Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 13 дахь хичээлийн жилийн нээлт боллоо. АМТ-ийн захирал Эрвэ Кюафа Лонци үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ тус хөтөлбөр 13 дахь жилдээ тогтвортой хэрэгжиж байгааг дурдаад, хөтөлбөрийн төгсөгчид өөр өөрсдийн судалгааны чиглэлээр ШУА-ийн хүрээлэнгүүд, Их сургуулиуд, судалгааны байгууллагуудад амжилттай ажиллаж байгааг онцоллоо.
Нээлтэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША, доктор (Ph.D) Г.Гэрэлмаа, ЭША Т.Батбямба, ЭША Х.Гэндэнпил, Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн ЭША М.Билгүүнчимэг, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) Г.Нарантунгалаг, багш И.Даваадорж, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Ж.Ганбаатар, МУИС-ийн УБС-ийн Түүх, археологийн тэнхимийн багш Б.Батчимэг болон судлаач оюутнууд оролцлоо.
2022-2023 оны хичээлийн жилд “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 28 оюутан хамрагдаж, 18 оюутан “Эрдмийн хэлхээ” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн юм. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын I байрт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн IV курсийн оюутан П.Буянцогт, II байрт МУИС-ийн Ази судлалын тэнхимийн III курсийн оюутан Б.Бархассүрэн, III байрт МУИС-ийн УБС-ийн Түүх, Археологийн тэнхимийн II курсийн оюутан Ц.Намуун, тусгай байрт МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн III курсийн оюутан Э.Доржсүрэн нар шалгарсан бөгөөд энэ үеэр шагналаа гардаж авлаа. Эрдэм шинжилгээний хуралд байр эзэлсэн судлаач оюутнуудад өргөмжлөл, үнэ бүхий зүйл гардуулав. Мөн “Төгсөгчдийн нэрэмжит шагнал”-ыг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн III курсийн оюутан Э.Ганбаярт “Оюутан судлаач” хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийг төлөөлөн 2014 оны төгсөгч М.Билгүүнчимэг, 2019 оны төгсөгч Х.Гэндэнпил, Д.Лхагвагэрэл, 2020 оны төгсөгч И.Даваадорж нар өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгааны ном, сэтгүүлийн хамт гардуулав.Оюутны судалгааны ажлыг удирдан, АМТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг удирдагч багш нараас МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Ж.Ганбаатар, Ази судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) Б.Аззаяа, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж, МУИС-ийн УБС-ийн Түүх, археологийн тэнхимийн багш Б.Батчимэг нар шалгарч, талархал, мөнгөн шагналаар шагналаа.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, багш, оюутнууддаа сурлага, судалгаа шинжилгээний ажилд нь их амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжих нөхцөл боломжоор бүрэн дэмжин ажилладаг CICM байгууллага, АМТ-ийн удирдлагад талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл