Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025–2026 оны хичээлийн жилийн II хагас жилийн төлөвлөгөөний хүрээнд “Эрдэм шинжилгээний өгүүлэлд шүүмж бичих аргачлал” сэдэвт семинарыг 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.
Тус семинарын хүрээнд оюутан судлаачид “Эрдмийн хэлхээ” XIV ботид хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдээс тус бүр нэгийг сонгон авч, түүнд шүүмж бичсэнээ долоо хоног бүрийн лекц-ярилцлагын дараа танилцуулж эхэлсэн юм.
2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн лекц-ярилцлагын үеэр Б. Мөнхжин, Э. Өсөхбаяр, Э. Баатар, Ш. Ундрах-Эрдэнэ, Б. Номин нар эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн шүүмжээ танилцуулж, тухайн өгүүллийн зохиогчидтой санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үйл ажиллагааны төгсгөлд Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Г. Цэцэгдарь оюутан судлаачдын бичсэн шүүмжүүдийг дүгнэж, анхаарах зарим асуудлын талаар зөвлөмж өглөө.
Шүүмжлэл нь баримт, нотолгоонд тулгуурласан байх ёстой гэсэн үндсэн зарчмыг баримтлан шүүмжээ бичиж, идэвхтэй оролцон танилцуулсан оюутан судлаачдад талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.




Мэдээ бичсэн Т. Батбямба
2026. 03. 13 10:00 цаг
