"Манжийн үеийн монголын засаг захиргаа, нийгмийн байгуулал" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц ярилцлагын 2016-2017 оны хичээлийн жилийн анхны дугаарт МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор О. Оюунжаргал уригдан, “Манжийн үеийн Монголын засаг захиргаа, нийгмийн байгуулал” сэдэвт лекц уншлаа. Лекц 2016 оны 10 дугаар сарын 12-ны 18.30-21.00 цагт АМТ-д боллоо.
Лекцийн эхний хэсэгт Манжийн үеийн түүхийг судалхад нэн чухал баримт материалууд хаана, ямар архив, сан хөмрөгт хадгалагдаж байдаг тухай ярилаа.
О. Оюунжаргал багш 2003, 2006 онуудад Япон улсын Тохокү Их Сургуульд магистр болон докторын зэрэг хамгаалсан бөгөөд Манж Чин улсын төрөөс Монголчуудыг захирсан бодлогыг Ойрадуудын хүрээнд судалжээ. Ингэхдээ судалгааны ажлынхаа нэгдүгээр бүлэгт Энх Амгалан ба Найралт Төв хааны Ойрадуудын талаар явуулсан бодлого, хоёрдугаар бүлэгт Зүүнгарын мөхөл ба Ойрадуудын нүүдэл, гуравдугаар бүлэгт Ховдын хязгаар байгуулагдсан тухай тус тус авч үзсэн байна.
Судалгааны сурвалжийн хувьд албан бичиг буюу архивын материал, Манж Чин улсын Засгийн Газраас хэвлүүлсэн сурвалжууд болон бусад сурвалжийг ашигласан бөгөөд Манжийн үеийн Монголын түүхийн хамгийн гол албан сурвалжууд БНХАУ-ын Түүхийн I архив, МУ-ын Үндэсний Төв Архивт хадгалагдаж байдаг.
Харин ЗГ-аас хэвлүүлсэн томоохон баримтын хувьд Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг (шатаагдсан бөгөөд 23 боть болгон хэвлэсэн боловч хэсэг бусаг байдаг), Зарлигаар тогтоосон Зүүнгарын бодлогын, Зарлигаар тогтоосон Гадаад монгол хотон ван гүнгийн илтгэл шастир зэрэг байдаг. Мөн Манж Чин улсын цэрэг, улс төрийг эрхлэх төв байгууллага болох Цэргийн тухайн газрын хөмрөгт 825358 хадгаламжийн нэгж байх ба үүнийг уншиж судалхад 1000 манж хэлтэй хүний 100 жил хийх ажил хэмээн хэлдэг.
Хятадын түүхчдийн нэг сайн тал нь өмнөх үеийн түүхээ устгалгүй, нэмэн дэлгэрүүлж бичээд явдагт байдаг. Тийм учраас архивын сан хөмрөгт буй албан түүхийн материал нь арвин байдаг. Бас нөгөө талаар албан түүхийн дутагдалтай тал бол хааны талыг барьж эерүүлэх, буруу зүйлсийг хассан байх явдал бөгөөд хөндлөнгийн байр сууринаас хүмүүс яаж хандаж байсан бэ гэдэг зүйл дутагддаг.
МУ-ын Үндэсний Төв Архивт байгаа Манжийн үеийн сан хөмрөг нь 1674-1911 оны хоорондох 127296 хадгаламжийн нэгжтэй бөгөөд нийт баримтын 80% нь XIX зууны Халхын зүүн хоёр аймаг болох Сэцэн хан аймаг, Түшээт хан аймгийн мэдээ байдаг, Засагт хан аймаг, Сайн ноён хан аймгийн тухай маш ховор байдаг. Тийм ч учраас өмнөх түүхчид Халхын түүхийн тухай маш их бичсэн, харин Зүүнгарын түүх орхигдсон байдаг.
Ингээд “Манж Чин улсаас Монголчуудыг захирсан бодлого”-ын судалгаанд 60%-ийг БНХАУ-ын Түүхийн I архивын баримт, 30%-ийг Хятад хэлээрх сурвалж, 10%-ийг ҮТА-ийн баримтуудаас ашигласан байна.
Лекцийн хоёрдугаар хэсэгт тэрээр Манжийн үеийн Монголын засаг захиргааны зохион байгуулалт (хошуу, сум, хамжлага, тосгон), тэдгээрийн өөрчлөлт, Ойрадуудын нүүдэл, доторх угсаатны бүлгүүдийн газар нутаг, зохион байгуулагдсан түүх зэргийг олон жишээ баримттайгаар дэлгэрэнгүй ярилаа.
Лекцийн төгсгөлд оюутан залуус О. Оюунжаргал багшаас, “Манж нарт эргэн сэргэж, тусгаарлах боломж бий юу?”, “Өвөр Монголд хошууны дүрэм байтал Ар Монголд яагаад байдаггүй вэ?”, “Солон нарын тухай”, “Манж нар Зүүнгарыг эзэлснийхээ дараагаар Монголд явуулах бодлогоо чангатгасан уу?” зэрэг асуултыг асууж, дэлгэрэнгүй хариулт авлаа.
Тус лекцийн урилгыг хүлээн авч, сонирхолтой лекц уншсан О. Оюунжаргал багшдаа гүн талархал илэрхийлж, ажлын арвин амжилт хүсэн ерөөе. Мөн лекцэнд сууж, идэвхтэй оролцсон оюутан залуустаа АМТ-ийн зүгээс талархал илэрхийлье.
Мэдээ гаргасан. М. Пагмадулам