card

"Шүүмж бичих анхны алхам" садэвт сургалт

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 5 дахь хичээлийн жилдээ зохион байгуулж буй “Оюутан судлаач” хөтөлбөрийн хүрээнд “Шүүмж бичих анхны алхам” сэдэвт нэг удаагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалт 18:30 цагт эхлэв. Уг сургалтын зорилго нь оюутан залууст шүүмж гэж юу вэ, шүүмжийн төрлүүд, бичих дэс дараалал, шүүмжлэгчийн зүгээс хангах бэлтгэл зэргийг танилцуулах зорилготой юм. Эдгээрээс заримыг дурдвал, Шүүмж гэдэг нь тухайн бүтээлийн онол-аргазүйн түвшин, практик шийдэл, шинэ санаа, үр дүнг нухацтай шүүн тунгааж, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгдөг судалгааны ажлын нэг төрөл юм. Шүүмж нь онолын шүүмж, орчуулгын шүүмж, тойм шүүмж, маргааны шүүмж, шог шүүмж гэх мэт олон төрлүүдтэй бөгөөд хуулийн шүүмж, боловсролын шүүмж гэхчилэн салбараар нь ч ангилж болдог. Шүүмжлэгч нь нэг талаас шинжлэх ухааны аргазүй, нөгөө талаас хувийн мэдрэмж, үнэлгээ, сэтгэл хөдлөл зэргийг өв тэгш хослуулсан мэргэжилтэн бөгөөд судлаач юм. Шүүмж бичих ажлыг 3 хэсэгт хуваан авч үзэж болно. Нэгдүгээр шат буюу уншихын өмнөх шатанд өөрийн мэдлэг, аливааг тэнцвэртэй авч үзэх чадвартаа үнэлгээ хийж, аль талаас нь шүүмжилбэл үр дүнтэй, өгөөжтэй шүүмж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хоёрдугаар шат буюу унших шатанд зайлшгүй бүрэн унших, гол санааг товчлон тэмдэглэх, өөрийн шүүмжлэх хэсгүүдийг онцлон тэмдэглэж, тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Гуравдугаар шат буюу шүүмжээ бичих шатанд дараах зүйлсийг логик дэс дараалалтай бичнэ. • Бүтцийг төлөвлөн гаргасан байдал • Сэдэв агуулгын уялдаа • Хэрэв сэдвийн томьёолол буруу бол засах • Тухайн бүтээлд гараагүй 2-оос дээш шинэ саналыг дэвшүүлэх • Тухайн зүйлийг шүүмжлэхийн сацуу зөвлөх • Зохиогчийн зорилгоос дүгнэлт хүртэлх замын дундах нотолгоо, баримтуудад анализ хийх • Цаг үеэ олсон, ач холбогдол бүхий эсэхийг харах • Түүхэн болон бусад эх сурвалж, өөрийн тэмдэглэлийн тэнцвэрийг хэрхэн хадгалсан эсэх • Сул задлан шинжилгээ, бүрэн бус дүгнэлтийг залруулах • Онолын орхигдсон хэсгийг гүйцээх • Хэл найруулгын талаар шүүмжлэлтэй хандах • Номзүй, эшлэл зэрэг техник ажлын талаар шүүмжлэлтэй хандах • Тухайн зохиогчийн бичлэгийн хэв маягийг тодорхойлох алхмуудыг хийж бичнэ. Шүүмжээ бичихдээ, агуулга, давуу болон сул тал, нэмэлт тодотгол, дүгнэлт буюу зөвлөмжийн хэсэг гэсэн дарааллаар бичнэ. Шүүмжийнхээ хэл найруулгад хандах, хүндэтгэх, талархах үг хэллэгийг хэрэглэнэ. Сургалтын төгсгөл хэсэгт АМТ-ийн ЭША М. Пагмадулам Британийн антропологич Мэри Мэттэ Хай-ийн “Аюултай хишиг” номд бичсэн шүүмжээ уншиж танилцууллаа. Сургалт 20:00 цагт өндөрлөлөө. 2016 оны 3 дугаар сарын 17 11:30