“ХҮННҮГИЙН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2023.11.03

             “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 13 дахь хичээлийн жилийн I хагас жилийн лекц-ярилцлага 2023 оны 11 сарын 1-ний лхагва гаргийн 18:00-20:30 минутад АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн “Хүннүгийн археологийн судалгаа”  сэдвээр лекц уншлаа. Тэр бээр залуу судлаачдад хандан сайн судлаач болохын тулд өмнөх судлаачдын судалгааны ажлыг сайн харж, унших хэрэгтэй. Судалгааны ажил бичихэд арга зүй маш чухал учраас та бүхэн арга зүйгээ сайн олоорой хэмээн зөвлөлөө.

 

Лекцийн агуулгыг товч хүргэвэл:

  • Хүннүчүүд Цагаан хэрмээс Байгал нуур, Манжуураас Тэнгэр уул хүрсэн өргөн уудам нутгийг хэдэн зууны туршид захирч байсан тул тэдний үлдээсэн дурсгалууд Монгол, Хятад, Орос, Казак, Киргиз зэрэг олон улсын нутгаас илрэн судлагджээ.
  • Манай улсын нутгаас хүннү нарт холбогдох 12000 гаруй булш оршуулга, 16 хот суурины үлдэгдэл болон үйлдвэрлэлийн газрын ул мөр, хэд хэдэн хадны зураг бүхий дурсгалт газрууд илэрч, судалгааны ажил тасралтгүй хийгдэж байна.
  • Хүннүгийн булш оршуулгыг дотор нь язгууртны болон жирийн булшнууд хэмээн ангилж байна. Язгууртны булш нь одоогийн байдлаар монголын хил дотор, хилээс гадна (Буриад, Тува) гээд нийт 13 дурсгалт газраас мэдэгдэж байна. Манайд байгаа хамгийн алдартай дурсгал бол Ноён уул, Гол мод-1, Гол мод-2, Дуурлиг нарсны дурсгалууд юм. Энэ дурсгалт газруудад 300-500 булш нэг газарт байрлаж олдсон байна. Шинээр Завхан, Булган, Говь-Алтай аймгуудаас дурсгалт газрууд илрэн судлагдаж байна.
  • Хүннүгийн язгууртаны булшны онцлог гэвэл газрын байгууламж нь өнгөн хөрсөн дээр дөрвөлжин хэлбэртэй, чулуун хүрээлсэн байгууламжтай, өмнө талдаа үүдэвчтэй байдаг. Жирийн булшны онцлог нь цагариг хэлбэртэй, чулуун далантай байдаг. Язгууртны булш хэмээх ойлголтыг 1924 онд Ноён уулын дурсгалт газарт, малтан шинжилсэн бөгөөд түүнээс хойш Гол мод-1, Гол мод-2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Өвөр Байгалд Ильмийн ам, Царам зэрэг газарт судалснаар Хүннүгийн язгууртнууд, ялангуяа Хүннү гүрний төрийг барьж байсан шаньюйн удмынхны оршуулга хэмээн таамаглах болсон.
  • Хүннүгийн булшны хажууд дагуул булш байдаг. Үүнийг эх сурвалжид тэмдэглэн үлдээсэнтэй холбон тухайн язгууртны дагалдах цэргүүд юм уу, олзолсон хүмүүсийг эсвэл тухайн язгууртны ураг төрөл бус үйлчилж байсан хүмүүсийг дагуул болгон оршуулсан хэмээн таамаглаж байна.
  • Хүннүгийн язгууртны булшны далан буюу гол хэсэг нь тэгш өнцөгт (зарим тохиолдолд трапец-жишүү дөрвөлжин) хэлбэртэй байдаг. Одоогоор мэдэгдэж буй булшны дотроос хамгийн том хэмжээтэй нь Гол мод-II дурсгалт газрын 1-р булш юм. Булшны далан нь 46х46 метр (2116 м2) байна. Харин өдгөө малтан судалсан язгууртны булшнаас хамгийн бага хэмжээтэй нь 8.1х8.27 метр (66.9 м 2) Тахилтын хотгорын 64-р булш болно.
  • Булшны нүхийг дийлэнх тохиолдолд тэгш өнцөгт хэлбэрээр уруу нь харуулсан пирамид шиг шатлан ухсан байдаг. Нүхний хэмжээ доошлох тусам багасдаг нь хөрсний нуралтыг тооцоолсон шийдэл юм. Оршуулга үйлдсэний дараа нүхийг шороо, чулуугаар дүүргэж булсан байдаг нь замбараагүй хийгдсэн зүйл бус тодорхой зохион байгуулалттай байна. Булшны нүхний гүн ойролцоогоор 7-18 метр хүрнэ. Одоогоор малтан судлаад буй булшны хамгийн гүн нүх 18,3 метр бүхий Гол модны 20, Ноён уулын 20- р булш юм.
  • Хүннүгийн язгууртны булш нь дотоод зохион байгуулалтын хувьд гадаад, дотоод бунхан, авс зэргээс бүрдэнэ. Бунхан нь ихэвчлэн дүнзээр хийсэн байх ба ханыг элдэв хээ дүрс бүхий нэхмэл ширдгээр доторлодог байжээ. Авс нь ур хийц сайтай, дийлэнх нь дамар хэлбэрийн холбоосоор бэхэлэгдсэн байна. Авсыг торго, бөсөөр бүрж, толгой талд нар, сар хэлбэрт чимэглэл, ханыг туузан чимэглэлээр ханалан даруулж түүний голд цэцгэн хэлбэрт чимэглэл хадсан байдаг. Язгууртны булшны авсны чимэглэлийг гол төлөв ялтсан алтаар хийсэн байдаг нь нийтлэг зүйл юм.
  • Ноён уулын дурсгалт газрын 2 болон 31-р булшнаас илрэн олдсон хүмүүсийн дүрслэлтэй нэхмэлүүд илрэн гарсан. Үүн дээр дүрслэгдсэн хүмүүс нь Иран, Перс маягийн хүмүүс юм. Үүнээс үүдэн зарим гадаадын судлаачид хүннүчүүдийн өөрсдийн дүрслэл хэмээн үзэж байна. Нэхмэл эдлэлийг шинжилж үзэхэд ихэвчлэн Грек болон тэр хавийн улсуудад хийгдсэн байх магадлалтай байгаа юм.
  • Хүннүгийн малтлагаас олдсон чимэглэлүүд ихэвчлэн алтаар бүрсэн, оюу, сувд чулуугаар чимсэн байдаг. Алтан эдлэл хийдэг арга, өнгө хоршуулах байдал нь Европд их дэлгэрсэн байдаг. Дундад ази тэр дундаа зэрэгцэн оршиж байсан грек соёлтой улсуудаас гоёл чимэглэлийн зүйлс авч ирсэн байна.
  • Ноён уулын 20-р булшнаас 2006 онд нэгэн сонирхолтой олдвор олдсон. Эрэгтэй, эмэгтэй хүний дүрслэлтэй, дугуй мөнгөн эдлэл нь грекийн домогт гардаг хоёр дүр юм. Энэ эдлэл нь адууны тамга болон бусад зүйлтэй цуг олдсон. Хүннүчүүд авч ирээд морины чимэглэл болгосон байсан. Яг зориулалт нь Ромын цэргийн зуутын даргын хуягийн чимэглэл юм. Иймэрхүү чимэглэл гарч байгаа нь хүннүчүүд ромтой харилцаатай байсныг гэрчилнэ.
  • Шилийг үлээдэг аргаар аяга хийдэг технологи нь МЭӨ I зуунд Ромд бий болсон. Тэр үед шилэн аяга нь алтнаас илүү үнэтэй байсан тул Ромын язгууртнууд хэрэглэдэг байсан. Худалдаа найманд явах ямар ч боломжгүй байсан учир бэлэглэх, олзлох гэх мэтээр хүннүчүүдэд үлдсэн юм.
  • Хүннүчүүдэд холбогдох археологийн дурсгалын дийлэнх нь булш оршуулга боловч цөөнгүй тооны хот суурины дурсгал илэрсэн байна. Одоогоор Монгол болон ОХУ-ын Буриадын БНУ, Хакасын БНУ, БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО, Шаньси мужийн нутгаас Хүннүгийн үед холбогдох хот суурины үлдэгдэл болох 20 гаруй дурсгалт газар илэрчээ.
  • Манай хилийн гадна орших Хүннүгийн хот суурины дурсгалууд нь Өвөр Байгалд орших Иволгын суурин, Дурени (Дөрөө), Дурени-2, Баян-Өндөр, Доод Мангиртай, Ёнхор, Хакаст буй Абакан (Ли Лины ордон), Өвөр Монголын Ордост байгаа Тунванчен, Хятадын Шаньси мужийн Дабаодун зэрэг юм.
  •  Эдгээрээс дүгнэн үзэхэд: Хүннү нар бол НТӨ III зууны үеэс хүчирхэгжин түүхийн тавцанд гарч ирсэн нүүдэлчид юм. Тэд Модун шаньюйн үед хөрш зэргэлдээх олон овог аймгийг нэг удирдлага дор зангидаж түүхнээ анх удаа “нүүдэлчдийн төрт улс”-ыг байгуулсан билээ. Хүннүчүүдийн байгуулсан төрт улсын удирдлага зохион байгуулалтын бүтэц болох “аравтын систем”-ийг тэдний дараа төр улсаа байгуулсан бүх үеийн нүүдэлчид, тухайлбал сяньби, жужан, түрэг, уйгар, тэр ч бүү хэл Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрэн хүртэл мянга гаруй жил өвлөн уламжилж хэрэглэж ирсэн юм.
  •  Хүннү нар хэдэн зуун жилийн туршид өдгөө “торгоны зам” хэмээн нэрлэгдэх болсон Дундад Азийн нутгаар дайрдаг Ази ба Европ гэсэн эртний соёл иргэншилт хоёр тивийг холбосон худалгааны гол зам, боомтуудыг хяналтандаа байлгаж, тэндээс татвар авч эдийн засгийнхаа суурийг бэхжүүлж байсан бөгөөд Өрнө-Дорнын 2 том соёлт ертөнцтэй шууд харилцаж байсан тул соёлын хувьд харьцангуй эрт “глобалчлагдсан” байжээ.
  •  Хүннү нарын үлдээсэн бичгийн сурвалжийн мэдээ баримт нь тэднийг гол заналт дайснаа хэмээн үздэг, тиймээс ч нэрийг нь хүртэл зориуд доромжлон гутаасан утгатай ханз үсгээр бичиж үлдээсэн хятад сурвалжууд юм.
  • Эдгээр сурвалжийн мэдээнд хэт баригдан хүннүчүүдийг дээрэм тонуулаас өөр зүйл мэддэггүй “хэт бүдүүлэг ард түмэн” хэмээх ойлголт бий болсон байдаг.
  • Харин золоор тэдний үлдээсэн археологийн дурсгалууд Евразийн олон улс орны нутгаас илэрч судлагдах болсон нь энэхүү “хэвшмэл” үзэл баримтлалыг өөрчлөх, засч залруулахад ихээхэн нөлөө үзүүлж байна. • Ялангуяа, Хүннү улсын голомт нутаг болох одоогийн Монгол улсын нутаг болон хөрш ОХУ-ын Өвөр Байгал, Тува, Хакас, Уулын Алтай, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжан Уйгарын ӨЗО, Хөхнуур, Ганьсу зэрэг мужийн нутгаас асар олон тооны булш оршуулгын дурсгал, хот суурины үлдэгдэл, хадны зураг зэрэг олдож судлагджээ.
  •  Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гэхэд ОХУ, АНУ, Франц, БНСУ, Япон, Унгар, Бельги, ХБНГУ, Швейцарь зэрэг 10 гаруй улсын хамтарсан экспедиц хайгуул болон малтлага судалгаа хийж Хүннүгийн язгууртны булш бунханаас эхлээд жижиг булш, оршуулга, хот суурины туурь, үйлдвэрлэлийн газрын ул мөр, хадны зургийг судлаж байна. •
  • Дээрх судалгаа шинжилгээний үр дүнд хүннүгийн булш оршуулгын байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйлийн асуудлууд, хот суурины хэлбэр зориулалт, үйлдвэрлэлийн технологи, хадны зургийн дүр зохиомж зэрэг олон олон зүйлсийн учир бага багаар тайлагдахын зэрэгцээ тэдний аж ахуй, амьдрлын хэвшил, эдлэж хэрэглэж байсан зүйлс, соёлын хэм хэмжээ, гадаад харилцааны царыг илтгэх олон арван эд өлгийн биет олдворууд ч илэрч мэдэгдсээр байна. Эдгээр нь бичгийн сурвалжид тэмдэглэн үлдээсэн мэдээ баримтыг бататган баримтжуулахын зэрэгцээ алдаа мадаг, илт гуйвуулсан ташаа зүйлсийг ч засч залруулах боломжийг олгож байгаа юм.

 

 

Тайлан мэдээ: Д.Лхагвагэрэл /ЭША/