минутад өндөрлөв.
Бид “Өчигдрөөс үлдсэн зүйл” сэдвийн хүрээнд:
- Хичээл зүтгэл, үйлдлээрээ өөрийгөө бүтээдэг учраас цаг хугацааг ямагт үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээх хэрэгтэй.
- Гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг хугацааг хайрла.
- «Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй» гэдэг шиг хүн бүрийн амьдрал хийгээд үзэл бодол өөр, өөр учраас өөрийн бодлыг бусдад тулгахгүй, «миний зөв» гэж ярилгүй, бусдыг сонсож, ойлгохыг хичээх хэрэгтэй. Хамгийн том хүндлэл бол бусдыг сонсохын нэр.
- Хүн амьдрал дээр боловсрол бус хүмүүжлээрээ ялгардаг болохоор нийгмийн анхдагч орчин буюу гэр бүлийн суурь хүмүүжил хамгийн чухал. Гэхдээ таны хүүхэд том болоод хэн болох? гэхээсээ илүүтэй хэнтэй яаж? харьцах, биеэ хэрхэн? авч явах соёлыг гэр бүлээсээ олж авдаг. Хүүхэд тань тоглоомоо буруу, зөрүү хураасан нь чухал биш. Харин аливаа зүйлийг хураагаад, эмхлээд сурчихсан байна гэдэг л чухал. Тиймээс та завь хэрхэн залуурдахыг нь л зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд тань хаашаа явахаа өөрөө мэднэ.
- Өчигдрөөс үлдсэн зүйл гэдэг зөвхөн нэг өдрийн өмнөх үйл явдлыг санахын нэр биш. Харин чамайг өнөөдөрт ирэхэд нөлөөлсөн, өнгөрсөнд болсон, бүх үйл явдлаас ухаарал, туршлага, сургамж болон үлдсэн зүйлээ дурсахын нэр юм.
- Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.
Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг 2018.11.30