Оюутан судлаач З. Хишигбаярын “Монгол хэлэнд өндөр давтамжтай гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан эгшиг авиалбарын хүрээнд)” өгүүллийн тухай шүүмж

З.Хишигбаярын “Монгол хэлэнд өндөр давтамжтай гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан эгшиг авиалбарын хүрээнд)”

өгүүллийн тухай шүүмж

 

Өгүүллийн зохиогч: МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн II түвшний оюутан З. Хишигбаяр

Шүүмж бичсэн: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга, зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Б. Номин

 

З.Хишигбаярын “Монгол хэлэнд өндөр давтамжтай гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан эгшиг авиалбарын хүрээнд)” өгүүлэл нь 2024 онд “Эрдмийн хэлхээ” сэтгүүлийн XIV ботид хэвлэгдсэн. Тус өгүүлэлд өдөр тутам болон цахим орчинд түгээмэл хэрэглэж буй зарим гадаад үгийг түүвэрлэн авч, дуудлагын зөрүүг тогтоохыг зорьжээ. Ингэснээр хэлний үзэгдлийг авиа зүйн үүднээс судлах, харь хэлний нөлөөнөөс хамгаалах, гадаад үгийн хэрэглээг таниулах болоод суралцахуйн олон ач холбогдолтой юм. Энэхүү өгүүлэл товч агуулга, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй.

“Монгол хэлэнд өндөр давтамжтай гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан эгшиг авиалбарын хүрээнд)” өгүүлэл гадаад үгийн зарим дуудлага монгол хэлэнд илрэхдээ ондоошиж, “монголждог”[1] гэх үндсэн санаатай бөгөөд цахим орчин, мэдээллийн сайтад олон давтагдсан үгийг түүвэрлэн дата хөмрөг бүрдүүлж, шинжилжээ. Ингэхдээ англи, монгол хоёр хэлний үгийг АйПиЭй (IPA) галигаар галиглан харьцуулсан байна. Үр дүнд нь хэлний босоо байрлалаар өндөр эгшиг нам эгшиг болж, нам эгшиг өндөр эгшиг болж ондоошдог, хэлний хөндлөн байрлалаар хэлний урдуурх эгшин хэлний дундуурх эгшиг болж ондоошдог, уруулын бус эгшиг уруулын эгшиг болж ондоошдог, хос эгшиг дан эгшиг болж ондоошдог, нийт 10 богино эгшиг авиалбараас [æ] эгшгийн ондоошил хамгийн түгээмэл[2] гэсэн таван зүй тогтол илэрчээ.

З.Хишигбаярын дээрх судалгаа шинэлэг бөгөөд цааш гүнзгийрүүлэн сайжруулбал практик ач холбогдолтой юм. Түүнчлэн англи, монгол хоёр дуудлагыг АйПиЭй галигаар галигласан нь зөрүүг харьцуулахад тохиромжтой, зөв шийдэл болжээ. Мөн судалгааны түүврийн хэмжээ тодорхой зүй тогтол ажиглахад хангалттай хэмжээтэй байна. Гэсэн хэдий ч зарим нэг засаж сайжруулах тал буйг дурдвал дараах байдалтай байна. Үүнд:

Нэгдүгээрт өгөгдөл цуглуулж, задлан шинжилж, зүй тогтлыг ажигласан боловч түүний учир шалтгааныг тайлан тайлбарласан хэсэг байсангүй. Н.Чомский “Өгүүлбэр зүйн онолын зарим асуудал” (Aspects of the Theory of Syntax) номдоо хэл шинжлэлийн тайлбарын түвшнийг хэлний бодит өгөгдлийг зөв бүртгэх, хэлний бүтцийг системтэй тайлбарлах, яагаад ийм бүтэцтэй байгаа учир шалтгааныг тайлбарлах гэж гурав хуваасан байдаг[3]. “Монгол хэлэнд өндөр давтамжтай гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан эгшиг авиалбарын хүрээнд)” өгүүлэл эхний хоёр түвшинд хүрч буй боловч гурав дахь түвшинд хүрээгүй нь онолын үндэслэл дутмагаас үүдэлтэй байх боломжтой.

Хоёрдугаарт цуглуулсан өгөгдөлдөө статистикийн онол, арга зүй, тайлбар[4] нэмснээр маргашгүй тогтвортой хөмрөг үүсгэж болно.

Гуравдугаарт ном зүйд оруулсан ном бүрээ үндсэн хэсэгтээ эшилсэн байх шаардлагатай байдаг. Ном зүй ба зүүлтийн тоо зөрсөн байсан.

Дүгнэн үзвэл З.Хишигбаярын “Монгол хэлэнд өндөр давтамжтай гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан эгшиг авиалбарын хүрээнд)” өгүүлэл нь өмнө судлагдаагүй шинэлэг, хэл сурах болоод эх хэлнийхээ онцлогийг харгалзан үзэж, харь хэлний нөлөөнөөс сэргийлэх ач холбогдолтой, цаашид сан хөмрөгөө нэмэгдүүлэн, онолын үндэслэл нэмэн гүнзгийрүүлж судлах бүрэн боломжтой байна.

 

НОМ ЗҮЙ

            Эх хэрэглэгдэхүүн

Хишигбаяр, З. (2024). Эрдмийн хэлхээ XIV. Улаанбаатар: Адмон принт.

            Судалгааны бүтээл

Чомский, Н. (1965). Өгүүлбэр зүйн онолын зарим асуудал. Кэмбриж: Мит пресс.

Нарантуяа, Д. (2014). Статистик. Улаанбаатар: Соёмбо принтинг.

 

 

 

[1] З.Хишигбаяр, Эрдмийн хэлхээ XIV (Улаанбаатар: Адмон принт, 2024), 29.

[2] З.Хишигбаяр, Эрдмийн хэлхээ XIV (Улаанбаатар: Адмон принт, 2024), 34-35.

[3] Н.Чомски, Өгүүлбэр зүйн онолын зарим асуудал, (Кэмбриж: Мит пресс, 1965), 24-27.

[4] Д.Нарантуяа, Статистик (Улаанбаатар: Соёмбо принтинг, 2014).