"Монголын соён гэгээрүүлэгч Зава Дамдин гавж" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлагын 2016 оны 12 дугаар сарын 7-ны дугаарт МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор С. Янжинсүрэн уригдан оролцож, “Монголын соён гэгээрүүлэгч Зава Дамди гавж”-ийн тухай лекц уншлаа. Лекц 19:00 цагт эхлэв.Лекцийн гол агуулгаас хүргэвэл,
- Зава Дамдин гавж бол 1867-1937 онд XIX, XX гээд 2 зуун дамнан амьдарсан, Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг, монголын түүхийг бичсэн нэрт соён гэгээрүүлэгч хүн юм.
- Зава Дамдин гавжийн сангийн нэр буюу эцэг эхээс өгсөннэр нь Дамдин, сахилын нэр нь Лувсандаян юм. Харин ард олны зүгээс өгсөн алдар нь Зава юм. ‘Зава’ гэдэг нь ‘эш үндэс’ гэсэн төвд үг бөгөөд чойр (номын хүрээ)-ын үндсэн 5 судар ном болох зава зохиолуудыг цээжээр мэддэг, хэлцэлд орохдоо тэр зохиолуудаас хуудас хуудсаар нь эшилж ярьдаг байснаас ийм алдартай болжээ.
- Тэрээр XV жарны улаагчин туулай жил (1867) онд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Цагаан хад хэмээх газар Шагдарын 4 дүгээр хүү болон мэндэлжээ. 4 наснаасаа нагац ах Жамбад шавь орж, дараа нь Ачит ловон хэмээн алдаршсан Балдансанжаажавт шавь орсон байна. Багш Лувсанбалдансанжаажав нь Төвдийн Брайвүн хийдэд равжамба мяндагтай болсон эрдэмт лам байжээ. Дамдин гавж багадаа байнга лам болж тоглодог, тоглохдоо хорсондож (зүүн хөлөө урагш жийн, баруун хөлөө нугалан, зүүн гарын алгаа урагш дэлгэн баруун гарын алгаар цохин авах дохио зангаа бөгөөд зүүн хөлөөр доод тамд байгаа амьтдыг муу төрлөөс ангижруулж, дээш татах утга бэлгэдэлтэй), хийс хийс хэмээн дуугарч тоглодог байсан гэдэг.
- 1905 онд XIII Далай лам хүрээнд ирж, түүнийг ирэх үеэр гавжийн дамжаа бариулах том ёслолыг зориудаар зохион байгуулахад Зава Дамдин гавжийн дамжаа барьсан. Чойрын сайчуудыг цуглуулж, ном хаялцуулсан энэ ёслолд Зава Дамдин болон Анги Шагдар нар эрдэм чадлаараа илт тэргүүлж байсан гэдэг. Анги Шагдарын ном хаялцаж буй бичлэгийг XIII Далай лам бичээд, Төвдөд очоод лам нартаа үзүүлсэн, ингээд Төвд лам нар Монголд ирээд Анги Шагдарыг араас нь хараад, дуугаар нь таньж байсан гэж ярьдаг. Энэ бол түүний бичлэгийг маш олон удаа гайхан сонссоны илрэл юм.
- Гавжийн дамжаа барьснаас нь эхлээд Дамдинг Зава гавж хэмээн дуудах болсон. Гавжийн дамжаа барих үедээ тэрээр “Дагриг” буюу нотлохуйн ухааны бүтээлүүдээ бичиж эхэлсэн байсан. Зава Дамдин гавж, Анги Шагдар нар найз нөхдийн сайхан харилцаатай хүмүүс байсан тухай түүх домог бий. Тухайлбал, Зава гавж нэгэн удаа зүүдлээд, түүнээ ярьсан нь, Би Шагдарыг харсан чинь тэр диваажинд очсон байна, тэгээд надад хэлж байна, - Дамдин, Энд нэг хүн багтчихаар жаахан зай байна, чи хүрээд ир гээд дуудаад байна хэмээн ярьж байсан гэдэг. Тэгээд төд удалгүй Зава гавж нирваан дүрийг үзүүлсэн гэдэг.
- Зава Дамдин гавжийн нэр олон янзаар алдаршсан байдаг. Жишээ нь, Лувсандаян хэмээх сахилын нэрийнх нь санскрит орчуулга болох “Судхи-Ашвагхоша” хэмээх нэр байдаг. Энэ бол бурхан багшийн бүтээлээ номлосон Энэтхэг хэл соёлыг хүндэтгэсэн, нөгөө талаар энэ үеийн эрдэмт лам нар санскритээр нэр усаа тэмдэглэх нь чамирхал байлаа.
- Зава Дамдин гавж Дундговь аймагтаа Дэлгэр цогтын хийдийг байгуулсан. Дэлгэрийн чойрын хийд гэж алдаршсан. Энэ хийд томоохон номын сантай байсан. Гавж бээр өөрөө “Дэлгэр цогтын номын сангийн жаяг” гэдгийг зохион, номын сандаа мөрдөж байсан гэдэг. Тухайлбал, Ганжуур, Данжуурыг авч уншихдаа хадагтай айлтгаж, зарим тохиолдолд барьцаа тавьж ч авдаг байсан гэдэг.
- Зава Дамдин гавжийн судалгааны тоймыг миний хувьд 1931 онд түүний гарын шавь Балдансамбуу дооромбын “Үйлийн наранг удирдагч үүрийн гэгээ” хэмээх багшийнхаа сүнбүмийн гарчгийг хийснээр эхэлсэн гэж үздэг. Энд 6 боть, 189 зохиолын гарчгийг бичсэн байдаг. Гэтэл одоогийн байдлаар Зава Дамдин гавжийн 17 боть, 300 гаруй зохиол бүртгэгдээд байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, тэрээр амьдралынхаа сүүлийн 6 жилд буюу 1931-1937 онд бүх зохиолынхоо талаас илүүг бүтээн туурвисан байна гэсэн үг юм. Энд бас нэгэн зүйлийг дурдахад, Зава гавжийн бичээч нь дооромбо мяндагтай (гавжтай тэнцэх эрдмийн цол зэрэг, ялгаа нь хийд, дацандаа гавжийн дамжаа барьсан, нийтэд илт зарлаагүйг хэлдэг) хүн байсан гэдэг бол тун ховор тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, түүний гүн ухааны бүтээлүүдиийг сонсоод бичих, бичихдээ утгыг ухан бичих тийм эрдэм чадал бүхий хүн л түүний бичээч байж тэнцэх тул дооромбо хүн байхаас ч аргагүй юм.
- Дараагаар түүний судалгааны тоймд 1961 онд Энэтхэгт “Šata- pitaka Series”цувралаар Дамдин гавжийн зохиолуудын гарчиг, намтрыг хэвлэсэн байдаг. Энд сонирхуулахад, Өргөө Ганжуурыг эндээс мөн 108 ботиор хэвлэсэн.
- Нэрт монголч эрдэмтэн Ш. Бира 1964 онд “Шагдарын Дамдины Алтан дэвтэр-ийн тухай” гэдэг зохиол бичсэн. Үүний сэдлийг тэрээр Москвад очоод, нэрт монголч эрдэмтэн Н. Ю. Рерихтэй уулзсанаар олсон гэдэг. Мөн Зава Дамдин гавжийн олон нэрээс Шагдарын Дамдин хэмээн эцгийнх нь нэрээр зохиол туурвисан цор ганц хүн бол Ш. Бира гуай юм.
- Зава Дамдин гавжийн зохиол бүтээл бидний үед ирэхэд хамгийн их буян хийсэн хүмүүс бол түүний дотны шавь нар болох Уран Гэмбил, Явган Чой, Мятав, Жамба (Жомбо) нарын хүмүүс юм. Тухайлбал шавь Явга Чой (явган явдаг, явахдаа маш хурдан явдаг хүн байсан) нь Хөвсгөл аймгийн Бөхөсийн хийдээс тэнд барлуулсан алдарт Хорчойнжүнг Дэлгэрцогтын хийдэд авчирсан гэдэг. Гэхдээ ганц нэг барын модыг гол гатлахдаа усанд унагаасан байдаг. Явган Чой гуай мөнгөн бүрээс бүхий яйчил (нар зөв эргэсэн цагаан дунг ингэж нэрлэнэ)-ыг Гүрү Дива Ринбүчи-д барьж, түүний ивээлээр багшийнхаа 12 боть сүнбүмийг 1975 онд хэвлүүлсэн байдаг.
- Гавж Ш. Сонинбаяр багштайгаа хамтран миний бие 1995 онд Дамдин гавжийн намтрыг бүрэн эхээр орчуулж, “Ил товчоо” сонинд хэвлүүлсэн. Мөн багш маань “Галбилгаан яруу дуун” нэртэйгээр Зава Дамдин гавжийн 8 захидлыг орчуулан хэвлүүлсэн байдаг. Энд Буриадын Агваан дорж, Тубянский, Щербатский нарын хүмүүст бичсэн сонирхолтой захидлуудын орчуулга бий.
- Мөн Ёндонжамц хэмээх нэгэн хүн 1995 онд Францад хэвлүүлсэн 2 боть бүтээлдээ түүний алдарт “Хорчойнжүн Зава (Энэ нь Хорчойнжүнг бичих түүний төлөвлөгөө буюу хураангуй юм)” болон “Хорчойнжүн”-гийн эхний 8 хуудсыг хэвлүүлсэн байдаг.
- Миний хувьд, 2002 онд “Зава Дамдин гавжийн зарим шаштир дахь гүн ухааны үзлээс” гэсэн нэгэн сэдэвт ажил бичиж хамгаалсан. Нэгдүгээр бүлэгтээ, Зава Дамдин гавжийн намтар, хоёрдугаар бүлэгтээ түүний бүтээлүүд дэх буддын дотоод ухааны асуудлууд, гуравдугаар бүлэгтээ, “Нягтад тээрэмдэгчийн тайлбарын гүн ухаан-эх бичгийн судалгаа” гэсэн бүтэцтэй, мөн хавсралт хэсэгт түүний бүтээлийн гарчиг, ангилалтай, мөн зарим шаштирын орчуулыг багтаасан юм.
- МЭ I зуунд философич Нагаржунайн бичсэн “Нягтад тээрэмдэгчийн тайлбар” хэмээх зохиолын тайлбарыг Зава Дамдин гавж хийсэн бөгөөд буддын философийн 16 ойлголтыг баталж гаргасан байдаг.
- Мөн Гунгаачойлин хийдийн лам А. Мөнхсайхан орчуулгын бүтээлдээ “Сайвар ажирсан долоогийн ерөөл болон алдрыг өгүүлэхүйн ач тусыг мэдэхэд хялбар увдисласан “Тэнгэрийн хэнгэргийн эгшиг” хэмээгдэх оршвой” хэмээх бүтээлийн Зава Дамдин гавжийн тайлбарыг орчуулсан байдаг.
- 1959 онд болсон Монголч эрдэмтдийн анхдугаар их хуралд Гандантэгчинлэн хийдийн их хамба Самаагийн Гомбожав гуай илтгэл тавихдаа Зава Дамдин гавжийн бүтээлийн сүнбүмийг МҮНС-д тулгуурлан 11 боть сүнбүмтэй хэмээн хэлсэн байдаг. Одоо бол МҮНС-д 12 боть байгаа. Тэгэхлээр 1 боть нь С. Гомбожав их хамбаас хойш олдсон гэж ойлгож байгаа.
- 2014 онд Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацангийн шүнлайв, гавж С. Гантөмөр Хорчойнжүнг кирил бичгээр орчуулан хэвлүүлсэн.
- Зава Дамдин гавж дуун ухаан буюу хэлний шинжлэлийн бүтээлүүд туурвиж байсан. Түүнийг хэлний шинжлэлийг сонирхоход Дандар аграмба ихээхэн нөлөөлсөн байдаг.
- Зава Дамдин гавж дүрэм журмыг хатуу сахиулдаг, шавь нартаа өндөр шаардлага тавьдаг хүн байсан тул өөрийн байгуулсан Дэлгэрцогтын хийдийн жаягийг маш дэлгэрэнгүй зохион, мөрдүүлдэг байжээ.
Лекцийн дараагийн хэсэгт С. Янжинсүрэн багшаас оюутнууд сонирхсон асуултаа асууж, дэлгэрэнгүй хариулт авч байлаа. Лекц 22:00 цагт өндөрлөв.
Лекцийн урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан С. Янжинсүрэн багшдаа гүн талархал илэрхийлж, эрдмийн ажилд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн хүрэлцэн ирсэн оюутан залуустаа талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам