Шинэ номын мэдээ

 

Өмнөх үг

Монгол Улс болон Ватикан Улсын хооронд дипломат харилцаа 1992 онд тогтсоны дараа, хоёр улсын хамтын ажиллагааны хэлэлцээний дагуу академич Ш.Бира, академич Д.Цэрэнсодном нар 2001 оны 11 дүгээр сард Ватикан хот улс дахь Пап ламын Номын сан, Нууц архивд нэг сарын хугацаатай ажиллажээ.

Академич Д.Цэрэнсодном энэхүү богинохон хугацааны томилолтынхоо үеэр нэрт монголч эрдэмтэн П.Пеллиогийн мөрөөр мөшгин, Бичмэл судар номын уншлага-ын танхимаас тус танхимын эрхлэгч Дуал Арнолдын тусламжтайгаар олж үзсэн, “Суртахуун төрөл эрх үгүй болзоогсон  Есдүгээр суурин Богдын эхээ бодвоос язгуураас хилэнц эс ойртогсон дээд өгүүлэл” хэмээх 1854 онд бүтээсэн, монгол, манж, хятад гурван хэлээр нимгэн шар торгон дээр бичсэн, хүрэн зандан модон хавтастай, маш гоёмсог зураг чимэглэл бүхий, Исүс (Есүс)-ийн сургаал номлолыг сэнхрүүлсэн утгатай, гурван судар номынхоо гэрэл зургийн хальсыг 2015 онд Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв /Г.Цэцэгдарь/-д хүлээлгэн өгч, “хэргийг нь гаргах”-ыг захисан билээ.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв 2023 оны ажлын төлөвлөгөөндөө тус номыг орчуулан хэвлэхээр төлөвлөж, ажиллаж эхлээд Пап лам Францисын Монгол дахь албан ёсны айлчлалын үеэр хэвлэн гаргаж байгаа нь урьдын учрал ерөөлөөр сайхан таацан нийцэж байна.

Энд өгүүлж буй Есдүгээр богд хэмээгчийг бид 1846-1878 онд Пап ламын ширээнд заларч байсан IX Пиюс мөн гэж санаж байна. Энэ Пап ламын үед Ази Дорно дахинд, тухайлбал, Манж Чин улсад загалмайтны суртал номлолыг дэлгэрүүлэх, хятад, монгол, манж ном судар, соёл түүхийн дурсгалаар Ватиканы номын сан, архивыг баяжуулах үйлст үлэмж амжилт гаргаж байжээ гэж академич Д.Цэрэнсодном 2002 онд бичиж байжээ.

Энд дашрамд дурдахад, Нууц архивын нарийн бичгийн дарга Д.Карбони зэрэг албаны хүмүүсийн яриагаар, огт бүртгэл товьёогт ороогүй хэдэн арван км урт тавиур зүйл буй гэнэ.

Энэ албан томилолтынхоо үеэр академич Ш.Бира гуай монголын Байжу ноёны захидлыг олж авсан, академич Д.Цэрэнсодном гуай 1700 оны “Хятад монгол толь бичиг” нэртэй зурагт толь бичиг, 1224-26, 1253 оны үед монголчууд Арбела, Ассираар дамжин Кавказ хүртэл нүүдэллэсэн тухай мэдээ бүхий “Vatikan Syriac 653” дугаартай сири хэлний дурсгал зэргийг олж үзжээ.

Чингис хааны үрс Зүчи, Цагаадай, Толуйн удам угсааныхнаас ... хаад ноёдууд Римийн Пап лам нартай өргөн харилцаатай байсан тул монгол болон бусад хэлээр өөр ховор сонин зүйлс олдох бүрэн найдлагатай гэж академич Д.Цэрэнсодном итгэлтэй бичээд, ...монгол хүний хувьд төдийгүй монголч эрдэмтний хувьд анх хөл тавьж эхлүүлсэн энэхүү нааштай алхмаа бид улам тууштай, бодлоготой үргэлжлүүлж чадваас шинжлэх ухааны үнэ цэнээрээ турфаны дурсгалтай жишин хэлэлцэх шинэ сэргэг олдворыг нээх боломж гарч ирэхийг үгүйсгэх аргаггүй юм гэж туйлаас анхааруулан тэмдэглэжээ.

Академич Д.Цэрэнсодном багшийнхаа итгэж найдан, “хэргийг нь гаргаарай” хэмээн хүлээлгэн өгсөн ховор чухаг материалыг нэлээд хугацааны дараа ном болгон хэвлүүлж байгаадаа машид баяртай байна.

Д.Цэрэнсодном багшдаа урт нас, удаан жаргалыг ерөөж, эрүүл энх байж, эрдэм судлалын залуу үедээ эрдэм номоо айлдаж, сургаал захиасаа хэлж,  нөмөр нөөлөг, түшиг тулгуур болж байхын адистидыг гуйя аа.

Тус номыг уйгуржин монгол бичгийн хэсгийг академич Д.Цэрэнсодном, доктор Г.Цэцэгдарь нар, манж хэлний хэсгийг Чингис хаан музейн эрдэм шинжилгээний ажилтан докторант Э.Жаргалмаа, хятад хэлний хэсгийг МУБИС-ийн доктор Г.Цогзолмаа, товч танилцуулгыг англи хэлнээс Г.Цэцэгдарь нар хийлээ. Мөн тус номын Өмнөх үг-ийг Кюафа Лонци Эрвэ, CICM бичлээ.

Язгуураас хилэнц эс ойртсон чин бат охин Мариа” нэртэй уг номыг бүтээсэн Монгол дахь CICM (Congregatio Immaculati Cordis Mariae буюу Мариагийн Цэвэр Зүрхний Бүлгэм) байгууллагын Төлөөлөгчийн Газар, дээр дурдсан эрдэмтэн судлаач нар, Католик Шашны Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн Кардинал, Хамба лам Жиоржио Маренго, Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн захирал Эрвэ Кюафа Лонци болон туслан оролцсон Д.Лхагвагэрэл (АМТ), У.Мөнх-Эрдэнэ (МУБИС), Б.Дашдулам (ШУА, Түүх угсаатны зүйн Хүрээлэн) нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

 

Гүррагчаагийн ЦЭЦЭГДАРЬ

2023 оны 8 дугаар сарын 15

Пап лам IX Пиюс 1854 оны арван хоёрдугаар сарын 8-ны өдөр тунхагласан Үгээр илэрхийлшгүй Тэнгэрбурхан нэртэй Апостолик Үндсэн хуульдаа язгуурын гэм нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд “хишиг ивээлээр бялхам” хэмээн нэрлэгдсэн Мариагийн язгуурын хилэнцгүй үр тогтолтын талаарх олон зуун жилийн маргааныг шийдвэрлэсэн байна...