«Оюутан судлаач» тэтгэлэгт хөтөлбөрийн 16 дахь хичээлийн жилийн нээлт боллоо.

CICM байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс монгол судлалын чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 16 дахь хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 10 сарын 7-ны лхагва гарагт АМТ-ийн байранд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн проф М. Эрдэнэ, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Ж.Ганбаатар, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, докторант И. Даваадорж, СУИС-ийн Соёлын сургуулийн багш, доктор (Ph.D) Э.Гэрэлмаа болон  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан судлаачид, төгсөгчид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааг АМТ-ийн Ерөнхий захирал Рикардус Габут нээж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр оюутан судлаачид болон тэдний судалгааны ажлыг удирдсан багш нарт талархал илэрхийллээ. Үүний дараа АМТ-ийн Гүйцэтгэх захирал, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарь үг хэлэв. Тэрбээр Төвийн үйл ажиллагааг танилцуулж, ялангуяа «Оюутан судлаач» тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго, оюутан судлаачдыг дэмжих бодлого, хөтөлбөрийн ач холбогдлын талаар ярилаа. Мөн удирдагч багш нар болон оюутнуудад судалгааны ажилд идэвхтэй, хариуцлагатай оролцдогт нь баярласнаа уламжлав.

Хөтөлбөр ёсоор "Шилдэг удирдагч багш"-аар шалгарсан МУИС-ийн профессор М. Эрдэнэ, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, докторант И. Даваадорж болон "Оюутан судлаач -2026" эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн IV курсийн оюутан З. Хишигбаяр, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш, монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн III курсийн оюутан Б. Лхагвачимэг MУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн антропологи хөтөлбөрийн IV курсийн оюутан Б. Мөнхжин нарт ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал (500.00 төгрөг)-ийг АМТ-ийн Ерөнхий захирал Рикардус Габут, Гүйцэтгэх захирал доктор (Ph.D), дэд профессор Г.Цэцэгдарь нар гардуулж, улам их амжилт гаргахын ерөөл өргөлөө.

Шилдэг удирдагч багш нар үг хэлж, судалгааны чиглэл, оюутныг чиглүүлэн ажиллаж ирсэн туршлага, зөвлөмжөө хуваалцав.

Мөн 2025-2026 оны хичээлийн жил «Оюутан судлаач» тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон оюутнууд өөрийн судалгааны ажлын туршлага, хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, ур чадвар, энэ нь цаашдын суралцах болон хөгжих замд нь хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцсан нь шинэ оюутан судлаачдад  урам зориг өглөө. Үйл ажиллагааны төгсөлд тус хөтөлбөрт хамрагдаж, судалгааны ажлын арга зүйд суралцаж, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи хөтөлбөрийн IV курсийн оюутан Б. МӨНХЖИН, Археологи хөтөлбөрийн II курсийн оюутан Ш. УНДРАХ-ЭРДЭНЭ, Б. ШҮРЭНЦЭЦЭГ, III курсийн оюутан Ё. АДЪЯАЛХАМ, IV курсийн оюутан Э. ӨСӨХБАЯР, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш-Монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн III курсийн оюутан Н. БЯМБАЖАРГАЛ, Б. ЛХАГВАЧИМЭГ, Ч. ӨНӨРЗАЯА, IV курсийн оюутан Г. ГАНСУВД, Утга зохиол судлал хөтөлбөрийн III курсийн оюутан Б. ЗОЛБОО, IV курсийн оюутан Б. НОМИН, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн I курсийн оюутан Г. ЛХАГВАНАРАН, III курсийн оюутан Ү. СОЛОНГО, Г. ЭНХЖИН, багшийн IV курсийн оюутан З. ХИШИГБАЯР, С. ЦЭЛМҮҮН, С. ЧУЛУУНЦЭЦЭГ, МУБИС-ийн НХУС-ийн Багш монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн IV курсийн оюутан Э. БУДСҮРЭН, МУБИС-ийн НХУС-ийн Түүх нийгмийн ухааны багш хөтөлбөрийн IV курсийн оюутан Эрдэнэбатын БААТАР болон 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар шалгаруулалтад оролцож, тэнцсэн оюутнуудад “Эрдмийн хэлхээ” (Strings of Knowledge) оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн арван тавдугаар боть (ISSN: 3162-0590 дугаартай)-ийг өргөн барилаа.

Уламжлал ёсоор АМТ-ийн ажилтнуудын бэлтгэсэн сэндвичээр ирсэн зочдоо дайлж, халуун яриа өрнүүлэв. Нээлтийн үйл ажиллагаа 21:00 цагт өндөрлөлөө.

Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, багш, оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд  тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжих нөхцөл боломжоор бүрэн дэмжин ажилладаг CICM байгууллага, АМТ-ийн удирдлагад талархал илэрхийлье.