"Бид яагаад түүхээ судлах ёстой вэ" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн 2011 оноос эхлэн санаачилж, 5 дахь хичээлийн жилдээ зохион байгуулж буй “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн 2015-2016 оны хичээлийн жилийн гутгаар лекц 2015 оны 10 дугаар сарын 21-ний 18:40-20:30 цагт АМТ-д боллоо. Лекцийн хүндэт зочноор Түүхийн ухааны доктор ДЭМБЭРЭЛИЙН ӨЛЗИЙБААТАР уригдан “Бид яагаад түүхээ судлах ёстой вэ?” сэдвээр лекц уншлаа. Лекц 18:40-д эхлэв. Лекцийн эхэнд Д. Өлзийбаатар доктор судлаач болох хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст хандан доорх хэдэн зүйлсийг санаж явууштайг захилаа. - “Бурхан багшийн сургаалд, ямарваа хүн ном үзэхийн тулд сонсох, санах, бясалгах гуравт хамгийн түрүүнд суралцвал зохино. Эл гурав бол эрдмийн мөр хөөхийн эхний зам. Дараа нь номлох, тэмцэх, туурвих гуравт суралцах хэрэгтэй. Энэ зургаан сургаалын дараа номын мөрд гэгээрэх замдаа ордог гэдэг. - Судлаач хүнд цаг ашиглах сурах бол туйлын чухал. Нэг өдөрт хүний идэвхтэй, бүтээлчээр хийж бүтээдэг гуравхан цаг байдаг. Бусад цаг нь дэмий үхэж байдаг. Үлдсэн энэ цагтай хамт хүн өөрөө бас үхэж байдаг. Болжмор болоод шар шувуу гэсэн хүний 2 төрөл бий. Эл хоёрын аль нь вэ гэдгээ эхлээд олчихвол цагийг эзэмшиж чадна. Цагийг эзэмшиж чадаж байгаа хүнд асар их боломж бий болж байдаг. - Судлаач болох, эрдмийн мөр хөөх хүнд гэр бүлээ зөв сонгох хамгийн чухал зүйл байдаг. Үүнээс болсон алдаа зуу зуугаараа байдаг” хэмээн ярилаа. Монголчууд яагаад түүхээ сайн мэдэх, сурч судлах ёстой вэ? гэдэг талаар тэрээр дараах зүйлсийг ярилаа. - Түүхийг ард түмэн бүгдээрээ нийлж бүтээдэг. Түүх бол ард түмэн нийтээрээ дуулж буй “найрал дуу” юм. Хэдий үеийн түүх вэ гэдгийг авч үзэхэд 100 жилийн өмнөх түүх бол өнөөдрийн өдөр цайны өмнөхөн болсон явдал, 100-500 жилийн түүх бол өглөөний цайны үе, 500-1000 жилийн түүх бол өчигдөр орой унтахын үеийнх, 1000 жилээс цаашхи түүх бол өчигдөр, уржигдар гэж ойлгох хэрэгтэй. Түүхэн судлагдахууныхаа арга зүйг олчихвол, түүх гэдэг бол бидний өчигдөр, уржигдар шиг тод тодорхой зүйл болдог. - Шинжлэх ухаанд 1800-аад оны сүүл үеэс эхлэн “Хүн хаана үүссэн бэ?” гэдэг асуулт гарч ирээд, хүний үүслийн тухай нэг болон олон төвт онолууд бий болсон нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Оросын эрдэмтэн М. Ф. Нестурх “Хүн төрөлхтний ууган эх орны тухай, Хүн төрөлхтний уг үүсэл” номдоо “Хүн төрөлхтний үүссэн газар орон бол Төв Ази юм” гэсэн дүгнэлт хийсэн. Төв Ази дундаа Монголын говиос хүн үүссэн гэж үзэх болсон. Ингээд АНУ-ын Байгалийн Түүхийн Музейн захирал Х. Осборн Монголын говиос эртний хүний яс олохыг даалгаж, Рой Чапмэн Эндрюсийг илгээсэн. Эндрюс харин хүний яс бус үлэг гүрвэлийн өндөг олсноороо тэр үед “National Geographic”-ийг дампуурлаас аварсан юм. Энэ асуудлаас дэлхий нийт Монголыг тойрон маргалдаж эхэлсэн түүхтэй юм. - Дэлхийн түүхийн хамгийн чухал сэдвүүд монголтой хамаатай байдгийн нэг жишээ нь хүн төрөлхтөний төрт улс байгуулсан 6000 жилийн хугацаанд 3 том үндэстэн улс л “Super Empire” байгуулж чадсаны дотор Монголын эзэнт гүрэн байсан явдал юм. Монголын эзнт гүрэн бол Британийн эзэнт гүрэн, Ромын эзэнт гүрнээс хамгийн цөөн хүн амтай, хамгийн удаан оршин тогтносон, дэлхийд хамгийн их нөлөө үзүүлснээрээ ялгардаг юм. - Дэлхий нийт бидний түүхийг ихээхэн гуйвуулдаг. Үүний эсрэг монголчууд түүхээ мэдэж, тэдэнд ярьж өгч байх хэрэгтэй. Жишээ нь, Ойрх Дорнодын айдас хүйдэс болсон Ассасинчуудыг Чингисийн ач хүү Хүлэгү хаан дарж өгснийг тэдэнд ярьж өгөх хэрэгтэй. Атилла хаан Ромын эзэнт гүрнийг унагаасныг ярьж өгөх хэрэгтэй. Ромын эзэнт гүрэн унасан энэ үеийг ашиглаж, өнөөгийн Герман, Франц, Испани, Португал улс байгуулагдсан. Үүнийг дэлхийн түүхэнд “Ард түмний их нүүдэл” гэдэг. Цагаан Хүннү нар Энэтхэгийг шинэчлэн зохион байгуулсан гээд Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр асар өргөн юм. - Монголчуудын дэлхийг эзэлсэн тухай ярихдаа бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн үндсэн зөвшилцөл нь “хурд” юм. Нум сумны хурд, цэргийн хурд, агт морины хурд гээд. Тухайлбал, монгол морь 10-12 хоногийн өл даадаг, монгол цэрэг унаж яваа мориноосоо 500 гр цус ханаж уухад 2-3 хоногийн өл даадаг гэх мэт баримтууд байдаг. - Үүнээс гадна нөхөрлөл, андлалын зарчим гайхалтай байсан юм. Чингис хаан болоод 9 өрлөг жанжин- Энэ 10 хүн л дэлхийг байлдан дагуулсан шүү дээ. Харин Чингис хаанаас хойш бол энэ байдал монголчуудын үе үеийн түүхэнд алдагдсаар ирсэн юм. - Чингис хааны хамгийн анхны анд нөхөр Боорчи бол нөхөрлөлийн үнэ цэнийг харуулдаг. Агуу их Өүлэн эх хүртэл хишгээ чамласан тухай МНТ-д байдаг. Гэтэл Боорчи бол хувь хишигт бус анд нөхөрлөлдөө үнэнч хүн байсан. - Дараа нь Чингисийн үр хойч дайлдах улсгүй амар амгалан болсон атал хоорондоо эрх мэдэл, эд хөрөнгөөс болж дайтаж эхэлсэн. Үүний үрээр Ил хаант улс, Алтан Ордны улс хоёулаа ихээхэн суларч доройтсон байдаг. Учир нь Бэрх хаан, Хүлэгү хаан хоёр эрх мэдлийн төлөө хоёр талаасаа 350 мянга, 350 мянган цэргүүдтэй байлдаж, ясан овоо, цусан далай үүсгэсэн явдал бол эмгэнэл. - Анд нөхөрлөлийн зарчим бол хүндлэх- хайрлах- хамгаалах юм гэдгийг тэд умартсан байсан. - Монголчууд их ядарсан үедээ түүхээ мэдээд, өөрсдийн байгаа байдлаасаа ичээд сэрж босдог байсан. Ванчинбалын Инжаннаши яагаад “Хөх судар” түүхэн романаа бичих болсон бэ? гэдэг их сонирхолтой. Монголчууд Манж Чин гүрний захиргаанд байсан үед Инжаннаши амьдарч байсан. Инжаннашийг багш нь загнасан байгаа юм. Юу гэвэл, “Чи түүхээ мартсан муу гахай гээд загнаж, нулимж, ханцуйгаараа шавхуурдаж, -Алтан ургийн тайж язгууртан байтал чи түүхээ мэдэхгүй надаас их юм шалгаах юм. Эцгийнхээ хурааж цуглуулсныг үз” хэмээн хэлснээс Инжаннаши эцгийнхээ дутуу бичсэн “Хөх судар” романыг үзэж, улмаар бичиж дуусгасан байдаг. Гэтэл “Хөх судар” романаа амьддаа хэвлүүлж чадаагүй. Нас барсан хойно нь хэвлэгдсэн. Энэ бол Хятадын Күнз, Лао Цзын “Аливаа ард түмнийг доройтуулъя гэвэл түүхийг нь мартуул” гэдэг сургаал юм. - Дараа нь 1911 оны хувьсгалд бас л алтан ургийнхан нэгдэн нийлж, Чингисийн байлдааны тактикийг ашиглан байлдаж, 5 замын сайн дурын 2000 цэрэг Бээжинд тулж очиж байсан. Энэ үед монголчууд 500 мянга хүрэхгүй хүн амтай, мухар сүсэгтээ баригдаж мунхарсан хүмүүс байсан. Харин алтан ургийнхан түүхээ уншаад, сэрж боссон байдаг. Мөн л анд нөхөрлөлийн журам алдагдаж, алтан ургийнхан болон харц гаралтай хэмээн энэ хувьсгалыг манлайлагчид хагаралдсан. - Үүний үр дүнд 1919 оны 11 дүгээр сарын 17-нд Монгол улс дахин газрын зургаас алга болсон. монгол ноёдууд худалдагдсан. Энэ тухай баримт архивт бий шүү дээ. Шанзув Бадамдорж гэхэд нэг лимузин, 30 мянган лан авсан байдаг, Бусад ноёдууд бүгдээрээ15-30 мянган лам авсан байдаг. - Дахиад энэ гамингийн дарлалаас гарах гэж харц ардууд сэрж сэхээрсэн. 1920 оны 6 дугаар сарын 25-нд 7 хүн МАН байгуулж, тэмцсэн. Энэ 7 хүн бас л сүүлд нь хагаралдсан. Жишээ нь, Данзан Бодоогоо буудахад оролцсон байдаг. - “ТҮҮХ БОЛ ҮЛГЭР БИШ, ТҮҮХ БОЛ СУРГАМЖ” хэмээн тэрээр ярилаа. Монголын түүхийн алдаа оноо, баяр гуниг, ялалт ялагдлын тухай сэтгэл догдлон сонссон энэ өдрийн лекц 20:30-д өндөрлөлөө. Тайлан бичсэн: М. Пагмадулам 2015 оны 10 дугаар сарын 22 11:30