card

"Чингисийн билиг сургаал" сэдэвт лекц


"Үг давтвал улиг
Ном давтвал билиг”
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 2014 оны 2 сарын 26-ны лхагва гаригт “Оюутан судлаач” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ээлжит лекц ярилцлагад МУИС-ийн ШУ-ны Сургуулийн Утга зохиолын тэнхимийн багш, докторант С. Дашдэжид уригдан, “Чингисийн билиг сургаал” сэдвээр ярилцлаа. Лекц ярилцлага 18:30-д эхлэв.
Лекц ярилцлагын эхний хэсэгт “Чингисийн билиг сургаал ” сэдвийн хүрээнд:
• “Билиг сургаал” нь гагц Чингис хаантай холбоотой зүйл үү?
• “Билиг” хэмээх үгийн гарал, утга
• Билиг сургаалын агуулгад соёрхол, сургаал, зарлиг зэрэг багтах нь
• Билиг сургаал нь засаг хуультай нэгдмэл байдаг
• Билиг сургаалын хамгийн гол чухаг санаа нь “эв эеийг эрхэмлэх” зэрэг болох тухай танилцууллаа.
Мөн оюутан, залуучуудад зориулан “Билиг сургаал”-ын дотроос:
• Хүн бүр “бие- гэр- төр” гэсэн зүй тогтлоор “Биеэ тэжээх ухаан”
Гэрээ засах эрдэм
Төрөө төвшитгөх засаглал”-тай байх
• “Билиг сургаал”-ын дотор Чингис хааны охиддоо хандсан сургаалууд олон байдгаас “алтан аргамжийн хэлхээс” болсон охиддоо:
“Төр эрийг сахиваас Нэр эр ариун байх Нэр эр ариун байваас Авсан эр хааш одох” хэмээн сургасан байдаг зэргийг С. Дашдэжид багш ярьсан юм.
Лекц ярилцлагын дараагийн хэсэгт оюутнууд олон сонирхолтой асуулт тавив. Тухайлбал,
• Сургаалын зохиолын зөнч чанар
• Бага хаадын үед “билиг сургаал”-ыг хэрхэн баримталж байсан
• Сургаалын зохиолын үнэ цэнийг хэрхэн харж байгаа
• Сургаалын зохиолыг судлахад юуг анхаарах вэ?
• Арга билиг хэмээх ойлголтын талаар гэх мэт олон сонирхолтой асуулт тавьж, хариулт авсан юм.
Лекц ярилцлага 21:00-д өндөрлөв.
Мэдээ гаргасан: М. Пагмадулам