Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа МУИС, МУБИС, СУИС-ийн судлаач оюутнуудад зориулан 2026 оны 11 сарын 25-ны лхагва гарагт Т. Батбямба багш (Ph.D)  "Судалгааны ажлын арга зүйн зөвлөгөө" сэдвээр лекц уншлаа. 

Оюутан судлаачид сэдвээ сонгож, судалгааны төлөвлөгөөгөө анх удаа цаасан дээр буулгаж байгаа энэ үед хамгийн их тулгардаг асуулт нь «Хаанаас нь эхлэх вэ, хэсэг бүрд яг юу бичих вэ?» гэсэн асуулт байдаг. Энэхүү лекц тэр асуултад хариулах зорилготой байлаа. Т.Батбямба багш дүрэм жагсааж өгөхийн оронд оюутан судлаачдын хэвлүүлсэн өгүүллээс Б. Лхагвачимэгийн «С. Чойсүрэнгийн туульсын баатруудын нэр, нэршлийн өвөрмөц чимэг үгийн судалгаа» (Эрдмийн хэлхээ, XV боть, 2026) өгүүллийг сонгож, оюутнуудтай хамт эхнээс нь дуустал задалж ярилцлаа.

Лекцэд дараах асуудлуудыг хөндөв. Үүнд:

Сэдэв. Судалгааны объект, эх хэрэглэгдэхүүнийг тодорхой нэрлэх, нэг өгүүлэлд багтахуйц хүрээтэй байлгах, зорилготойгоо нийцүүлэх.

Удиртгал. Судлагдсан байдлын тоймоос дутуу зүйлийг илрүүлж, түүнээсээ зорилгоо гаргах («тойм → дутуу зүйл → миний судалгаа»). Мөн зорилтыг «юуг + ямар аргаар + ямар үр дүн гаргах» гэсэн бүтэцтэй томьёолох.

Онол, арга зүй. Онолын ойлголтыг эх бичвэрт таних шалгууртай болгох, хэмжигдэхүүн болгох. Жишээлбэл, «хэвшмэл хэллэг олон» гэхийн оронд давтамжийн нягтыг тоогоор илэрхийлэх.

Үндсэн хэсэг. Зорилт бүрийг нэг бүлэг болгох, тоо баримтыг хүснэгт, графикаар харуулж тайлбарлах, бүлэг бүрийг тусгай дүгнэлтээр төгсгөх.

Дүгнэлт. Зорилт бүрд дарааллаар нь хариулах, «ойролцоо», «тогтмол», «батлагдлаа» гэх мэт үгээ тоо баримтаар шалгах, судалгааны хүрээг дурдах.

Ном зүй, хавсралт. Эш татсан бүтээл бүрийг ном зүйд нэг загвараар оруулах, ном зүйг эх бичвэртэй тулгаж шалгах, хавсралтыг дугаар, гарчигтай болгох.

Лекцийн төгсгөлд оюутнуудад судалгааны төлөвлөгөөгөө өөрсдөө шалгах «Шалгах хуудас»-ыг танилцуулав. Шалгах хуудсанд судалгааны асуултаа асуултын хэлбэрээр бичих, судлагдсан байдалд 8-аас доошгүй бүтээл (гадаад бүтээлтэй) тоймлох, бусдын бичвэрийг зөв эш татах, хүн оролцсон судалгаанд зөвшөөрөл авч нэрийг нууцлах зэрэг шаардлагуудыг оруулж өгсөн. 

Лекцийн төгсгөлд АМТ-ийн Гүйцэтгэх захирал, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарь өнөөдрийн сэдэвт холбогдох асуудлуудыг нэг бүрчлэн дурдаж, жишээ баримтаар тодруулан ярилаа.

Лекцэд 33 оюутан оролцлоо. Оюутнууд лекцийн зөвлөгөөний дагуу судалгааны төлөвлөгөөгөө засварлаад, судалгааны ажлын удирдагч багшдаа илгээх юм.