card

"Монгол нутаг дахь хүннүгийн язгууртны булшны судалгаа" сэдэвт лекц

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Лхагва гариг бүрт зохион байгуулдаг лекц- ярилцлага 2015 оны 3 сарын 11-нд боллоо. Лекц-ярилцлагыг УБИС-ийн Археологийн тэнхимийн эрлэгч, археологич, доктор Диймаажавын Эрдэнэбаатар “Монгол нутаг дахь Хүннүгийн язгууртны булшны судалгаа” сэдвээр хийлээ. Лекц ярилцлага 19:00-д эхлэв. Лекц-ярилцлагын эхний хэсэгт доктор Д. Эрдэнэбаатар багш 2001-2011 онд хийсэн “ГОЛ МОД II” Хүннүгийн язгууртны  булшны малтлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүнд:

  • Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй багийн нутаг дахь Хүннүгийн хаад, язгууртны хамгийн том булш болох ГОЛ МОД II нь нийт 200 гаруй булштай ажээ.
  • Монголчууд өмнө нь Хүннүгийн хаадын нийт 30 орчим булш малтсан боловч бүгд тоногдсон байжээ. Энэ тухай Д. Эрдэнэбаатар багш “Амьдад нь дийлээгүйгээ нас барсан хойно нь булш бунхныг нь ухаж, ясынг нь тарааж сйүтгэдэг байснаас шалтгаалаад Хүннүгийн үеэс хойш хаадын булшийг ихэд нууцлах болсон” хэмээн ярилаа.
  • Гол мод II-ийн хамгийн том булш болох 1-р булш нь нийт 30 дагуултай. Эдгээр дагуул булшнуудаас цэргийн болон энгийн ардын эд өлгийн зүйлс олдсон байна. Үүний дотроос хамгийн ховор дурсгалуудын нэг бол 2100 орчим жилийн өмнө хийгдсэн Ромын шилэн аяга байжээ. Ийм шилэн аяга дэлхийнэ хэмжээнд 10 –аад байдаг боловч монголоос олдсон нь нэн өвөрмөц юм.
  • Дагуул булшны 1-27 нь жирийн албат иргэдийн булш байсан бөгөөд дугуй хэлбэртэй маш жижгээс томорсон хэлбэртэй байжээ. Эхний 5,6 булш нь 0- 1,7 сартай хүүхдийнх, тэгээд дээшээ 17-45 насны хүмүүсийн булш байсан байна.
  • Үндсэн булшийг 21 м ухахад модон авс гарсан хэдий ч маш ихээр тоногдсон байжээ. Яс байхгүй, авсны болон бусад эд зүйлс, чимэглэлүүдийг тоносон хэдий ч авсны хананд наалдаж үлдсэн хаш эдлэлээс авахуулаад маш ховор нандин олон дурсгал олдсон байна. Тухайлбал, алт мөнгө, хүрэл чимэглэлүүд, тэдгээрийн дээрх уран нарийн хийц бүхий ямаа, бар, домгийн амьтад нь дахин давтагдашгүй ажээ. Нийтдээ 4000 гаруй нэгж дурсгал олджээ.
  • Эндээс олдсон нэг эвэрт амьтдын дүрстэй чимэглэлүүд нь ганаар, хос гэх мэт олон төрөл байсан байна. Эдгээр амьтдын дүрстэй алт, мөнгөн чимэглэлүүд нь Хүннүгийн хаадын нар, сарны шүтлэгтэй байсантай нарийн холбоотой ажээ.
  • Хүннүгийн хаад, язгууртнуудын булш болоод эдгээрээс олдож байгаа эд өлгийн зүйлс, оршуулах ёс зэргээс харахад монголчуудын өвөг дээдэс болох нь харагдаж байдгийг ч Д. Эрдэнэбаатар багш ярилаа.

Лекц- ярилцлага 21:00-д өндөрлөв.

Мэдээ гаргасан: М. Пагмадулам           2015.3.12   12: 00