Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн лекц ярилцлагын 2024 оны 3 дугаар сарын 6-ны дугаарт ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хөтөлбөрийн зохицуулагч, МУИС-ийн докторант, багш, "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийн анхны оюутнуудын нэг Г. ЗУЛБААТАР уригдаж, "СОЁЛООР ЭДГЭЭХҮЙ: МОНГОЛЧУУДЫН ЭМНЭХ, ДОМНОХ АРГА УХААН" сэдвээр лекц уншлаа.
Тэрээр лекцийн эхэнд анагаахын антропологи гэж юу вэ? Хэдийнээс ардын уламжлалт анагаах ухаан үүсэж бий болов? Анагаахын олон ургалч үзлийг илтгэх нийлмэл нийгмийн давхардсан гурван салбар буюу эрүүл мэндийн тогтолцооны түгээмэл, ардын, мэргэжлийн гэсэн 3 ангилал, тэдгээрийн онцлог хийгээд ДЭМБ-аас гаргасан судалгаагаар тус байгууллагын 170 гишүүн орон уламжлалт эм бэлдмэлийг хэрэглэдэг тухай баримт дээр суурилаад, энэ нь дэлхийн нийт хүн амын 65%-ийг эзэлж байгаа тухай судалгааны үр дүнг танилцуулав. Өөрөөр хэлбэл 65%-ийг эзэлж байгаа хүмүүс маань эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээндээ байгалийн нөөцөөс гаргаж авсан уламжлалт эм бэлдмэлийг хэрэглэж байгаа ажээ.
Цааш нь судлаач Г.Зулбаатар Монгол Улсын 10 аймгийн 25 суманд хийсэн хээрийн шинжилгээний судалгааны үр дүнгээ танилцуулав.
Тэрээр соёлоор эдгээх арга ухааны гүнд оршсоор байгаа (орон нутгийн чанартай болж хувирсан) мэдлэгийг шинжлэх ухааны судалгаагаар тодруулах нь зүйтэй гэдгийг онцолж хэлэв. Мөн энэхүү уламжлалт арга ухаанд байгалийн ховор ан амьтан, жигүүртэн шувуу, ургамал ногоог ашиглахад зохицуулалт нэн чухал гэдгийг дурдав.
Лекцийн төгсгөлд оюутан залуус илтгэгчээс сонирхолтой асуултуудыг асуухын зэрэгцээ өөрсдийн амьдралд ашигладаг эмнэх, домнох арга ухааныхаа талаар ярьж, халуун яриа өрнүүлэв. Лекц ярилцлага 1 цаг 30 минут үргэлжлэв.