Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн лекц ярилцлагын 2024 оны 3 дугаар сарын 13-ны дугаарт яруу найрагч, орчуулагч Мө. БАТБАЯР уригдаж, "УРАН ЗОХИОЛ ДАХЬ АР ҮЗЭГДЭЛ" (Үй Хуагийн романуудын жишээгээр) сэдвээр лекц уншлаа.
Уран зохиолын хөгжил нь аливаа улс орны эдийн засгаас шууд хамааралтай байдаг бөгөөд хоногийн хэрэгцээгээ хангасны үндсэн дээр дараагийн зүйлүүд урган гардаг хэмээснээр тус лекц ярилцлага эхлэв.
Илтгэгчийн онцлог нь сонсогч биднээс
- БНХАУ-д олон зохиолч байгаа хэдий ч 1980-аад оныхон дотроос нобелийн шагналтан төрсөн шалтгаан юу байсан бэ?
- Уран зохиолд “Өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого”-ын нөлөө хэр байв?
- Үндэснийхээ уран зохиолыг сэргээх шаардлага ба дэмжих бодлого нь юу байв? зэрэг асуултыг асууж, хариултыг нь олж ядах цаг мөчид дэлхийн хамгийн ядуу улсын нэг болсон БНХАУ-д хэрэгжсэн “Өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого”-ын үеийн түүхэн нөхцөл байдал болоод үр өгөөжийн үр дүнд үндэсний уран зохиолоо сэргээх шаардлага тулгарсан талаар, 1987 оноос бичиж туурвисан бүтээлүүдийг кино болгож хэлснээр хөгжлийн нэг түвшин дээшилсэн талаар, нэг талаас намын түлхээс, нөгөө талаас унших хэрэгцээ нь хангагдаагүй уншигчдын хөрс хэдийнээ бий болсон зэрэг олон асуудлын талаар ярив. Улмаар 5 жил шүдний эмчээр ажилласан Үй Хуа хэрхэн уран бүтээлч болж, бүтээлээ туурвиж эхэлсэн хийгээд “Амьдрахуй” романаа хэрхэн бичсэн талаарх дурсамжийг нь ярив.
Мөн тэр бээр АР ҮЗЭГДЭЛ хэмээх нэр томьёог Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романы 89 дүгээр талд буй “Орой болж манааны ээлжээ хүлээлцэв. Би ус нэмж, Фэн Шиа гал сэвүүрдэж, нөгөө хоёр маань унанги мөчир, гишүү түүнэ. Ийм янзаар ажилласаар шөнө дундлахад тосгоны бүх айл унтсан байв. Би гурван ч удаа ус нэмж, тэвэр тэврээр түлээ өрдсөөр суулаа. Гэвч төмөр хайлсангүй, бахь байдгаараа. Хөлс нь цувсан Жиа Жэн мод түшин суужээ.” хэмээх үйл явдал нь “Мао удирдагч аль 1953 оноос дотроо боловсруулж дарс шиг дарж яваад 1958 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн “Их үсрэнгүй давшилт”-ын нэгээхэн хэсгийг харуулж байгаагаараа “ар үзэгдэл” болж байгаа гэдгийг тайлбарлав. Өөрөөр хэлбэл уран зохиол дахь ар үзэгдэл гэдэг нь зохиолчид өнгөрсний түүхэд түшиглэж, бүтээлээ туурвих явдал ажээ.
Лекцийн төгсгөл хэсэгт тухайн уран бүтээлчийн улс үндэстнийхээ төлөө гүйцэтгэсэн үүргийг нь үнэлж, нобелийн шагналыг олгодог учраас бидний монголчууд уран зохиол, түүхэн зохиол хэмээн ялгалгүй, бахархлаа гүйцээх гэж бичих байдлаас татгалзахын чухлыг, өс санаж, үзэг шүүрч бичихийн хор уршгийг тайлбарласнаас гадна эрүүл, зөв дадал хэвшилтэйгээр, уйгагүй, тууштай уншиж, бичихийн ач холбогдлыг өөрийн бичих, орчуулах, хэл сурах арга барил, туршлага дээр тулгуурлаж ярив.
Ертөнцийн ер бусын хачин сонин үзэгдэл, үйл явдлыг эх хэлээрээ унших боломжийг олгож яваа яруу найрагч, орчуулагч Мө.Батбаярын лекц-ярилцлага 2 цаг үргэлжилж, 20:00 цагт өндөрлөв.