“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан судлаач – Анхны доктор (Ph.D) Галсандоржийн БАТТҮШИГ

“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан судлаач – Анхны доктор (Ph.D)

Галсандоржийн БАТТҮШИГ

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүх судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г. Баттүшиг академич Ц. Батбаярын удирдлага дор “Монголын худалдааны хөгжил: Гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл (1921–1932)” сэдвээр 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалсан байна.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан судлаач, төгсөгч Г. Баттүшигтээ Түүхийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсанд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе!

МУБИС-ийн оюутан Г. Баттүшиг нь 2017–2018 оны хичээлийн жилд Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, судалгааны арга зүйд суралцан, эрдэм шинжилгээний ажлын гараагаа эхэлсэн билээ. Өдгөө 15 дахь жилдээ хэрэгжиж буй тус тэтгэлэгт хөтөлбөрөөс төрсөн, докторын зэргийг анхдан хамгаалсан судлаач нь Г. Баттүшиг болж байна.

Түүний энэ амжилт МУИС, МУБИС, ШУА-ийн судлаач эрдэмтэдтэй хамтран хэрэгждэг, залуу судлаачдыг дэмжих, эрдэм шинжилгээний арга зүйд сургах зорилготой “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүн, үнэ цэнийг илтгэх бахархам нэг үйл явдал боллоо.

Доктор Г. Баттүшигийнхээ эрдэм судлалын ажилд өндөр амжилт, арвин бүтээл туурвилыг хүсэн ерөөж, Монголын түүх судлалд үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсэд нь амжилт хүсье.

Эрдэм судлалын зам тань дардан, бүтээл туурвил тань арвин байх болтугай!