Си Ай Си Эм байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 2025-2026 оны хичээлийн жилд “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, судалгааны ажил хийж байгаа оюутан судлаачдын дунд “ОЮУТАН СУДЛААЧ - 2026” эрдэм шинжилгээний хурлыг “ТҮҮХ, АРХЕОЛОГИ, АНТРОПОЛОГИ”, “ХЭЛ ШИНЖЛЭЛ”, “УТГА ЗОХИОЛ” гэсэн 3 салбартайгаар 2026 оны 4 дүгээр сарын 29-ний лхагва гарагт зохион байгууллаа.
“ТҮҮХ, АРХЕОЛОГИ, АНТРОПОЛОГИ”-ийн салбар хуралдаанд 4, “ХЭЛ ШИНЖЛЭЛ”-ийн салбарт 5, “УТГА ЗОХИОЛ”-ын салбарт 4 оюутан судлаач илтгэлээ хэлэлцүүллээ.
Тус эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр
- ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, хөтөлбөрийн зохицуулагч Г. Зулбаатар,
- Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант М. Пагмадулам,
- ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторант Г. Цэнгүүн,
- ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн докторант Г. Баттүшиг,
- СУИС-ийн Эрдэм шинжилгээ, ахисан түвшний хөтөлбөрийн албаны эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, соёл судлалын докторант Ц. Улаанаа нарын “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ хэвлүүлж байсан, өдгөө эрдмийн зэргээ хамгаалахаар ахисан түвшинд суралцаж, эрдэм судлалын ажлаа тууштай хийж байгаа залуу судлаачид уригдан ирж ажиллалаа.
Хөтөлбөрийн дагуу илтгэгч тус бүр 10-15 минутад илтгэлээ танилцууллаа. Шүүгчид салбар тус бүрийн илтгэлийг сонссоны дараа илтгэгч нэг бүрээс асуулт асууж, санал зөвлөгөө өглөө.
Илтгэлүүдийг 1. Цаг барих, 2. Сэдвийг зөв томьёолсон эсэх, 3.Судалгааны ажлын зорилгоо хангасан эсэх, 4. Судалгааны ажлын шинэлэг тал, 5. Судалгааны ажлын ач холбогдол, 6. Илтгэх ур чадвар, 7. ППТ /20 слайдад багтаах/, 8. Зөв бичих дүрэм гэсэн 8 үзүүлэлтээр 1-5 оноогоор дүгнэж, салбар тус бүрээс нэг, нэг илтгэгчийн шалгарууллаа.
Шүүгчдийн онооны нэгдсэн дүнгээр MУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн антропологи хөтөлбөрийн IV курсийн оюутан Б. Мөнхжин “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХНЫ САРЫН ТЭМДЭГ ИРЭХ НАС БОЛОН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА”, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн IV курсийн оюутан З. Хишигбаяр “МОНГОЛ ХЭЛЭН ДЭХ ГАДААД ҮГИЙН ХӨӨМИЙН ЭГШГИЙН ДУУДЛАГА, АВИАНЫ ХУВЬСАЛ (АНГЛИ ОРОС ХЭЛНИЙ ЖИШЭЭГЭЭР)”, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш - Монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн III курсийн оюутан Б. Лхагвачимэг “С.Чойсүрэнгийн туульсын баатруудын нэр, нэршлийн өвөрмөц чимэг үгийн судалгаа (“Галзуу хар хөхөл”, “Эзэн улаан бодон”, “Бужин даваа хаан” туулийн жишээн дээр)” сэдэвт илтгэлээрээ тус тус ТЭРГҮҮЛЛЭЭ.
Хурлын төгсгөлд АМТ-ийн зөвлөх, доктор, дэд профессор Г. Цэцэгдарь нэг хичээлийн жилийн турш судалгааны ажлаа хийсэн оюутан судлаачид, тэдний судалгааны ажлыг удирдан чиглүүлсэн эрдэмтэн багш нар, илтгэлийг шүүж, шалгаруулсан эрхэм шүүгчид болон хуралд суусан оюутнууддаа талархлаа илэрхийлэхийн ялдамд "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийн цаашдын төлөвлөгөөний талаар ярилаа.
Тэргүүн илтгэлүүдийн шагналыг ирэх намар болох 2026-2027 оны хичээлийн жилийн “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтийн ажиллагааны үеэр гардуулна.
Уг эрдэм шинжилгээний хурал 15:20-д эхэлж, 21:30-д өндөрлөлөө.

Тайлан бичсэн Т. Батбямба
2026 оны 4 сарын 30 17:00
