"Судалгааны арга зүй" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан Судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны лхагва гаригт МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, профессор Д. БАЯРСАЙХАН багшийг урьж, “СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ” сэдэвт лекцийг зохион байгууллаа. Уг лекцэнд “Оюутан судлаач” хөтөлбөрийн оюутнуудаас гадна ХААИС, МУБИС, АШУҮИС, МУИС, ШУА-ийн залуу багш судлаачид, магистрант, докторантууд хамрагдлаа. Лекц 18:30 цагт эхлэв.Судалгааны арга зүйн тухай Д.Баярсайхан багшийн ярьсны заримыг сийрүүлбэл,
Судалгааны ажил хийж байгаа хүн хамгийн түрүүнд T-A-P гэсэн зүйлийг бодох хэрэгтэй. Энэ нь Topic- Юуг судлах вэ?, Audience- Хэн унших вэ?, Purpose- Яагаад үүнийг бичиж байна вэ? гэдгийг бодно.
Сэдэвтэй холбоотой гол зүйл бол баримт/fact/ юм. Баримтыг хувь судлаач өөрийн өнцгөөс тайлбарлаж буйг interpretation гэнэ. Үүний дараа нотолгоо /evidence/ хэрэг болно.
Сэдэв нь ерөнхий/general/, нарийвчилсан/narrow/, тусгай/specific/ гэсэн 3 өөр байх ба ерөнхий сэдвээр бакалаврын түвшинд, нарийвчилсан сэдвээр магистрын түвшинд, тусгай сэдвээр докторын түвшинд ажиллана. Судлаачдын хамгийн их цаг заваа алддаг зүйл нь ерөнхий сэдэвтэй их зууралдаж, уддаг. Мөн докторын зэрэг хамгаалсан хүмүүс судалгаагаа даруй хэвлүүлэхгүй бол адилхан сэдвээр судалгаа давтан хийгдэх, хэвлүүлээгүй тохиолдолд анхдагч эрхээ алдах нь их байдаг.
Таны бичсэн судалгааг хэн унших вэ? гэдгийг сайн анхаарна. Мэргэжлийн хүрээнийхэн л уншдаг, түүнээс бус олон нийт уншихгүй. Тиймээс заавал шүүмжлэл ирнэ. Шүүмжлэлд унаж, босох тэнхээтэй байх хэрэгтэй.
Зорилгодоо хүрэхийн тулд унших хэрэгтэй, бичих хэрэгтэй. Өдөрт 3 мэргэжлийн номыг уншина, 2 хуудас материал хүнээс хуулахгүйгээр бичнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй.
Зарим нэг бичих стратеги /Several writing strategics/ гэж байна. Үүнд, 1. Тархины шуурга буюу хурдан сэтгэж сурах 2. Чөлөөтэй буулгаж сурах- уншсанаа бичгийн хэлбэрт оруулж сурах 3. Мэдээлэл, санаагаа цуглуулах үйл ажиллагаа орно. Судалгаа хийж байгаа хүний алддаг бас нэг зүйл нь олон баримт дунд төөрөх явдал байдаг. Энэ үед миний “thesis” юу билээ гэдгээ дахин бодох хэрэгтэй. Докторын түвшинд өөрийн үзэл баримтлалыг дэвшүүлэх, батлах ажил хийдэг. Магистрын түвшинд ч саналаа дэвшүүлж болно л доо. Магистрын түвшинд шинэ баримт дээр л ажиллаж сурдаг. Тиймээс “thesis” гэдэг нь докторын ажлыг, “dissertation” гэдэг нь бакалаврын ажлыг хэлдэг юм. Мөн дүгнэлтдээ тааруулан баримт хайдаг тохиолдол байдаг. Энэ нь асуудлыг өөр өнцгөөс харж чадахгүй болох аюултай байдаг.
Мэргэжлийн бичих стратеги /Major writing strategics/ гэдэг нь:
1. Задлан шинжилгээ /analysis/- Ерөнхийгөөс тусгайг салган аваад анализ хийх үйл ажиллагаа
2. Гаргалгаа/arguments/- Манай нөхцөлд хамгийн их дутагдаж байгаа зүйл. Ямар үед гаргалгаа хийх ёстой вэ гэвэл өөрийн тодорхой байр суурийг илэрхийлэх үед үүнийг хийнэ. Үүнийг strong position гэдэг. Ер нь судалгаа хийж байгаа хүмүүс олон судлаачдын нэрийг жагсаагаад явдаг. Тэр нэр болгоны ард онол, үзэл баримтлалууд байгаа гэсэн үг. Энэ дундаас би алийг нь дэмжих вэ? эсвэл өөрийн шинэ үзэл баримтлалыг танилцуулах уу гэдэг асуудалтай тулгардаг. Их хүчтэй онолын маргааны дундаас өөрийн шинэ өнцгийг гаргаж ирж танилцуулах бол туйлын хэцүү зүйл.
3. Шалтгаан ба үр дагавар/cause and effect/- Судалгаагаа бичиж эхлээгүй тохиолдолд үүн рүү орж чадахгүй.
4. Ангилал/classification/- Аливаа юмыг схемчилж сэтгэдэг хүмүүс үүнийг сайн хийдэг. Гэхдээ аливаа цаг үеийг ангилах их аюултай. Ялангуяа түүхийн судалгаанд он цагаар зааглах асуудал их гарч ирдэг.
5. Зүйрлал ба эсрэгцэл/Comparison and contrast/-ийн аргыг ашиглах хэрэгтэй.
6. Тодорхойлолт/description/- Манай нөхцөлд хамгийн их нуршиж, сайн хийдэг зүйл. Тодорхойлолт тайлбар их байх хэрэггүй.
7. Тайлбар/definition/- Хамгийн бага хэмжээтэй байх ёстой, удиртгалд л байх ёстой зүйл. Гэтэл үндсэн бүлгүүдэд нөгөө л тайлбарууд явж байх тохиолдол их бий.
8. Жишээгээр тайлбарлах/exemplification/- дэлхий нийтэд энэ ойлголт ямар байна гэж харьцуулан жишээ авах хэрэгтэй.
9. Хүүрнэл/narration/- Судалгааны зохиолын хүүрнэл нь анализ хийсэн тохиолдолд л байж болохоос анализгүй хүүрнэл ямар ч ач холбогдолгүй.
10. Процесс/process/- Судалгаа маш их зохион байгуулалттай явна. Нарийн төлөвлөнө, тохиолдлын зүйл байх ёсгүй. Судалгааны үйл явцад хэл чухал нөлөөтэй. Сурвалжийн 2 хэл, судалгааны 2 хэлтэй болох хэрэгтэй. /Монгол, international англи орохгүй/. Хүмүүнлэгийн шинжлэх ухааны хамгийн нарийн мэдээллүүд франц, герман хэл дээр байдгийг анхаарах хэрэгтэй. Болж өгвөл доктортоо гадагшаа явах хэрэгтэй.
11. Фокус/focus/- Аливаа шинжлэх ухааны ажил фокусгүйгээр явахгүй. Бид судалгааны ажлыг модтой зүйрлэвэл фокус нь модны гол, салаа мөчрүүд нь сонирхолтой өнцгүүд, харин үндэс нь баримтууд байна. Ихэвчлэн гол фокусаа алдаад салаа мөчир рүү яваад байдаг. Тэр хэсэгт сонирхолтой, гэхдээ ач холбогдолгүй зүйлс байдгийг анхаарах хэрэгтэй.
Судлаач хүнд байж болохгүй зүйлсийг сануулбал,
1. Үг үсгийн алдаа байж боломгүй алдаа.
2. Улиг домог болсон загвар. Жишээ нь, түүхийн судалгаанд бол Манжийн дарлалын үе, эзэнт гүрний феодализмын үе, эзэнт гүрний бутралын үе гэх мэт хуучин загваруудаас татгалзах хэрэгтэй.
3. Хэрэггүй зүйрлэлүүд хэрэггүй.
4. Тодорхой байхыг хичээх хэрэгтэй. Ерөнхийлж л болохгүй.
5. Нэг л загварыг баримтлах чухал. Жишээ нь, 3-р, 3 дугаар, III гэж 3 янзаар бичиж болохгүй гэсэн үг.
6. Нурших хэрэггүй, товч байх хэрэггүй. Голыг нь олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, их бичихээргүй зүйлийг нуршдаг, харин бичмээр зүйлээ товчилчихдог алдаа байдаг юм.
7. Хариулт шаардахгүй асуулт хэрэггүй. Энэ юу гэсэн үг вэ? гээд асуувал Өнөөдрийн дараа маргааш болно тийм үү? гэсэнтэй яг адил ямар ч үнэ цэнэгүй зүйл. Ер нь тэр судалгааны тухай өөр хүн мэдэх албагүй.
8. Хэтрүүлэг ихдэх аюул байдаг. Аливаа дүгнэлт хэтрүүлэг ихтэй байснаас дутуу байсан нь дээр байдаг.
9. Мөн зохиолын хулгай/plagiarism/-д өртөхөөс сэргийлж байх нь зүйтэй. Хулгай хийж байхаар шууд эшлэл авах хэрэгтэй. Нэлээд олон өгүүлбэр үг үсэгчлэн таарч байвал шууд хүчингүйд тооцдог тогтолцоо барууны орнуудад бий.
Дараагийн хэсэгт лекцэнд суусан судлаачид зарим нэг зүйлийг тодруулж асуулаа. Тухайлбал, ямар ямар нэвтэрхий толиудыг ашигладаг вэ, арга, арга зүй хоёр юугаараа ялгаатай ойлголт вэ? зэрэг асуултанд хариулт авлаа.
Лекцийн урилгыг авч, хүрэлцэн ирсэн Д. Баярсайхан багш болон оюутнууд, багш, судлаачдадаа талархал дэвшүүлье︕
Тайлан бичсэн: М. Пагмадулам
2016 оны 4 дүгээр сарын 28