Улаанбаатар 2023.10.27
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 13 дахь хичээлийн жилийн I хагас жилийн лекц-ярилцлага 2023 оны 10 сарын 25-ны лхагва гаргийн 18:00-20:30 минутад АМТ-д амжилттай боллоо.
Лекц-ярилцлагын зочноор МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Д.Баярсайхан “Тусгаар тогтнол: Түүх ба үнэ цэн” сэдвээр лекц уншлаа. Тэр бээр усанд шууд сэлбэл живж үхнэ, бага багаар сурч байж сэлж чаддагтай адил сайн судлаач болъё гэвэл бага багаар эхнээс нь сураарай мөн сайн уншаарай, судлаарай хэмээн зөвлөлөө. Мөн “Завхан судлал төв”-өөс гаргасан цуврал бүтээлүүдийн дээжээс манай төвийн номын санд өргөн барилаа.
Лекцийн агуулгыг товч хүргэвэл:
- XX зууны монголчуудын хүсэж мөрөөдсөн ганц зүйл бол тусгаар тогтнол юм. Өөрөөр хэлбэл 1648 онд Европын орнуудын “30 жилийн дайн” Вестфалийн гэрээ хийгдсэнээр төгсгөл болж улс орнуудын тусгаар тогтнолыг шинэ маягаар тодорхойлж эхэлсэн байна. Вестфалийн гэрээгээр орчин үеийн улс буюу nation-state гэдэг нэр томьёо шинээр бий болсон бөгөөд хамгийн анх Вестфалийн гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн улс нь Швейцар юм. Данзан яагаад Монгол улс аа Швейцар лугаа гэж зүйрлэсэн юм бэ? гэвэл Швейцар лугаа адил Орос, Хятад хоёр улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ийнхүү зүйрлэсэн байдаг. Тэгэхээр бидний өвөг дээдэс тусгаар тогтнолоо олж авахын төлөө ямагт тэмцэж ирснийг харуулж байна.
- Nation-state гэдэг нь тодорхой хил хязгаар, газар зүйн хүрээнд оршин суугчдын нийгэм нь улс төрийн төвлөрсөн удирдлагад байж хил дотроо үйлчлэх хууль, тогтоол шийдвэрийг үйлдэн тэр нь хэрэгжиж байна гэсэн үг.
- Улс орнуудын тусгаар тогтнолыг энэ зарчмаар авч үзэх болсноор суверенитет буюу тухайн улс хэчнээн жижиг буурай ч байсан эргэн тойрны улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн бол улсын хил дотор төрөөс нь илүү эрх дархтан байхгүй гэж гадаад улсууд үздэг улс төрийн шинэ нэр томьёо гарч ирсэн юм.
- Ямар нэг улсын тусгаар тогтнолд төрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал. Үүнтэй холбоотой Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийн одоогийн байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл урган гарч ирсэн. Өөрөөр хэлбэл XX зууны эхээр тусгаар тогтнол өргөн утга агуулгатай болсон бөгөөд зөвхөн хүн ам, газар нутаг бус засаглал, засгийн газрыг нь хүлээн зөвшөөрдөг болсон байна.
- Олон улсын гэрээ хэлэлцээрт “Status-quo”-г Status-quo ante буюу хэзээнээсээ байсан одоо байгаа байдал, Status-quo ante bellum буюу дайны өмнө байсан одоо байгаа байдал гэсэн 2 хэлбэрээр бичдэг байна.
- Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнол нь De facto, De jure гэсэн 2 хэлбэртэй. De facto нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг нөгөө улсын төр хэсэг хугацаанд “тодорхойгүйгээр” хүлээн зөвшөөрөх хэлбэр.
- De facto-оор хүлээн зөвшөөрөх нь шинэ дэглэмийн тогтвортой байдлыг болон бусад харилцаагаа өргөжүүлэх практик шийдвэрийг баталгаажуулдаг.
- Гэхдээ улсын төрийн дэглэм буюу засаглал нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй болохоор De jure болон дипломат харилцаа тогтооход шийдвэрлэх нөлөөтэй байж чаддаггүй.
- De jure нь нэг улсыг нөгөө улс нь албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэлбэр. De jure-гээр хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдолд жирийн дипломат харилцаатай байх нот солилцон тэгш эрхтэйгээр зэрэгцэн оршдог гэх мэт дэглэмүүд байна. Тухайн цаг үед ямар дэглэм оршиж байна вэ гэдгээс шалтгаалж тусгаар тогтнол харилцан адилгүй байдаг гэсэн санаа юм.
- Монголчууд XIII зуунд дэлхийн талыг эзлээд 1368 онд уугуул нутагтаа буцаж ирсний дараа улс төрийн бутрал болж, харилцан тэмцэлдсэн, хядалдсаны эцэст 1691, 1758 он гэхэд нийтээрээ Манж Чин гүрний эрхшээлд орсон юм. 200 жилийн хугацаанд гадаад монгол, дотоод монгол, хөх нуурын монгол, ижил мөрний монгол гээд бүх үндэстэн тусгаар тогтнолоо алдаж, ямарваа нэг байдлаар өөр улс орны эрх мэдэлд оршиж байсан.
- XX зуунаас өмнөх тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг Б.Чингүнжав, Ү.Амарсанаа нар удирдан зохион байгуулсан ч тусыг эс олсон ба удаа дараа тусгаар тогтнолоо олж авахын төлөөх тэмцэл бүс нутагт гарч байсан. 1840 оны хар тамхины дайнаас хойш Чин гүрэн суларч 1909, 1010 оны хувьсгалын үр дүнд мөхсөн байна.
- 1911 оны 12-р сарын 28-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа 1912 онд мөн л тусгаар тогтнох гэж оролдож байсан Төвд л Монголыг хүлээн зөвшөөрчээ. Манай шинэ Засгийн газар гадаад улсуудаар ялангуяа их гүрнүүдээр өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх ажилд их анхаарч 1913 онд Сайн ноён хан Намнансүрэнгийн айлчлалд найдлага тавьж байлаа.
- 1911 онд тусгаар тогтнолоо олж авахын тулд Халхын хошой чин ван Ханддорж, Их шавийн да лам Цэрэнчимэд, Чин сэтгэлт гүн Хайсан нарын оролцоотойгоор хувьсгал хийсэн.
- ДИУ нь Өвөр монголд 1912 оны 10 сараас цэргээ оруулах шийдвэр гаргасан тул Монголын Засгийн газар 1913 оны 1 сард их түгшүүртэй байгаа Өвөрмонголын нутаг руу 5 замаар нийт 10000 цэргийг Баргын Дамдинсүрэн, Өвөрмонгол ван Удай нараар удирдуулан оруулав.
- 1. Егүзэр хийдийн чиглэлийг Чимэдцэрэн,
- 2. Даригангын чиглэлийг Хайсан, Бавуужав нар,
- 3. Сөнидийн чиглэлийг Насан-Аривжих,
- 4. Хөх хотын чиглэлийг Сономдорж,
- 5. Хатны голын чиглэлийг Зүтгэлтэн нарын ӨМ-ын эх оронч ноёдууд удирдав. Монголчууд өөрийнхөө нутгийг чөлөөлж байгааг бусдад харуулах зорилготой байсан.
- 1914 оны 11-р сараас 1915 оны 6-р сарын 7-нд Хиагтад 3 улсын хэлэлцээр боллоо. Орос талыг ерөнхий консул Миллер, хурандаа Хитров, Хятадын талыг генерал Би Гуй-фан, Мексик дэх элчин сайд Ченлу, Монголын ЗГ-ын талыг ДоЯЯ-ны сайд Да лам Дашзэвэг, ГЯЯ-ны дэд сайд Цэрэндорж, зөвлөхөөр Өвөрмонголын Ван Удай, Дамдинсүрэн нар төлөөлж оролцжээ.
- 1915 оны 6-р сарын 7-нд 22 зүйлт гэрээгээр Монголын гадаад байдлыг Хятадын сюзеренитет хэмээн хүлээн зөвшөөрч Монгол нь автономит засагтай улс гэж зарлав. Автономит Монгол улс нь дотоод хэргийн талаар өөрийн сюзерен /эзэн улс/ Хятадаас бүрэн тусгаар байж гадаадтай худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэргээр бие даан харилцах онцгой эрхтэй байна.
- Автономит Монгол дахь сюзерений эрх ашгийг хүрээнд суух хятад сайд, Хиагт, Улиастай, Ховдод суух түүний туслах нар төлөөлөх бөгөөд Монголын хилийг Орос-Хятадын тунхгийн дагуу зөвхөн Автономит Монголоор тогтооно гэсэн заалтууд байлаа.
- Монголчууд автономит засгийг бүрэн тусгаар улс хэмээн ойлгож байсан ч Өвөрмонголоос өөрийн цэргээ гаргаж, хятад сайд түшмэдийг байлгах болсонд нь Хиагтын гэрээнд сэтгэл дундуур байжээ.
- 1919 оноос Алс дорнод, Төв ази дахь Оросын орон зайд орж ирсэн Япон үндсэрхэг угсаатнуудын дунд дэлгэрсэн “Их нармайн үзэл”-ийг Монголд хэрэгжүүлсэн. 1919 оны 2 сарын 25-нд Чита хотод “Нармай Монголын бага хурал” болж Богдын ЗГ-ын олхиогүй бодлогод залхсан Өвөрмонгол, Барга, Буриадын ноёд, сэхээтнүүд Их Монгол улс байгуулж ерөнхийлөгч нь Жалайд хошууны Нэйс гэгээн болжээ. Энэ хурлын шийдвэр хэрэгжиж чадаагүй замхарсан.
- Ардын Засгийн газар 1921 оны 9-р сарын 14-нд Монголын тусгаар тогтнолыг дэлхийд зарлаж 1921 оны 11-р сарын 5-нд ЗОУ, Монголын тусгаар тогтнолыг “хүлээн зөвшөөрч” найрамдлын гэрээ байгуулжээ. Энэ гэрээ нь de facto, de jure алин ч байхгүй маргааш нь ураад хаячхаж болохоор баримт бичиг байлаа. Монголын Засгийн газар дан ганц Оростой харилцахыг хүссэнгүй.
- 1922 онд боловсруулсан “Эдийн засгийн үндсэн бодлого”: “Герман улсын нэгэн түмэн ард түмэн дотроос 4 нь бичиг үл мэдэх, Английн уул хүмүүс дотроос 10-аад нь бичиг үсэг үл мэдэх, Орост 7000 хүн нь бичиг үл мэдэх буй… Эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчээр баялаг ажгуу. Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа герман, орос, америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа тодорхойлжээ.
- 1922 онд боловсруулсан “Эдийн засгийн үндсэн бодлого”: “Герман улсын нэгэн түмэн ард түмэн дотроос 4 нь бичиг үл мэдэх, Английн уул хүмүүс дотроос 10-аад нь бичиг үсэг үл мэдэх, Орост 7000 хүн нь бичиг үл мэдэх буй… Эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчээр баялаг ажгуу. Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа герман, орос, америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа тодорхойлжээ.
- “Монгол улсын максимум” төлөвлөгөөнд монголыг хэтдээ Швейцар улс шиг төвийг сахисан БНУ болгон Монгол угсаатныг нэгтгэнэ гэж онцлон тэмдэглэжээ. Монголын улс төрийн лидерүүдийн дунд тус улсын хэтийн төлөвийн талаарх үзэл баримтлалын санал зөрөлдөөн гарсан. Энэ зөрөлдөөн Данзангийн, Бодоогийн, Сүхбаатарын гэсэн 3 хуваагдаж байсан ч зөрөлдөөн нь зөвхөн өөрсдийн үзэл бодлыг уралдуулах мэтгэлцээний шинжтэй байсан.
- Бодоогийн хэмжээт цаазат хаант засагтай улс байгуулах төлөвлөгөө нь 1921 оны 11-р сарын 1-нд АЗГ-аас хэрэгжүүлсэн “Тангарагийн гэрээ” байв. Хууль тогтоох-Гүйцэтгэн захирах-Шүүх эрх мэдлийг 1924 он хүртэл АЗГ дангаараа мэдэж байсан тул хэмжээт цаазат хаант засаглал бүрэн утгаараа хэрэгжсэнгүй.
- Энэ нь дэлхий дахинд Их Британи улсын анх XYII зуунд гаргаж ирсэн “Хаанчил харин битгий удирд” гэсэн зарчимд тулгуурласан дэвшилттэй засаглалын хэлбэр.
- “Гадаад монголын газар нутаг цэрэг стратегийн байр сууринаасаа онц хэрэгтэй” гэж Хятадын төлөөлөгчдөд сануулж байсан.
- Хүний тавилан хүмүүжлээсээ, улсын тавилан байршлаасаа. Геополитик буюу улс төр, газар зүйн талаасаа тухайн улсын байршил нь хэдэн улстай хиллэдэг, хил залгаа улсуудын хүчний хэмжээ, тэдний явуулах бодлого гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлогддог.
- Геополитикийн хэллэгээр хоёр том гүрний дунд хавчигдан орших жижиг улсыг буфер буюу бамбай улс гэж нэрлэдэг.
- Бамбай улсыг 2 хувь тавилантай: 1. Аль нэгэн давуу хүчтэй улсаар хувь заяагаа шийдүүлж Сатиллет буюу дагавар улс болох. 2. Хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлж төвийг сахисан улс болох.
- ТЕГЕРАН – 1943 он, Яалтын Гэрээ 1945
- АНУ-ын дэд ерөнхийлөгч Уелссын айлчлал
- 1945 онд Англи, АНУ, Франц улсаар өөрийн статус-квог хүлээн зөвшөөрүүлж, 1945 оны 10-р сарын 20-ны Монголын 498000 хүн оролцож зуун хувь “Тусгаар тогтносон Монгол ард улсын төлөө” саналаа өгсөн санал асуулгын үр дүн 100 хувь гарчээ.
- Их гүрнүүд ДИУ-д шахалт үзүүлж Чан Кайши 1946 оны 1-р сарын 6-нд Монголын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрчээ.
- ТЕГЕРАН – 1943 он, Яалтын Гэрээ 1945
- “Хүйтэн дайны” хямралаас болж АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр 1953 оны 2-р сарын 25-нд Конгресс дээр хэлсэн үгэндээ Яалтын нууц гэрээнээс татгалзсанаа албан ёсоор мэдэгдэв.
- Тайваний удирдагч Чань Кайши 1960-аад он гэхэд Социалист системийн болон зарим төвийг сахьсан улсуудтай дипломат харилцаа тогтоосноор монголд Вестфалийн зарчим бүрэн биеллээ олж БНМАУ nation-state болжээ.
- И. Сталин “Монгол нутаг нь Транссибирийн төмөр замын дагуу оршдог. Хэрэв Монгол нь ЗХУ-ын дайсны түшиц газар болж Транссибирийн төмөр зам тасалдахад хүрвэл ЗХУ-ын хувьд мөхөл болно” хэмээн хэлж байжээ.
- Буфер улсын шинж чанар нь 1. Тусгаар тогтносон 2. Хоёр их гүрэн эсвэл 2 эвслийн дунд оршин тогтносон 3. Хөрш орнуудаасаа жижиг, ямагт хөгжлийн түвшин дорой 4. Гэсэн хэдий ч тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хадгалах чадвартайгаар оршиж байна. Эдгээр шинж чанарт багтаж байгаа улс нь Монгол улс юм.
- НҮБ-аар тусгаар тогтнолоо хамгаалуулна гэж ойлгодог байсан. Тэр нь буруу ойлголт гэдгийг Орос-Украины, Израил-Палестины дайны асуудал нь батлаад байна.
- Үүнээс дүгнэн үзвэл:
- Монгол улсын гадаад бодлого нь Олон тулгуурт бодлого
- Даяарчлалд идэвхтэй хамтран ажиллах
- Монгол улс нийгэм эдийн засаг, боловсрол соёлын хувьд үсрэнгүй хөгжиж ЭХ ОРОН, ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭР зөв төлөвшсөн иргэдтэй байх нь чухал юм.
Мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл /ЭША/