Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн оюутан судлаачид “ТӨГСӨЛТИЙН БАЯР”-аа 2026 оны 5 дугаар сарын 6-ны лхагва гарагт АМТ-ийн байранд баяр хөөртэйгөөр тэмдэглэлээ.

Баярын үйл ажиллагаа төгсөгч 9 оюутан судлаачид хонх зүүж өгснөөр эхэлсэн бөгөөд АМТ-ийн захирал Рикардус Габут төгсөгчдөд удирдагч багшийн удирдлагаар судалгааны ажлаа хийж, "ОЮУТАН СУДЛААЧ" тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай дүүргэсэнд баяр хүргээд, "БАТЛАМЖ", үнэ бүхий зүйлийг дурсгал болгон хадгалууллаа.

"Дурсамж хичээл"-ийг хөтөлбөр хариуцсан ажилтан, доктор (Ph.D) Т. Батбямба заалаа.

Төгсөгчдөдөө зориулаад "Антоон минь баяртай" кино жүжгийг оюутан судлаач Ё.Адъяалхамын найруулгаар дэглэж, толилууллаа.

Баярын ширээг тойрон суухдаа АМТ-д өнгөрүүлсэн нандин дурсамжаа болон хөтөлбөрт хамрагдаад сурч мэдэж авсан зүйлсээ ярьцгаалаа.

Мөн баярлаж талархсан сэтгэлээ ч АМТ-дөө, удирдагч багш нартаа, оюутан судлаач ах эгч, найз, дүү нартаа илэрхийлэхийн сацуу энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаа маань цааш цаашдаа улам өргөжин дэлгэрэхийн ерөөлийг өргөцгөөлөө. 

Баярын төгсгөлд АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарь Си Ай Си Эм байгууллагаас АМТ-ийг үүсгэн байгуулсан тэрхүү түүхэн үеийн тухай хийгээд нэрт монголч эрдэмтэн Антоон Мостаэртын судалгааны ажил үйлээ хийж эхэлсэн талаар дурдаж, судалгааны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгыг хангаж ажиллахад бүх талаар дэмжлэг үзүүлдэг Си Ай Си Эм байгууллага болон АМТ-ийн захиралд талархлаа илэрхийллээ. Мөн тус баярыг амжилттай зохион байгуулахад гар бие оролцсон ОЮУТАН СУДЛААЧДАДАА талархсанаа илэрхийлж, ажил үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөлөө.

Эцэст нь уг баярыг хариуцан, сэтгэлд тодхон үлдэх сайхан дурсамжийг бүтээж өгсөн Б. Золбоо ахлагчтай хамт олонд чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлье. 

 

НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

АМЬДРАЛ, АЖИЛ ҮЙЛСИЙНХ НЬ ЗАМ ДАРДАН БАЙГ ЭЭ.

 

Тайлан бичсэн Т. Батбямба

2026. 05. 07    12:10