ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Б. БААТАРХҮҮ “МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМЛЭХ ҮНЭ ЗҮЙЛ” СЭДЭВТ ЛЕКЦ УНШЛАА

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025-2026 оны хичээлийн II хагас жилийн хоёр дахь лекц-ярилцлагын зочноор СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан, Түүхийн ухаан доктор (Ph.D), дэд профессор Б. Баатархүү уригдаж, “МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМЛЭХ ҮНЭ ЗҮЙЛ” сэдвээр лекц уншлаа.

Тэр бээр

  • Монголчуудын дунд явуулсан үнэт зүйлийн судалгаа, түүний үр дүн,
  • Үнэт зүйл ба соёлын харилцаа холбоо,
  • Соёлын өөрчлөлт,
  • Соёлын хэлбэрдмэл байдал,
  • Соёлын харьжих үзэгдэл,
  • Ёс суртахуун, мэргэжлийн ёс зүй,
  • Нүүдлийн соёлын хамгаалах асуудал,
  • Соёлын язгуур өв соёлын хадгалж хамгаалалт,
  • Соёлын бие бус өвийг судлахтай холбоотой хуулийн зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндөж, түүнээ жишээ баримтаар тодруулж, тайлбарлалаа.

Лекцийн агуулга:

  • Аливаа улс үндэстэн ард түмнийхээ дунд үнэт зүйлийн судалгааг явуулж, чиг баримжааг авах, цаашдыг зорилгоо тодорхойлдог бөгөөд Монгол Улсын хувьд үнэт зүйлийн судалгааг хэд хэдэн байгууллага явуулсаар ирсэн уламжлалтай. СУИС-ийн хувьд 2013 онд санаачлан, 2014 оноос шат дараатай хэлэлцүүлгүүдийг хийж, улмаар үнэт зүйлийг тодорхойлох түүврийн социологийн судалгааг Монгол Улсын тодорхой аймаг, сум, дүүргийн хүн амын дунд хийж, Монгол хүний үнэт зүйлийг тодорхойлж, тайлангуудаа хэвлүүлсэн. Үүний дараа 2020 онд “ЭРДЭНИЙН СУДАР”-ЫГ ДЭЭДЛЭН ЗАЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ гарсан.
  • “Алсын хараа 2050” Бодлогын баримт бичигт Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг
  1. Ёс суртахуун
  2. Нүүдэлчний ухаан
  3. Өв соёл
  4. Эрдэм боловсрол
  5. Монгол хэл
  6. Эх нутаг
  7. Төрт ёс
  8. Гэр бүл
  9. Монгол хүн гэсэн есөн зүйлээр тодорхойлсон. Одоо СУИС-аас эдгээр үнэт зүйл тус бүрээр нэг сэдэвт судалгааны бүтээл хэвлүүлж эхлээд байна. Түүнчлэн, СУИС Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад, 1 жилийн турш соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, улмаар өнгөрсөн долоо хоногт нээлтийг үйл ажиллагааг хийсэн.
  • Үнэт зүйлсийн суурь нь ёс суртахуун бөгөөд ёс суртахуун байхгүй бол бусад үнэт зүйл нь орших боломжгүй. Харин соёл бол динамик. Иймээс соёл бол хүссэн хүсээгүй өөрчлөгдөж байдаг. Тухайлбал:
  • Соёлын өөрчлөлт гэж юу вэ? Үүнийг жишээгээр тайлбарлавал:
    • Намайг бага байхад машинаар нүүж байгаа айл бол их хөгжсөн, тэмээгээрээ нүүж байгаа бол ядарсан айл гэсэн ойлголт байлаа. Одоо бол малчид техник технологийн дэвшлийг ашиглаж, нүүж байгаа нь соёлын өөрчлөлт юм.
    • Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчид нүүхийн тулд даргын тушаалыг хүлээж, Харганатын  талбайд хадланд гарна. Бэлчээрийг хашаажуулсан байна. Үүнийг “ногоон алт” гэсэн төсөл. Уг төслийн үр дүнд эерэг тал ч байна, сөрөг зүйл ч байна. Үүнийг монголын нүүдэлчдийн амьдралд гарч буй соёлын өөрчлөлт гэж хэлж болно.
  • Соёлын хэлбэрдмэл байдал гэж юу вэ?
  • Өглөө сүү, ногоон батгана шавчихсан, өтчихсөн хонины хаа, архины шил бол Төрийн тахилгат Алтан овооны тахилгын дараах дүр зураг. Хаа сайгүйуул овооны тахилга  ийм байдалтай болж байна. Энэ бол нийтлэг дүр төрх. Гэтэл Монгол Улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг яаралтай хамгаалах өвд “Уул овооны тахилга”-ыг бүртгүүлчихсэн. Үүнийг соёлын хэлбэрдмэл байдал гэж хэлж болно.
  • Дундговийн Хүслийн ууланд торгон дээлтэй нэгэн эр архи өргөнгөө “эд хөрөнгийг минь арвижуулж хайрла” гэж хашхирч байна. “Тунгалаг тамир” кинонд хүүхэд Тайхар чулуунаас мөсөн чихэр гуйж байдаг. Хүүхэд бол гуйж болно.
  • Гэтэл Алтайн Урианхайчууд уул овоондоо мөргөж, цацал өргөж, хүслээ шивнэхдээ

Арван гурван Алтай минь

33 хурмаст минь

Ховд Харганатын гол минь

Хотон хурган гол минь

Долоон хошуу ардыг минь

Энх тайван байлгаж хайрла

Дайн дажингүй байлгаж хайрла

Өвчин зовлонгүй байлгаж хайрла

Хаг гэх ханиадгүй

Тог гэх томуугүй

Байлгаж хайрла хэмээдэг.

Намайг баяжуулаад өгөөч ээ гэж гуйсан хэр нь, уул овоондоо хог тариад, ялаа батгана шавуулж байгаа нь соёлын хэлбэрдмэл байдал юм.

  • Цонхоороо 1 литр сүү өргөчхөөд, цацал өргөж байна гэж ойлгож байгаа нь “”цацал өргөх”-ийн уг чанарыг алдагдуулж байна.
  • Зөрсөн очир, Нацагдорж гэж ярьж бэлгэддэг офицерын мөрдөс дээрх өлзий хээг  траншейны таг дээр үйлдвэрлэж, хүний хөлд байршуулсан нь ч үүнтэй адил зүйл юм.
  • Шагайг монголчууд шүдэндээ хүргэдэггүй, хоосрохын бэлгэдэл гэж үздэг. Тиймээс шагайн хэлбэртэй ааруулыг цээрлэх нь зүйтэй.
  • Соёлын харьжих үзэгдэл гэж юу вэ?
  • Үндэснийхээ соёлыг дорд үзээд, харийн соёлыг тахин шүтэх үзэгдэл. Хүн бол соёлын амьтан учраас харьжих үзэгдэлд их автаж байна. Тухайлбал: “Туг ч барина. Тугал ч барина.” хэмээн бичээд Дорноговийн өөрийн өсөж төрсөн бууцандаа болон Тайландын далайн эрэг дээр авхуулсан хоёр зургаа харьцуулан тавьжээ.
  • Ёс суртахуун гэдэг бол хүн хүнтэйгээ, хүн байгальтай, хүн эд юмстай, хүн нийгэмтэй харьцах харьцааны тухай асуудал бөгөөд энэ нь гэр бүл, нийгмийн орчноос үүсдэг байна. Ёс суртахууныг Модун Шаньюйгийн “Газар бол улсын үндэс”, Чингис хааны Чанчун Бумбад хэлсэн “Монгол гүрэн бол мянган жилийн тэртээх эртний Хүннүгийн хойчис” хэмээх онолуудаар тайлбарлаж, энэ үе бол ёс суртахууны сэргэлтийн үе байсан гэдгийг тодотголоо.
  • Мэргэжлийн ёс зүйг загасгүй нуурыг загасжуулсан академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар загасны хэмээх нэрээр олноо танигдаж, алдаршсан А. Дулмаа судлаачийн ажил үйлээр тайлбарлалаа.
  • Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд удирдагч хүний ёс суртахуун чухал үүрэгтэй бөгөөд үүнийг эх орныхоо төлөө хийсэн тэмцэгчдээр жишээ татан ярилаа.
  • Ёс зүй гэдэг нь өөрөө өөрийгөө хянах явдал юм. Хүнд мэдлэг, ур чадвар, туршлага, ёс зүй гэсэн гурван шинж бүрдэх ёстой. Хүнийг хүн болгоё гэвэл ёс суртахуунтай болгох хэрэгтэй. Хялбар аргаар олж авсан мэдлэг замхран оддог бол хэцүү бэрхийг туулж олж авсан мэдлэг өгөөжөө үлдээдэг тул оюутан залуус эрдэм номд шунан дурлаж, суралцах ёстойг санууллаа.
  • Хэт өндөр хөгжил нь амьдрах чадварыг алдагдуулдаг тул амаа ангайн хоол өгөхийг хүлээдэг ангаахайн амьдралаас татгалзахын ач холбогдлыг тайлбарлалаа.
  • Соёлын өвийг ойлгоно гэдэг бол хүүхэд залуучуудын ойлгож буй ойлголт, хандлага юм. Монгол соёл бол байгалийг хамгаалдаг соёл учраас язгуурын соёлыг хадгалж, хамгаалахад анхаарлаа хандуулахын чухлыг дурдлаа.

Оюутан судлаачдаас М. Санчирмаа, С. Цэлмүүн, Ё. Адъяалхам нар соёлын асуудал хийгээд хээрийн шинжилгээ хийх арга зүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариултаа авлаа.

“Монгол хүний ёс суртахууны өгөгдөл сэргэвэл монгол улс хөгжихөд маш амархан. Монгол Харвард, гадаадад төгссөн хүн цөөдөөгүй. Гагцхүү ёс суртахуунлаг хүн л цөөдөөд байна.” гэсэн үгээр уг лекц ярилцлага 20:30 минутад өндөрлөлөө.

 

Мэдээ бичсэн: Т. Батбямба

2026. 03. 12    13:00