Ишдоржийн ДАВААДОРЖ
МОНГОЛ ҮЛГЭР, ТУУЛЬ ДАХЬ ХАТДЫН
ЗҮҮДНИЙ ӨГҮҮЛЭМЖИЙГ ШИНЖЛЭН ҮЗЭХ НЬ
бүтэц, бичиглэлийн задлал шинжилгээ
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И. Даваадорж 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв (АМТ)-ийн “Оюутан судлаач” хөтөлбөрт уригдан ирж, “Монгол үлгэр, тууль дахь хатдын зүүдний өгүүлэмжийг шинжлэн үзэх нь” нэртэй эрдэм шинжилгээний өгүүллийнхээ бүтэц, бичиглэлийн задлан шинжилгээнд тулгуурлан судалгаагаа танилцууллаа.
Тус өгүүлэл нь АМТ-ийн Оюуны хэлхээ // Spiritual Strings эрдэм шинжилгээний бичгийн 2023 оны I (24) боть (77-88 тал)-д хэвлэгдсэн өгүүлэл болно.
И. Даваадорж ярианыхаа эхэнд Эрдэм шинжилгээний өгүүлэл гэж юу вэ? гэдгийг С1 түвшинд бичигдсэн Cambridge Dictionary-ийн тодорхойлолтод үндэслэн тайлбарлав.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь мэргэжлийн түвшний хамт олонд танилцуулагддаг, тодорхой бүтцийн дагуу мэргэжлийн үг хэллэг, нэр томьёогоор бичигддэг, эшлэл зүүлт, ном зүй бүхий эрдэм шинжилгээний найруулгын нэг төрөл байна. Тухайн эрдэм шинжилгээний өгүүлэл нь ямар сэтгүүлд хэвлэгдэж байгаагаас шалтгаалан үнэ цэн нь тодорхой түвшинд үнэлэгдэнэ, мөн эшлэгдэх боломж нэмэгдэнэ.
Эрдэм шинжилгээний өгүүллийг 9 төрөлд авч үзэж болно. Үүнд:
- Судалгааны өгүүлэл (original research articles) : удиртгал, арга зүй, хэлэлцүүлэг бүхий өгүүлэл Жнь: Монгол малын генетикийн факторт цаг уурын үзүүлэх нөлөө, хэв шинж
- Судалгааны тойм өгүүлэл (review articles) : хүүрнэл тойм буюу системчилсэн тойм өгүүлэл Жнь: Монгол улсаас олдсон хадны оршуулгын судалгааны тойм
- Мета-анализ өгүүлэл : статистик-т үндэслэл өгүүлэл Жнь: Төв Акийн тал нутагт уур амьсгалын нөлөөг судалсан мета-анализ
- Тохиолдлын судалгаа (case studies, case reports) : тусгай тохиолдлын тухай нарийвчилсан мэдээ бүхий өгүүлэл
- Богино бичвэр (short communication: brief reports/letters) : шинэ зүйлийн тухай товч тайлан хэлбэртэй өгүүлэл Жнь: Шинээр олдсон эртний монгол хэлний нэгэн баримтын тухай
- Чиг хандлага, санал дэвшүүлсэн өгүүлэл (perspective/opinion papers) : судалгааны чиг хандлага, уламжлалт судалгаанд орж буй шинэ хандлагын талаарх өгүүлэл Жнь: Ардын аман зохиолоос Хотын хүүрнэл хүртэл: Монгол аман зохиол судлал дахь шинэ чиглэлийн тухай
- Техникийн өгүүлэл (technical papers) : янз бүрийн технологи, программд суурилсан өгүүлэл Жнь: GIS технологид суурилан монголын эзэнт гүрний үеийн худалдааны замыг судлах нь (?)
- Хурлын илтгэл өгүүлэл
- Редакцын зурвас өгүүлэл (editorial and commentaring)
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэцтэй байна. IMRaD буюу Introduction/Удиртгал, Methods/Арга зүй, Result/Үр дүн and Discussion/Хэлэлцүүлэг (+ conclusion) гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Why, How, What, So What гэсэн байдлаар асуудлыг шийдвэрлэнэ.
Эрдэм шинжилгээний өгүүллийн ГАРЧИГ/НЭР нь товч, ойлгомжтой, бүхэл агуулгыг илтгэхүйц байна. ХУРААНГУЙ нь тус өгүүллийг бичих шалтгаан, үр дүнг илтгэсэн 150-250 үг бүхий товчлол байна. УДИРТГАЛ нь тус өгүүллийн сэдвийг танилцуулж, судалгааны асуулт, тейзис (thesis)-ыг багтаасан байна. ҮНДСЭН ХЭСЭГ-т тухайн бичвэрийг задлан шинжилсэн байдалд үндэслэн аргументыг танилцуулна. АРГА ЗҮЙ нь тус өгүүлэлд дэвшүүлсэн асуудлыг хэрхэн судалсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байна. ҮР ДҮН-г текст бичлэгээс гадна зураг, хүснэгт зэргээр илэрхийлж болно. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-т судалгааны үр дүн, тулгарсан асуудал, хязгаарлагдмал байдлыг тайлбарлана. ДҮГНЭЛТ хэсэгт судалгааны үр дүн, ирээдүйн хандлагыг товч, оновчтой бичнэ. Өөрөөр хэлбэл, өгүүллийн гол, түлхүүр санааг хураангуйлан бичнэ. НОМ ЗҮЙ-г тухайн өгүүллийн хэвлэгдэж байгаа сэтгүүлийн хэвлэн нийтлэх шаардлагад нийцүүлэн APA, MLA, Chicago гм стандарт/style-аар хийнэ.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь мэдлэг бүтээнэ. Ц. Гомбосүрэн Философи (2020) сурах бичигт “Мэдлэг бол хүн төрөлхтөн сэтгэлээрээ ертөнцийг ямар нэг байдлаар эзэмдэхүй мөн” (250) гэсэн бол Отгонбаяр нарын 2007 оны бүтээлд “Мэдлэг бол эмхэрч цэгцэрсэн, шилэгдсэн, тодорхой аргуудаар олж авсан, тодорхой шалгуурт тохирон хэлбэржсэн, нийгмийн утга холбогдол бүхий, нийгмийн тодорхой субъектүүд, бүлгүүд хүлээн зөвшөөрсөн мэдээлэл мөн” (86) гэсэн байдаг.
Мэдлэгийг 2 ангилна. 1). Ердийн мэдлэг : хүн бүр олж авч чаддаг, төрөлжиж, мэргэшээгүй, бичгийн биш шинжтэй, харьцангуй тогтвортой, амьдралын явцад олж авдаг 2). Онолын мэдлэг : объектив агуулгатай, эмхэрч цэгцэрсэн, төрөлжин мэргэшсэн, системлэг шинжтэй, судалгааны хэл, арга, хэрэгслийг шаарддаг, институтэжсэн зохион байгуулалттай.
Онолын мэдлэгийг 1). Шинжлэх ухааны / science : формаль болон туршилтын мэдлэг : Эдгээр нь математик болон логик-оор тайлбарлагддаг байна. 2). Шинжлэх ухааны бус / liberal arts гм : түүх, хэл шинжлэл, урлаг судлал, домог, шашин, философи, утга зохиол судлал, хөгжим судлал гм. Тодруулж хэлэхэд, шинжлэх ухааны бус мэдлэг гэдэг нь шинжлэх ухааны шинж чанартай мэдлэг гэдгийг нь орхиж, эсвэл өрөөсгөлөөр ойлгож болохгүй юм.
Удиртгал хэсгийг ерөнхийгөөс нэгж рүү буулган бичнэ, өөрөөр хэлбэл, доош харсан гурвалжин хэлбэртэй бичнэ. Жнь:
Монгол аман зохиолын төрөл зүйлд зүүд хүртэгдэх ертөнц, үйл хэрэгт нөлөөлөх хэлмэр дохиот оюун санааны үзэгдэл болохыг тодорхой харуулдаг.
Оньсогод зөнтэй зүүдийг мэдээд үхнэ, мэргэлээд босно хэмээн тодорхой хугацаанд нойрсоход ирэх цагийн хэрэг явдлыг мэргэлэн мэдэж, сэрдгийг шүлэглэн илэрхийлжээ.
Үлгэр, туульд баатар болоод түүний ураг садан эсвэл мангас махчин тэргүүтэн зүүдийг зөнтэй хэмээн итгэж, алив үйлдлийг хийж эхэлдэг. ... Тиймээс бид энэхүү өгүүлэлдээ баатарлаг тууль болон үлгэр дэх хатдын зүүд нь тухайн аман зохиолын төрөл зүйлийн өгүүлэмжид ямар үүрэгтэйг тодорхойлох юм.
Судлагдсан байдал буюу Уншихуй/Өөрийнхөө хэмжээнд Уншихуй-д анхаарах зүйл нь: тухайн салбарын тулгуур судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлтэй танилцах, эрдэм шинжилгээний бүтээлийн ном зүйтэй ажиллаж сурах, номын сангийн каталогтой харилцаж сурах: зохиогч, түлхүүр үгээр хайлт хийх, MARS, ISBD зэрэг харагдац бүхий системүүдийн бүхий л боломжийг ашиглах, ялгаатай катологиудыг ашиглах, тухайн сэдэвтэй холбогдолтой болоод сонирхолтой өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлийг тэмдэглэж авах, өөрийн сэдэвчилсэн сантай болох, судлагдсан байдлыг ном зүйн болоод сэдэвчилсэн байдлаар хийх, хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрөх, таны/судлаачийн тухайн сэдвийг судлах үндэслэл хэрхэн үүсэж байгааг тайлбарлах хэрэгтэй.
Миний танилцуулж буй өгүүллийн ТҮЛХҮҮР ҮГ нь тэнгэрийн дагина, тэнгэрийн зүүдний хүн, ураг хурим, зөрчил, зууч, архетип.
Эшлэх нь ямар ач холбогдолтой вэ? 1). Өөрийн гаргаж буй санал дүгнэлт-ийг бусдын судалгаагаар дэмжинэ, хамгаална 2). Өөрийн судалгаатай шууд болон шууд бус хамаатай бүтээлүүдээс эшлэх нь “Хүндлэл”-ийг бий болгоно. 3). Тухайн салбарт “үг дуугарах эрхтэй хүн шүү” гэдгээ мэдүүлдэг.
Оросын эрдэмтэн В. Пропп 1928 онд үлгэрийн 32 (31+1) функцийг гаргаж, кодолсны дагуу Агийн улаан хаан тууль, Эрийн сайн хар нүдэн Цэвээн хүү үлгэр, Гэсэр тууж, Авдай хааны түүх тууль, Хар нүдэн хүү үлгэр-үүдэд өгүүлэмжийн задлан шинжилгээг хийсэн болно. Өөрөөр хэлбэл, хүүрнэн өгүүлэх аман зохиол дахь цуваа-г гаргасан. Проппын дээрх код нь зайлшгүй бөгөөд түгээмэл шинжтэй тул монгол үлгэр, туульд нийцэж байна.
Өгүүллээ бичихдээ дэд сэдэв/гарчигт хуваарилан бүтэцчлэн үзүүлбэл ойлгомжтой байдлыг хангана.
Судалгааны арга зүй-д холбогдуулан хэлэхэд, анализ/синтез, индукц/дедукц -ийн арга бол судалгааны үндсэн арга биш, энэ бол эрүүл оюун ухаантай хүний тархинд өдөр тутамд явагдаж байдаг процесс юм. (Тархи чинь эрүүл л ажилладаг бол, хүний ухамсаргүй шахуу хийгддэг тархины процесс)
Хүмүүнлэгийн шинжлэх ухаанд тайлбарлалын хэл нь “онол” байна. Харин туршилт дээр тулгуурладаг салбарт арга зүй-г тодорхой өгүүлэх боломжтой.
Хиймэл оюун ухаанд суурилан уламжлалт аман зохиолыг судлах хандлага бий болсон. Улмаар харьцуулсан аман зохиол судлал эрчимтэй хөгжих боломж бий болсон.
Тайлан мэдээ бичсэн АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарь