ОЮУТАН СУДЛААЧДЫН “МОНГОЛ СОЁЛ” ЦАГААН САРЫН ЗОЛГОЛТ БОЛОВ.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв (АМТ)-өөс 2025 оны модон могой жилийн ‘Монгол соёл’ цагаан сарын золголтыг оюутан судлаачдынхаа дунд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд оюутнууд маань монгол үндэстний дээл хувцастайгаа ирж, ардын дуу, бүжиг, шүлгээрээ мэндчилгээ дэвшүүлсэн нь үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэлж буйн илрэл болж байна.

Тус үйл ажиллагааны үеэр 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс АМТ-ийн захирлаар томилогдон ажиллаж буй Нжеок Голиме оюутан судлаачдад хандан, залуу хүмүүс бол улсын ган төмөр юм гэсэн франц хэллэг байдаг. Би та бүхнээс энэ улсын ирээдүйг харж байна. Залуу насандаа гал цогтой, “галзуу” байх хэрэгтэй. Тэгэхдээ ирээдүйдээ ямагт бэлтгэлтэй байгаарай. Та бүхэндээ эрүүл энх, амар амгалан, сайн сайхныг хүсэн ерөөв.