Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 2024-2025 оны хичээлийн жилийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны сонгон шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны лхагва гарагийн 15:00-18:30 минутад зохион байгууллаа.
Тус шалгаруулалтад МУИС-ийн антропологи хөтөлбөрийн 5, Багш монгол хэл уран зохиол хөтөлбөрийн 4, Утга зохиол судлал хөтөлбөрийн 3, Түүх хөтөлбөрийн 1, Солонгос хэл, орон судлал хөтөлбөрийн 1, Турк орон судлалын 1, МУБИС-ийн Монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн 3, Түүх, нийгмийн ухааны багш хөтөлбөрийн 1, Отгонтэнгэр Их сургуулийн Аялал жуулчлалын менежмент хөтөлбөрийн 1, нийт 20 оюутан оролцлоо.
Сонгон шалгаруулалтад заасны дагуу ярилцлагыг оюутнуудтай хийв. Тэд “сурлагын мөнгөн тэтгэлэг олгодог бусад хөтөлбөрөөс ялгаатай хөтөлбөр”, “судалгааны ажил хийж, үр дүнгээ хэвлүүлдэг хөтөлбөр”, “төгсөх курсийн дипломын ажил хийхэд нэмэр болдог хөтөлбөр”, “багш нар нь санал болгосон хөтөлбөр”, “оюутнаас оюутанд санал болгосон хөтөлбөр”, “судалгааны ажлын ур чадвар, ёс зүйг эзэмшүүлдэг хөтөлбөр” хэмээн сонгож иржээ.
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс оюутнуудын судалгааны ажил хийх тууштай байдлыг харгалзах үүднээс өнөөдрийн сонгон шалгаруулалтад ирсэн бүх оюутныг эхний хагас жилийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд нээлттэй оролцуулахаар шийдвэрлэв.