НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2023 оны 11 сарын 17-ны 15 цагт АМТ-өөс эрхлэн гаргасан Нэрт Монголч эрдэмтэн Игор дэ Рахевилцын 1971 онд хэвлүүлсэн “Их хаадад илгээсэн пап ламын элч нар” болон  Пап лам IX Пиюсын тунхагласан монгол, манж, хятад хэлээр бичсэн “Язгуураас хилэнц эс ойртсон чин бат охин Мариа” хоёр номын нээлт боллоо. АМТ-ийн захирал Эрвэ Кюафа Лонци нээж үг хэлэхдээ, тус хоёр номыг өнгөрсөн 9 сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Пап лам Францисын айлчлалд зориулан ажлын төлөвлөгөөндөө оруулан эрхлэн хэвлүүлсэн гэдгийг онцоллоо.

Номын нээлтэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС, МУБИС, СУИС, ОТИС, НСИСОУХ, Чингис хаан музейн, Үндэсний номын сан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцлоо.

“Их хаадад илгээсэн пап ламын элч нар” номын эхийг Академич Д.Төмөртогоо зохиогчоос нь олж ирж, манай төвд хүлээлгэн өгч орчуулан гаргахыг захисны дагуу нэлээн хэдэн жилийн дараа тус номыг орчуулан гаргалаа. Тус номын орчуулагчаар ОТИС-ийн багш Б.Нямсүрэн, редактораар ШУА-ийн, Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор (Ph.D) Г.Цэцэгдарь, түүхийн редактораар МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Д.Анхбаяр нар ажиллаа. Энэхүү номыг бүтээхэд олон хүн хувь нэмрээ оруулсан бөгөөд тусалсан эрдэмтэн судлаачдадаа туйлаас талархаж байгаагаа илэрхийлье!

Монгол, манж, хятад гурван хэлээр бичигдсэн Католик шашны агуулга бүхий “Язгуураас хилэнц эс ойртсон чин бат охин Мариа” номын гэрэл зургийн эхийг Академич Д.Цэрэнсодном одоогоос 20 жилийн өмнө Ватиканы номын сангаас олж авч ирж, АМТ-д хүлээлгэн өгч олны хүртээл болгохыг захисан билээ. Тус номын уйгуржин монгол бичгийн хэсгийг академич Д.Цэрэнсодном, доктор (Ph.D) Г.Цэцэгдарь нар, хятад хэлний хэсгийг МУБИС-ийн доктор (Ph.D) Г.Цогзолмаа, манж хэлний хэсгийг Чингис хаан музейн эрдэм шинжилгээний ажилтан докторант Э.Жаргалмаа, товч танилцуулгыг англи хэлнээс доктор (Ph.D) Г.Цэцэгдарь нар хийлээ. Мөн тус номын Өмнөх үг-ийг Кюафа Лонци Эрвэ, CICM бичлээ.  

Номын нээлтэд хүрэлцэн ирж, бидний ажлыг дэмжсэн эрдэмтэн судлаачдадаа талархаж буйгаа дахин илэрхийлье! Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв