card

"Судлаач болох замд"

“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 5 жилийн ойн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 1-ний бямба гаригт “Судлаач болох замд” багш, оюутнуудын нээлттэй хэлэлцүүлгийг АМТ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт АМТ-ийн Ерөнхий захирал Фр.Филип Борла, Гүйцэтгэх захирал, др. Г. Цэцэгдарь, профессор Г. Гантогтох, профессор С. Хөвсгөл, МУБИС-ийн багш, др. Р. Сарангэрэл, П. Эрдэнэтуяа, МУИС-ийн багш др. О. Оюунжаргал, багш С. Дэмбэрэл, “Оюуны хэлхээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Буриадын Их Сургуулийн багш, др. Жаргал Бадагаров, монголын анхны католик санваартан Фр. Б. Энх нар болон үе үеийн судлаач оюутнууд оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд АМТ-ийн Гүйцэтгэх захирал, др. Г. Цэцэгдарь “Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааг хөгжүүлэх санал” гэсэн илтгэл тавьж, Төвийн судалгааны тэргүүлэх чиглэл, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, тэтгэлэгт хөтөлбөрийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилаа. Илтгэлтэй холбогдуулж, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С. Дэмбэрэл “Олон улсын Think Tank судалгаагаар монгол дахь сүм хийдийн байдал, харилцааны тухай судалгаа хийж байгаа, энэ судалгаанд танай төвийнхөн оролцох боломж байгаа юу, мөн энэ хөтөлбөрөөс төгсөн гарсан магистр, докторын түвшний оюутнууддаа зориулсан өөр хөтөлбөр зохион байгуулах боломжтой юу?” гэсэн асуулт, МУБИС-ийн профессор С. Хөвсгөл “Оюутны тоог нэмэх талаар боломж бий юу?” гэсэн асуулт, ӨМИС-ийн антропологийн магистрант Г. Зулбаатар “Хээрийн шинжилгээний ангитай болно гэсэн ажлаа хэзээ эхлүүлэх вэ?” гэсэн асуулт, судлаач оюутан А. Цэнд-Аюуш “АМТ судалгаанд суурилсан судлаачтай болох зорилготой учраас энэ зорилгоо хангахын тулд тэтгэлэгт хөтөлбөртөө нэгдүгээр курсийн оюутнуудыг түлхүү хамруулж, дадлагашуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ тал дээр ямар бодлоготой байгаа вэ?” гэсэн асуултуудыг тус тус асууж, хариулт авлаа. Мөн МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, др. О. Оюунжаргал, Буриадын Их Сургуулийн багш, др. Жаргал Бадагаров нар эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэх, хянан магадлагаа хийхэд монголын нөхцөлд тулгамдаж буй асуудлын тухай ярилаа. Хэлэлцүүлгийн хүрээнд “Оюутан судлаач” хөтөлбөрийн төгсөгч, ӨМИС-ийн магистрант Г. Зулбаатар суралцаж буй сургууль, тэнд мэргэжлийнхээ дагуу хийж буй хээрийн шинжилгээний талаар, мөн төгсөгч Б. Золзаяа НҮБ-ийн ЮНЕСКО-гийн тэтгэлгээр 1 жилийн хугацаанд ӨМИС-д философийн чиглэлээр суралцсан тухайгаа, төгсөгч Э. Золжаргал ХБНГУ-ын Берлин хотын Гүмболдтийн Их Сургуулийн дэргэдэх Монгол Судлалын Төвийн үйл ажиллагаанд жил гаруйн хугацаанд оролцож байсан тухайгаа ярьж, сонирхууллаа. “Судлаач болох замд” хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлсэн эрдэмтэн багш нар, төгсөгчид, оюутнуудынхаа саналыг АМТ баяртайгаар хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахаа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь өндөр ажмилт хүсэн ерөөе!

Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2016 оны 10 дугаар сарын 5