“ОЙЛГОХУЙ БА ГҮН УТГЫН ТАЙЛАЛ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2023.03.31

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн II хагас жилийн лекц-ярилцлага 2023 оны 3 сарын 29-ний лхагва гаргийн 18:00-20:30 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор, Сүхээгийн Амартүвшин “Ойлгохуй ба гүн  утгын тайлал ” сэдвээр лекц уншихын зэрэгцээ бид бүхний мэдлэгийн сан гүехэн гэдгийг сануулаад тийм ч учраас мэргэжлийн түвшний судалгаа хийхэд хүндрэл их гардаг тул асар том мэдлэгийн сангаас өөрийгөө цэнэглэж мэдлэгээ дахин шинэчилж байхыг захилаа.    

 

Лекцийн агуулгыг товч хүргэвэл:

  • Миний бие баримтат уран зохиол, орчин үеийн утга зохиол шинэчлэл, сэтгүүлчийн ур чадвар, сэтгүүл зүйн тухай хичээл орж мөн судалдаг хэдэн ном гаргасан та бүхэн сонирхон үзэж болно.
  • Та бүхэн утгыг хэрхэн тайлах вэ? Утгыг тайлахдаа хамгийн эхэнд тухайн зохиолыг ойлгосон байх хэрэгтэй, дараа нь тайлал хийж, тайлбарлана эцэст нь шүүмж бичнэ.
  • Зохиолын юуг ойлгох вэ? гэвэл дүр дүрслэлд нь төвлөрөх, үйл явдлыг сайтар уялдуулан ойлгоод төрөл жанр хэл найруулал дээр нь анхааран ажиллах хэрэгтэй.
  • Ойлгохуй ба тайлбарлахуй: Ойлгохуй гэдэг бол херменевтикийн үндсэн ойлголт.Ойлгох нь хоёр эхлэлтэй:

            - зөн сонингоор /интуитивное/ ойлгох,

           - хоёрдах нь сэрж мэдэрснээ тайлбарлах. Эхний тохиолдолд тайлбарлал хийж бүрэн дүүрэн болдог. Гадамер ойлгох гэдэг нь ямагт харьцангуй шинжтэй байдаг. Өөртөө итгэлтэй байдал нь ойлгохын гол                       саад  болж байдаг гэж үзжээ.

  • Тайлбарлах нь ойлгохын хоёрдогч бүрдэл хэсэг юм. Херменевтикийн филосифид ойлголтоо тайлбарлах нь төдийлөн чухал бус гэж үздэг байтал урлаг, уран зохиол шинжлэлд онцгой чухалд тооцогддог. Тайлбарлах нь орчуулагатай ойролцоо үйл явц. Кодчлох ойлголттой нэгтгэн авч үзвэл структурализмын ойлголт болж хувирах юм. Өөр хэлнээс орчуулахтай холбож үзвэл семиотиктэй нэгддэг. Тайлбарлах нь мөн чанартаа тухайн хүний сэтгэлгээтэй, танин мэдэхүйн цар хүрээтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой нь ихээхэн холбоотой.
  • *Орос хэлэн дэх ойлгохуй (понимание) хэмээх үг философийн хувьд онцгой ач холбогдол бүхий эргэцүүлэл рүү хөтөлдөг нь сонирхолтой. Ямар нэгэн юмыг по-(н)-имать буюу ойлгох гэдэг нь түүнийг по-иметь буюу байлгаж байх (н үсэг нь чухамдаа бол тухайн үгийн язгуур, угтвар хоёрыг л холбож байна), үгээр “барьж авах”, нэр өгөх гэсэн утгатай билээ. 
  • *Ойлгохуйг тайлбарладаг философи нь херменевтик юм.
  • Хорьдугаар зуунд үндсэндээ философийн герменевтикийн хоёр хэлбэр дэлгэрч байна. Энэ нь, нэг талаас, ухамсрын герменевтик (Шлейермахер, Дильтей нарын), нөгөө талаас, ахуйн герменевтик (Хайдеггерын шавь Гадамерын) юм.
  • Тэдгээр нь хоорондоо зарчмын ялгаатай. Ухамсрын герменевтикт үздэгээр, ойлгохуй бол нөгөө хүний психологийн ертөнц рүү нэвтрэн орох явдал, хамт санаашрах (субъектүүдтэй санаа нэг байх, сэтгэл хөдлөлийн хувьд тэдэнтэй ижилсэх) хэлбэр юм. Харин ахуйн герменевтик ёсоор бол, ойлгохуй нь хувь бодгалиудын хэл ба үйлдэлд биежиж буй хүний туршлагын утга учир юм.
  • *Ухамсрын герменевтикч ч, ахуйн герменевтикч ч ойлгохуйн гол онцлог нь герменевтикийн эргүүлэг хэмээх тэр зүйл мөн хэмээн үздэг. Тодруулбал, энэ нь бүхлийг ойлгохын тулд түүний тусгаар тусгаар хэсгийг ойлгох шаардлагатай, харин хэсгүүдийг ойлгохын тулд бүхлийн утгын талаарх төсөөллийг урьд нь олж авсан байх ёстой гэсэн үг юм. Бичвэрийнэхлэлийг ойлгохын тулд бичвэрийг бүхэлд нь ойлгосон байх шаардлага гардаг, бичвэрийн дунд, эсвэл, төгсгөл хэсгийн тухай ойлгохуй нь үлэмж хэмжээгээр түүний эхлэлээр тодорхойлогддог.
  • Херменевтик буюу тайлал зүй: Х.Гадамерийнхээр хаа сайгүй байгаа таньж мэдэхгүй ертөнцийг цуглуулан тайлбарлах үйл явцыг үгээр л /бичвэрт/ тайлж болно.  Үүнээс үзвэл ертөнц бол гагцхүү хэлэнд илэрч, хэл бол херменевтик туршлагын орчин болдог байна. Өөрөөр хэлбэл ертөнцийн тухай хүний туршлага заавал хэлний /иймд ойлгогддог/ шинжтэй болж хувирдаг. “Хэл бол ойлгохуйн үйл явц хэрэгждэг универсаль орчин мөн. Ийм үйл явцын хэрэгжилтийн арга нь тайлбарлахуй байдаг”
  • Ф.Д.Шлейрмахер яриаг эхлээд сайн ойлгох хэрэгтэй, дараа нь зохиогчоос нь илүү ойлгох нь чухал. Ингэж чадвал ойлгомжгүй үлдсэн зүйлийг нэмэлт тодруулга хийж далд утгыг гаргаж ирэх боломжтой болно гэж үзжээ.
  • Бичвэрийг шинжлэх ухааны танин мэдэхүйн судлах зүйл болгон ашиглаж, улмаар бичвэр /зохиол/, бичигч /зохиолч/-ийг ойлгох гэсэн зорилгоор тайлал хийх нь херменевтикийн онцлог. Зохиолыг шинжлэх ухааны үүднээс ойлгон тайлбарлах /феноменолог/ хамгийн нарийн аргад тайлал зүйн онол тооцогддог. Философийн утгаараа херменевтик нь онтолог танин мэдэхүйн нэлээн дээд шат юм.
  • Гүн ухааны аястай зохиол бүтээлүүдийг ийм аргаар тайлбарлан ойлгох хэрэгтэй болдог. Гүн ухааны зохиолуудаар уншигчдад өгөгдөж байгаа ойлгоц /феномен/ - ыг тэмдэглэн тайлбарлахыг тайлал зүй гэж хэлж болно. Ийнхүү гүн ухааны аястай зохиолыг тайлбарлах урлаг болсон херменевтик нь хэл яриа буюу сэтгэлгээгээр илрэн гардаг.
  • Тайлал зүй ба урлаг, утга зохиол шинжлэл, шүүмжлэл: Херменевтик нь бичвэрийг тайлбарлах, ойлгох ерөнхий онолын зэрэгцээ бичвэрийг тайлбарлах зарчмуудыг боловсруулсан. Энэ утгаар нь херменевтикийг “шинжлэх ухааны” философи гэж нэрлэж болох ба энэ тохиолдолд хүмүүнлэгийн шинжлэх ухаан болно.
  • Хүмүүнлэгийн ухаан болохынхоо хувьд мэдээж уран сайхны бичвэрийг онцлон үздэг. Иймд херменевтикийн нэгэн салбарт уран зохиол шинжлэл орно.
  • Орчин цагийн херменевтикийн салбарыг үндэслэгчдийн нэг Германы шашны онолч, нэрт философич Ф.Д.Шлейрмахерын бүтээлүүдэд /”Херменевтик”, “Шүүмжлэл” г.м./ тодорхойлсноор:
  • “ …Аливаа уран сайхны текстийг тайлбарлагч /interpretator/ буюу шүүмжлэгч /Critic/ хүн тухайн зохиолыг зохиогчоос өөрөөс нь илүү ойлгож мэдэрдэг байх ёстой”*
  • Херменевтик нь бичвэрийг тайлбарлах, ойлгох ерөнхий онолын зэрэгцээ бичвэрийг тайлбарлах зарчмуудыг боловсруулсан. Энэ утгаар нь херменевтикийг “шинжлэх ухааны” философи гэж нэрлэж болох ба энэ тохиолдолд хүмүүнлэгийн шинжлэх ухаан болно.
  • Хүмүүнлэгийн ухаан болохынхоо хувьд мэдээж уран сайхны бичвэрийг онцлон үздэг. Иймд херменевтикийн нэгэн салбарт уран зохиол шинжлэл орно.
  • Ойлгоху ба гүн утгыг тайлах нь: 1. Унш, гэхдээ ойлгож: ойлгохдоо сэрж мэдэр, зөн совингоор ханд 2. Гүн уншлага хийх замаар утгыг тайл /тайлал хийх/. Бүрхэгдүүлэл, хийсвэрлэлийг нэвтэрч гүн уншлага хийх/ 3. Тайлбарла /интерпритаци/. Дахин унш. Соёл, уран сайхны баримтыг ашиглан тайлал хийж, тайлбарлах

 

 

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой лекц уншсан С.Амартүвшин танд баярлалаа. Мөн хүрэлцэн ирсэн оюутан судлаач нартаа баярлалаа. Та бүгдийг эрдэм судлалын ажилд их амжилт хүсье.

 

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл /ЭША/