card

"Бурханлаг эволюцийн тухай судалгаа"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2016-2017 оны хичээлийн жилийн 3 дахь лекц 2016 оны 11 дүгээр сарын 9-нд АМТ-д боллоо. Энэ удаагийн лекцийн зочноор теологич, католик санваартан ИОСЕФ Б. ЭНХ уригдан оролцож, “БУРХАНЛАГ ЭВОЛЮЦИЙН ТУХАЙ СУДАЛГАА” сэдвээр лекц уншлаа. Лекц 18:40 цагт эхлэв.
Тэрээр лекцийнхээ эхний хэсэгт шашин ба шинжлэх ухаан хоорондын харилцаа холбоо, түүхийн тухай, хоёрдугаар хэсэгт эл хоёроос үүдсэн бүтээл ба эволюцийн харилцааны тухай, гуравдугаар хэсэгт энэ хоёр ойлголтыг нэгтгэсэн “бурханлаг эволюц”-ийн тухай нарийвчлан ярьсан юм. Үүнээс заримыг дурдвал,
 Шашин ба шинжлэх ухааны холбооны тухайд үнэн ба бодит байдлыг харах нэг юмны хоёр тал гэж авч үзвэл илүүтэй тохирох юм. Ватиканы 1 дүгээр хурлаас гарсан “Үнэн үнэнтэй зөрчилддөггүй” гэсэн үг бий. Энэ бол шинжлэх ухааны арга замаар ч, шашны арга замаар ч судалсан хэрвээ үнэн зүйл бол адилхан л хариултыг өгнө гэсэн үг.
 Шинжлэх ухаан ба шашны хоорондын холбоо хамаарал, түүнийг янз бүрээр үзэж ирсэн түүхийг судалдаг эрдэмтэд олон. Тэдний нэлээд нь шинжлэх ухааны хүмүүс мөртөө ямар нэгэн шашинтай хүмүүс байсан. Тухайлбал, Францис С. Коллинс (Francis S. Collins) гэдэг биологич хүний генийн дарааллыг судалсан байдаг. Гэвч тэр тухайгаа “Бурханы хэл /The Language of God/” гэдэг ном болгон бичсэн түүх бий.
 Тэдгээр эрдэмтэд дотроос Иан Барбор (Ian Barbour) хэмээх эрдэмтэн шинжлэх ухаан ба шашны харилцааг 4 ангилсан байдаг.
1. Conflict thеory (Зөрчилдөөний онол)- Шашин ба шинжлэх ухааныг нэгтгэх боломжгүй, тэс өөр хоёр зүйл гэж үздэг онол. Энэ онолыг шинжлэх ухааны материалистууд болон шашны фундаментал үзэлтнүүд бий болгодог. Эхнийх нь зөвхөн шинжлэх ухааны аргаар л мэдээллийг олж авах ёстой гэдэг, нөгөөх нь шашны судруудыг баримталж одоогийн шинжлэх ухааны түвшинд тайлбарлах гэж оролддог хүмүүс юм.
2. Independence (Тусгаарлалт)- Энэ хоёрыг хооронд нь холбох шаардлага ер нь байхгүй хэмээгээд тус тусад нь авч үзэх болсон байна. Үүнийг “Two language theory” буюу хоёр хэлний онолоор тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, шашин, шинжлэх ухаан гэсэн шал өөр хоёр хэлийг хүн төрөлхтөн бий болгосон, энэ хоёр нь хоёр өөр түвшний, хоёр өөр асуултад хариулдаг зүйл гэж ойлгох болсон.
3. Dialogue (Харилцаа тогтоох)- Шашин ба шинжлэх ухааны чиглэлүүд ямар нэгэн зүйл дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэх болсон.
4. Integration (Нэгдэл)- Шашин ба шинжлэх ухаан нь нэг байх боломжтой. Энэ нь үнэнийг хоёр талаас нь харах хэрэгслүүд юм гэж үзэх болсон.
 Шашин ба шинжлэх ухаан харилцааны түүхийг товчлон авч үзвэл,
1. Библи ба Байгаль- Дэлхий ертөнц дээр ийм 2 ном байсан гэж үздэг. Энэ үед байгаль судлал нь теологийн философи дотор багтаж байсан.
2. Коперникус, Галилео нарын үе- Дэлхий төвтэйгээс нар төвтэй рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл, Библи дээр олон гаригууд, тухайлбал нар дэлхийг тойрон эргэдэг шигээр бичсэн байдгийг өөрчлөн хэлсэн юм.
3. Ньютоны үе- Энэ үед шинэ сансар судлал хөгжиж, бүх ертөнцийн таталцлын хууль ба динамикийн 3 хууль гарсан. Ньютоны онол бас 3 асуудлыг гаргаж ирсэн. Нэгдүгээрт, Бүх юм байгалийн хуулийн дагуу хөдөлдөг гэсэн саналыг атейстууд энэ үед гарч ирж бий болгосон. Хоёрдугаарт, Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн боловч хүн төрөлхтөнд ерөөсөө хамаагүй байдаг. Гуравдугаарт, Маш нарийн тогтолцоог байгаль өөрөө бий болгох чадалтай юу? гэдэг асуулт гарч ирсэн. Эндээс “бурханлаг эволюц”-ийн тухай санаа урган гарна.
4. Дарвины үе- Эволюци (Зүйлийн үүсэл) 1859 он
 Шашин ба шинжлэх ухаанаас урган гарсан Бүтээл ба Эволюцийн тухай асуудал нэн сонирхолтой. Яагаад гэвэл Бурхан 6 өдөрт бүхнийг бүтээсэн байхад эволюцээр бол хэдэн тэрбум жил хувьссаар бүтсэн гэж үзэж байгаа юм.
 Ч. Дарвин finches гэдэг шувууг ажиглахад гаднах төрх нь адилхан боловч хушуу нь өөр өөр байснаас амьдрах орчин нөхцөлдөө зохицохын тулд зүйлүүд өөрчлөгдөж, зарим нь бүр устаж байдаг гэдгийг “Зүйлийн үүсэл”-ээрээ гаргаж ирсэн.
 Дараа нь 1871 онд “Хүний үүсэл”-ээ бичсэн. Хүн ч гэсэн эволюцийн бүтээгдэхүүн гэж хэлэхэд маш олон шашнаас эсэргүүцсэн. Яагаад гэвэл, хүн бол Бурханы эрхэм дээд бүтээл гэж үзэж байхад мичнээс эхлээд эволюцийн хүчинд хүн үүссэн гэхэд дэндүү итгэмээргүй байсан байна. Ч. Дарвины онолын хамгийн их маргаан дагуулсан нэг зүйл нь “Зүйлийн олшрол” байсан.
 Дарвины эволюцийн тухай сургаалаас үлдсэн асуудлууд нь, Эхлэл номтой зөрөх, хүн хэмээх дээд бүтээлийн үнэ цэнийг бууруулах, бүх шашинд байдаг дэлхий ертөнц, хүнийг бүтээсэн зорилгын эсрэг зорилгогүй байдлаар бий болсон мэт харагдуулах гээд олон зүйлийг шашныхувьд гаргаж ирсэн.
 Энэ олон зөрчил маргаанаас Дарвины онолын тухай бүх үзэл бодлыг хураангуйлж авч үзвэл 4 хэсэг болгож болмоор байна.
1. Creation Science- Бүтээлийн шинжлэх ухаан. Үнэхээр бүтээл байсан юм уу гэдгийг археологичид, генетикчид, астрономичид судалсаар ирсэн. Бүр Америкт биологийн хичээлд Бүтээлийн тухай оруулах ёстой гэсэн маш том маргаан ч гарч байсан.
2. Intelligent Design- Оюунлаг загвар. Энэ нь Ньютоны 3 дахь хандлагын үргэлжлэл юм. Дэлхий ертөнцийг бүтээсэн оюунлаг дизайнер байна гэсэн үг. Тухайлбал, BigBang-ны болох хурд нь 1км/цаг-аар богино ч юм уу, урт ч юм уу болсон бол өнөөгийн дэлхий ертөнц бүтэж чадахгүй байсан гэж үздэг. Тэгэхээр тэр мэт тохиргоог хийх ямар нэгэн оюунлаг дизайнер байсан байна гэж үзэх үзэл юм. Мөн хүний нүдний бүтцийг шинжлэх ухаанаар бүрэн тайлж чадаагүй байх үед ийм хэцүү, нарийн бүтэцтэй зүйлийг хэн бүтээж чадах вэ? гэхээр Бурхан л чадна гэж үздэг байсан. Гэтэл шинжлэх ухаан хөгжөөд нүдний бүтцийг гаргаад ирэнгүүт Бурхан биш болсон. Үүнийг “Завсрын бурхан” гэдэг.
3. Theistic Evolutionism- Бурханлаг эволюци- Бүтээлийг 6 өдрийн доторх процесс гэж үзэж байхад эволюцийн үр дүнд хэдэн тэрбум жилд үүссэн гэж үздэг. Гэтэл бурханы 6 өдрийн хугацааг бас мэдэхгүй учир бүтээл ба эволюцийг нэгтгэх хандлага.
4. Materialistic or Atheistic Evolutionism- Материаллаг ба бурханлаг бус эволюци- Энд шинжлэх ухаанаас гаднах бүх мэдээллийг үгүйсгэдэг. Бурхан гэдэг зүйл байдаг уу, үгүй юу гэдгийг лаборатори-д шинжилж чадаагүй хэрнээ байхгүй гэж үздэг гэсэн үг.
 Бурханлаг эволюци хэмээх нэр томьёог олон янзаар хэрэглэдэг. Үүнд, Theistic Evolutionism, Theistic Evolutionism, Evolutionary Creationism, Creative evolution, The fully gifted creation, Biologos гэсэн нэр томьёонууд байдаг. Тухайлбал, Theistic Evolutionism гэвэл эволюцид илүү төвлөрсөн гэж хардаг. Evolutionary Theism гэвэл бүтээлд илүү төвлөрсөн гэдэг ч юм уу янз бүр байна.
 Фалесаас эхлээд бүх л философичид анх юу байсан бэ? Юунаас үүссэн бэ ? гэдэг эхлэл буюу Архэ-г хайсан.
 Тэнгэр бурханы бүтээл болох “ХҮН”-ийг Анхны бүтээл (Creatio Prima), Үргэлжлэх бүтээл (Creatio Continua), Төгсгөлийн буюу шинэ бүтээл (Creatio Nova/Finalis) хэмээн бурханлаг эволюцэд хувааж үздэг. Анхны бүтээлийн тухай ер нь шашны хүмүүс л ярьдаг. Харин үргэлжлэх бүтээлийн тухай эволюцид авч үздэг.
 Францын археологич, теологич Т. Де Шарден бол эволюц гэдэг байдаг гэдгийг баталсан лам хүн. Тэрээр байгалийн хувьсал, өөрчлөлтийг судлаад эмх замбараагүй зүйл биш гэдгийг олж харсан.
 Эволюцийг гадагш, дотогш чиглэлтэй гэж 2 хуваасан. Мөн эволюцийн том оргил бол бодож байгаагаа бодох чадвартай хувьсал буюу оюунлаг байдал юм гэж үзсэн байдаг.
 Ургамал оршихутай- Амьтан мэдрэмжтэй- Хүн оюунлаг байдалтай буюу бүгдийнх нь нийлбэр байдаг. Амьгүй-амьтай-соmplex-оюунлаг гэсэн эволюцийн чиглэл ч оюунлаг түвшинд хүрээд байгаа билээ.
 Хүн мичнээс үүссэн юм бол одоо яагаад тэгэхгүй байгаа юм бэ гэдэг нийтлэг асуултыг хариултыг Нийгэм буюу оюуны нэгдмэл байдлаас болсон, энэ нь мөн эволюцийн дараагийн том оргил гэж үзсэн байдаг. Энэ нэгдмэл байдлын хүрээнд хүн төрөлхтөнд хэл, ёс суртахуун, зан заншил гэх мэт үнэт зүйлс бий болжээ.
 Өөрийн бүтээсэн “Бүтээл”-ийн цаашдын байгалийн хуульд Бурхан оролцох шаардлагагүй буюу “Бүтээл”-ийнхээ дотор үргэлж байсаар байдаг гэж үздэг. Тиймээс эхний “Альфа цэг”-ээс эхлэн явсаар Төгсгөлийн “Омега цэг”-т хүрэхэд бурхантай нэгдэнэ гэсэн санаа юм.
 Энэ бүх эволюцийн төгсгөлд хамгийн дээд оюунлаг байдалд хүрэх ба үүнийг “Омега цэг” гэж нэрлэсэн байна. “Омега” бол Грек хэлний цагаан толгойн хамгийн сүүлийн үсэг бөгөөд “Deificatio” буюу “Бурхантай нэг болох” бол эволюцийн эцсийн зогсоол гэж үзсэн юм.
АМТ-ийн урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан Иосеф Б. Энх болон лекцэнд маш идэвхтэй байдлаар оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам