"Дара эхийн зохиолууд" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан 5 дахь хичээлийн жилдээ хэрэгжүүлж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд лхагва гараг бүр зохион байгуулдаг лекц ярилцлагын 2016 оны 3 дугаар сарын 23-ны зочноор ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Төвд судлалын секторын эрхлэгч, доктор Д. СУМЪЯА уригдан оролцож, “ДАРА ЭХИЙН ЗОХИОЛУУД” сэдэвт лекц уншлаа. Лекц 18.30-д эхлэв. Лекцийн эхний хэсэгт, Дара эх гэж ямар бурхан бэ?, Дара эхийн тухай зохиолууд ямар ямар хэлбэрээр уламжлагдаж ирсэн бэ?, Үүнийг судлахын ач холбогдол юу вэ? гэдгийг тайлбарлан ярилаа. Тухайлбал, - Социалист нийгмийн үед ямар зорилгоор ШУА-д Төвд судлалын секторыг байгуулсан бэ? гэхээр бурханы номлолыг тайлбарласан олон зуун шүлэг, үлгэрүүдийг авч судлах зорилготой байсан. Ингээд Ц. Дамдинсүрэн гуай “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршивой”, “Монголын уран зохиолын тойм” 3 боть зэргийг бичиж хэвлүүлсэн. - Дара эх бурхан бол гурван цагийн бүх бурхдын эрдмийг нэгэн биед хураасан, 6 зүйл хамаг амьтны ээж бөгөөд цөвүүн цаг болж бүх бурхадууд буцаж байхад гагц Дара эх л эх нь үрдээ үнэнч үлддэг шиг үлдсэн гэдэг. - Дара эх бурхан олон төрөл байдаг бөгөөд маргад өнгөтэй үйлсийн бурхан Ногоон дара эх, лянхуа өнгөтэй насны бурхан Цагаан дарь эх, Энэтхэгээс гаралтай 8 дара эх, тус тусын эрдмийг даасан 21 дара эх (Энэ 21 дара эхийн бүхий л эрдэм чадал цогцоор гагц Ногоон дара эхэд байдаг) байдаг байна. - Дара эхийн зохиолууд нь магтаал, гүр дуу, паян, цадиг, тайлбар, жүнхэн, түүх, тууж, тогтоол, тарни, мандал, даллага, сан, тахилга, мэрэг, чивэл, түлхүүр гэхчилэн өргөн хүрээтэй, зан үйлийн олон зохиолыг бий болгосон байдаг. - Дара эхийн энэ олон зохиолын үүдэл зохиол нь гагц Бурхан багшийн зохисон “Хорин нэгэн мөргөл” хэмээх зохиол юм. - Бурхдын утга зохиол нь шашны болоод иргэний, аман болоод бичгийн уран зохиолын хосолмол шинжтэй. Үүнийг урлагийн бусад төрлүүдийн харьцаан дээр авч үзэх нь нэг талаар буддизмийн, нөгөө талаар утга зохиол, урлагийн бүтээлийн харилцаа холбоо, уламжлал, шинэчлэлийн холбоо, өвөрмөц талыг авч үзэх үндэс болно. Ингэснээр бурхдын дүрийн хувьсал болоод монголчуудын бурханы шашны сэтгэлгээнд оруулсан бүтээлч сэтгэлгээг ялгаруулж, монголын буддизм үнэхээр Энэтхэгийн хуулбар, Төвдийн зээлбэр гэж үү гэдэг асуултанд хариулах зорилготой юм. - Буддын уран зохиол нь шүлэглэсэн болон үргэлжилсэн 2 үндсэн хэлбэртэй байдаг. Тухайлбал, шүлгийн дотор илт онол, тахил өгүүлэл, өлзий оршуулах, ерөөл шүлэг, залбирал, магтаалын яруу найраг багтдаг. Дараагийн хэсэгт доктор Д. Сумъяа Энэтхэг, Төвд Монголын Дара эхийн 3 өөр магтаалын харьцууллын тухай тайлбарлан ярилаа. - Дара эхийг санскритаар тара, төвдөөр долма, монголоор гэтэлгэгч эх гэдэг. - Энэтхэгийн Бурхан багш Намбарнанзад бурханы зохиосон “Гэтэлгэгч дара эхийн хорин нэгэн мөргөл”, Төдвийн анхдугаар Далай лам Гэндэндүвийн зохиосон “Сайн зурагт эх оршвой”, Монголын Агваништүвдэнгийн “Гэтэлгэгч Дара эхийг зохист аялгууны утгын гучин таван чимгийн үүднээс магтсан хаврын элчийн эгшиг яруу дуун” гэсэн 3 магтаалыг харьцуулан авч үзэж байгаа юм. Энэ 3 магтаал нь гурван өөр оронд, гурван өөр цаг үед зохиогдсон боловч агуулгын хувьд Дара эхийг л магтсан нэг агуулгатай байдаг. - Энэтхэгийнх буюу “Гэтэлгэгч дара эхийн хорин нэгэн мөргөл” нь Дара эхийг домог намтрын үүднээс 1 зүйлээр, төгс жаргалангийн биеийн намбын үүднээс 13 зүйлээр (амирлангуйн 6, хилэнтийн 7), номын үүднээс 1 зүйлээр, үйлсийн үүднээс нь 6 зүйлээр магтсан 21 зүйлийн магтаал байдаг. Эндээс орчлон хорвоогийн бүхий л зүйлийг энэ 6 зүйлээр магтаж болохыг харж болно. - Төвдийн “Сайн зурагт эх” нь Сэндэнгийн ойн Дара эхийн нүүр царай, мутар, бойв, үснир, хувчид, чимэг, зулайн титэм, нөхөд сэлтийн эгнэшгүй сайхныг тод томруун харуулж магтахдаа бүхэл-хэсгийн харьцаанд магтсан байдаг онцлогтой. Тухайлбал, үе гишүү буюу мутрын эрдэмд баруун мутар нь өглөгийн, зүүн мутар нь авралын мутар байна. Зулай дахь улаан титэм нь Авидын титэм бөгөөд миний үхлийн бурхан танд сөгдөнө гэсэн үг юм. Мөн Дара эхийг тэнгэр нар тойрон баясаж бүжиглэдэг тул тэнгэр нараар тахилан суудаг эх хэмээдэг. Гэндэндүвийн магтаалын даатгалын хэсэгт нь 8 аюулаас аврах тухай байдаг. Энэ нь гаднаас нь харахад тэр орны 8 аюул мэт боловч хүний дотоод сэтгэлийн аюулыг нэрлэсэн юм. Тухайлбал, омогт арслангийн аюул бол “биеэ тоох” юм. Арслан бие тоож, өндөр уулын оргилд гараад ганцаардах шиг биеэ тоосон хүн бүхнээс өөрийгөө дээгүүр гэж ганцаардаж байдаг гэсэн үг. Галзуу заан нь мунхагийн, гал түймэр нь уурлах аюулыг илэрхийлж байгаа юм. - Монголын Агваништүвдэнгийн 35 чимгээр зохиосон Дара эхийн магтаалд зохист аялгууны 35 чимгийг ашигласан юм. Жишээ нь, нэгдүгээр чимэг “Өвөрчилэнгийн чимэг”-ээр хэтийдэж магталгүй, муушаалгүй, өөрийн байгаагаар нь алив юмыг дүрсэлдэг бөгөөд Дара эхийг ч тийн магтжээ. Хоёрдугаар чимэг “Адилтгал”-аар Дара эхийн лагшныг маргад эрдэнэтэй, үснирийг усан баригчтай адилтгажээ. - Эл гурван магтаалыг харьцуулан судалсны эцэст дүгнэхэд, Энэтхэгийн магтаал бясалгалын дүрийг, Төвдийн магтаал илт оноон харсан дүрийг, Монголын магтаал уран зохиолын яруу дүрийг тус тус бүтээсэн нь ялгаран харагдаж байна. Лекцийн удаах хэсэгт доктор Д. Сумъяа Дара эхийн үргэлжилсэн үгийн зохиолын тухай ярилаа. Мөн оюутан залуусын сонирхсон асуултад хариуллаа. Лекц 20:40-д өндөрлөлөө. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж лекц уншсан доктор Д. Сумъяа танаа гүнээ талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд тань улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.Тайлан бичсэн: М. Пагмадулам