Улаанбаатар хот                                                                                                             2023.03.27

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Залуу доктор” хөтөлбөрийн ээлжит лекц-ярилцлага 2023 оны 3 сарын 23-ны пүрэв гарагт 17:00-19:00 цагт АМТ-д амжилттай боллоо.

Лекц-ярилцлагын зочноор СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), М.Энхбаатар “Соёлын биет бус өвийн зарим илэрхийлэл: Мал маллагаа” сэдвээр лекц уншлаа.

Лекцийн агуулгыг товч хүргэвэл:

  • Миний өнөөдрийн ярих зүйлээс дараах агуулгыг харж болно. Бодлогын баримт бичгүүд дэх МАА-н соёл, соёлын биет бус өв, мал-малчин-бэлчээр.
  • Гадаад дотоодын нэлээд эрдэмтэн судлаачид мал маллах арга ухаан, малын биологи, нүүдлийн мал аж ахуй, малчдын амьдрал ахуй, хүрээлэн буй орчин, нүүдлийн экологи болон бусад олон талаас судалсан байдаг. Гэхдээ энэ дундаас мал маллагаа соёлын өв мөн үү, малчин хүн соёлын өв тээгч мөн үү? гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
  • Тэгвэл “Соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий өвийг хэлнэ. (Соёлын өвийг хамгаалах тухай хууль)
  • “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. (Соёлын өвийг хамгаалах тухай хууль)
  • “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож, дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа хамт олон, бүлэг, хувь хүнийг хэлнэ. (Соёлын өвийг хамгаалах тухай хууль)
  • “Шавь сургалт” гэж соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаас тодорхой мэдлэг, арга ухаан, ур чадварыг шавьдаа биечлэн заан сургаж, эзэмшүүлдэг сургалтын арга барилыг хэлнэ. (Соёлын өвийг хамгаалах тухай хууль)
  • ЮНЕСКО-ийн 1972 оны Дэлхийн өвийн Конвенц: Энэ Конвенцид одоогоор 200 орчим улс нэгдэн орсон бөгөөд Дэлхийн өвийн жагсаалтад 167 орны 1154 байгаль болон соёлын өв бүртгэгдэн хамгаалагдаж байна. Монгол Улс 1990 онд нэгдэн орсон. Мөн ЮНЕСКО-ийн 2003 оны СББӨ-ийг хамгаалах тухай Конвенцид 2007 онд нэгдэн орсон билээ.Энэ Конвенцийн Төлөөллийн жагсаалт (ТЖ)-д болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвийн жагсаалт (ЯХШЖ)-д 130 орчим улс орны нийт 631 өв бүртгэгдэн хамгаалагдаж байна.
  • Монгол Улс Төлөөллийн үндэсний жагсаалтдаа 7-р ай болгож, “Мал маллах арга ухаан”-ыг нэмэн оруулсан юм. Тухайн өвийг төлөөлж чадахуйц хэр нь судалгаанд ороогүй олон өв байдгийн нэг нь “Монголчуудын малын мөр харах уламжлал юм.
  • Ангийн мөрийг сайн мөшгөж чадсанаар олз омогтой болж, тэдний өдөр тутмын амьдралаас ангийн мөрийг дуурайлган сийлэх, эрхэмлэн хүндэтгэж шүтэн бишрэх заншил бий болсон бололтой. Баавгай, адуу, үхэр гэх мэт амьтны мөр уг амьтныг бүхэлд нь төлөөлж, мөр нь байвал уг амьтан байна гэсэн утгатай байсан бололтой (Цэвээндорж, 1999:105). Монгол хүний сэтгэхүйн нэгэн онцлог нь аливаа бүхэл зүйлийг нэгж буюу нэг хэсгээр нь төлөөлүүлэн ойлгодгийг эндээс харж болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн, амьтан, мал сүргийг бүрэн төлөөлдөг зүйл нь “мөр” ажээ. Бусад сурвалжийн мэдээ болон Раш-Ид-Ад-Дин “Судлын чуулган”, Монгол аман зохиолд хүртэл малын мөрөөр хэрхэн олох тухай мэдээ баримт байдаг.
  • Мөрийг хэзээ харах нь чухал вэ?: Их халуунд бол, үдийн нар учиргүй их шарчихвал нүд гөлрөөд, нэг л үзэхээ байвал тэгээд алдчихдаг... , Өглөөгүүр юм уу үдээс өмнө л хамгийн гоё тод харагдана. Нар хажуунаас тусахаар үед бол их сайн харагдана. Яг дээрээс нар тусаад байхаар мэдэгдэхгүй, амьтны мөр чинь хажуунаас нар тусахаар сүүдэртэй харагдана, яг дээрээс болохоор сүүдэр нь мэдэгдэхгүй, тэгээд халуунд бол мөрдөхөд хэцүү... гэх мэтчилэн олон арван малчид мөр харахад тухайн өдрийн нар байгалийн онцлог зэргээс хамаарч малынхаа мөрийг шинжин хардаг байна.
  • Алтайн өндөр уулархаг бүсэд хад чулуу хөдөлсөн ормыг гярхай ажиглаж байхад, хангай, хээрийн бүсэд өвс ургамлын гишгэгдсэн байдлыг илүүтэй ажиглана. Говь нутагт ургамлын сийрэг байдлаас гадна элсэрхэг бэлчээр бүхий тул салхигүйд малын явсан мөр тод томруун үзэгдэнэ. Тиймээс говийн малчид мөр шинжих, ялангуяа урт хөлийн малын мөр харахдаа илүүтэй гаргууд байдаг.
  • Аль ч нутагт цас орсон, эсвэл хунгарласан, чийг бороотой үед мөр харах ажил дөхөм болдог. Мөн сайр усны хажууд гарсан мөр, зөөлөн шавар дээр гарсан мөрөөр ихээхэн баримжаалдаг байна
  • Аль ч нутагт цас орсон, эсвэл хунгарласан, чийг бороотой үед мөр харах ажил дөхөм болдог. Мөн сайр усны хажууд гарсан мөр, зөөлөн шавар дээр гарсан мөрөөр ихээхэн баримжаалдаг байна
  • Малын баас: Үүн дээр малын хэвтэр, баасны шинэ хуучныг мэдэж байх нь хэдий хугацааны өмнө хойно тухайн нутаг бэлчээрт байсны багцааг авч болдог. Мөн баасаар азаргатай адуу явж үгүй юу гэдгийг мэдэж болох талтай. Засаатай адуу ихэвчлэн өмнө явж өнгөрсөн адууны баасан дээр нэмж баадгийг анхаарч үзэх тохиолдол ч гарна.
  • Олон төрлийн мөр байна. таван мөр, шинэ мөр, хуучин мөр, улингарсан мөр, улбаа мөр гэх мэт...
  • Дүгнэлт: Монголчуудын малын мөр харах уламжлалт мэдлэг ухаан нь БЭЛЧЭЭР-МАЛ-МАЛЧИН гэсэн гурвалын харилцааг нэгэн талбар дээр харуулсан харилцаа мөн.
  • Мөр харах эл уламжлал бол малчин хүний өдөр тутамд малаа маллах арга туршлагын нэг хэсэг юм. Учир нь өргөн уудам газар нутагт бэлчээрийн мал маллахын хүндийг хөнгөвчлөх, цаг алдалгүй эрлээ олох нэгэн арга (method) юм. Энэ бол эдүгээгийн сансраас эрэн хайх, сансрын болоод цэргийн технологиуд (GPS, дрон)-ын анхдагч арга загвар гэж хэлж болмоор байна.
  • Монгол хүний аливаа зүйлийг шинжих эрдэм ухааны дотроос мөр харах буюу “мөр шинжих” уламжлал нь олон зүйлийн шинжээний нийлбэр, цогцолбор ажээ. Үүнд, байгалийг шинжиж танин мэдэх (нар, хөрс, өвс ургамал, хад чулуу, цас, бороо г.м), малыг шинжих (үс, ноос, туурай, сүүл г.м), байгальд зэрэгцэн орших зэрлэг ан амьтныг шинжиж мэдсэн ардын мэдлэг орно. Энэ бүхний үндсэнд хайсан ул мөрөө танин олоход мөрч хүний нүдний баримжаа, ажигламттай чанар туйлын чухлыг дурдах нь зүйтэй.
  • Монголчуудын мал ахуйн соёл дахь мал, малчин, бэлчээр гэсэн гурвалсан холбоонд бий болж, үлдэж хоцорсон энэхүү уламжлал “малыг малаар хариулах” явцад л үнэ цэнт эрдэм ухаан хэвээр үлдэх авч, орчин үеийн техникийн дэвшлээр мал хариулах тохиолдолд монгол хүний үндсэн зан чанаруудын нэг болох шинжих эрдмийн нэгэн хэсэг нь цаашид хэрхэх нь тодорхойгүй, хувь заяа бүрхэг байна.
  • Тиймээс МУ-ын СББӨ-ийн төлөөллийн үндэсний бүртгэлд оруулах саналтай байгаа юм. Одоогоор:
  • Адуун сүрэг маллах арга ухаан

    Тэмээн сүрэг маллах арга ухаан

    Үхэр сүрэг маллах арга ухаан

    Хонин сүрэг маллах арга ухаан

    Ямаан сүрэг маллах арга ухаан

    Сарлаг маллах арга ухаан

    Эцэг мал тавих арга ухаан, ёс гэсэн илэрхийллүүд байна хэмээн үзсэн байгаа юм.

    Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой лекц уншсан доктор (Ph.D), М.Энхбаатар танд маш их баярлалаа. Мөн лекцийг сонирхон ирж сонссон оюутан залуус, судлаач нартаа баярлалаа. Та бүхний ажилд их амжилт хүсье.

     

    Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл /ЭША/