“МОНГОЛ, ТҮРЭГ ХЭЛНИЙ ХАРЬЦАА” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО
Улаанбаатар 2022.11.10
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн гурав дахь лекц-ярилцлага 2022 оны 11 сарын 9-ний лхагва гаргийн 18:00-20:30 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.
Лекц-ярилцлагын зочноор МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн багш доктор (Ph.D) Н.Гэрэлмаа уригдан “Монгол, Түрэг хэлний харьцаа” сэдвээр лекц уншин өөрийн мэдлэгээсээ өргөн дэлгэр хуваалцаж, өөрийн судалгааны арга туршлагаасаа бидэнтэй хуваалцлаа.
Н.Гэрэлмаа багшийн лекцийн агуулгыг товч хүргэвэл:
- Алтайн хэлүүдээс хамгийн ойр төрөл хэлүүд бол Монгол, Түрэг төрөл хэл болно. Үүнд, Түрэг хэлээр хэлэлцэж буй ард түмэн – 200 сая орчим, Монгол хэлээр хэлэлцэж буй ард түмэн – 10 сая орчим байна.
- Орхон, Енисейн бичээс буюу руни бичгийг тайлж уншсан нь Түрэг хэлийг харьцангуй өргөн хүрээнд судлах шалтгаан болжээ. Руни бичгээрх хамгийн эртний дурсгал нь 686 онд холбогдох Чойрын хүн чулууны бичээс юм.
- Төрөл хэлүүдийн судалгаанд авианы сэлгэц, тохироо, хувьсал зэрэг нь хамгийн чухал хүчин зүйл мөн. Авианы сэлгэц гэдэг нь нэг авиа нөгөө авиатайгаа өгүүлэх эрхтний оролцоотойгоор солигдон хэлэгдэх зүй тогтол юм. Авианы тохироо нь Хэлний нэг авиа нөгөө хэлний өөр нэг авиатай утга үл ялган тохирох зүй тогтол юм. Авианы хувьсал гэдэг нь Түүхэн хөгжлийн явцад авианы хувьсан өөрчлөгдөх зүй тогтол гэж ойлгож болно. Авианы сэлгэц, авианы тохироо хоёрыг хам цагийн үүднээс судалдаг бол авианы сэлгэцийг цуваа цагийн үүднээс судална.
- Авианы хувьсан өөрчлөгдөх зүй тогтол – Жишээ нь: Монгол хэлэнд *tingna- ; čingna-чагнах тагнах гэсэн утгатай. Турк хэлэнд tinglä- ; dinle-tinglä- сонсох гэсэн утгатай байна. Тэгэхээр энэ хоёр авианы хувьд өөрчлөгдсөн t, d авиа č; j болжээ.
- Нэр үгийн бүтэц нь Монгол хэлэнд /Нэр үг + олон тоо + тийн ялгал + хамаатуулах/ буюу /цэцэг + с + ийн + минь/ гэж хувиргана. Турк хэлэнд /isim + çoğul eki + iyelik ekleri + hâl ekleri/ буюу /Нэр үг + олон тоо + хамаатуулах + тийн ялгал/ çiçek + ler + im + in байна.
- Монгол, Түрэг хэлэнд гарал үүслийн холбоотой, илтгэх утгын хувьд ойролцоо, нийтлэг дагавар цөөнгүй тохиолддог. –лаг4(-liγ/-lig) (баялаг, урлаг, ухаалаг, сорлог göz ‘нүд’ – gözlük ‘нүдний шил’, söz ‘үг’ – sözlük ‘толь бичиг’, kitap ‘ном’ – kitaplık ‘номын тавиур’, çöp ‘хог’ – çöplük ‘хогийн сав’ гэх мэт.
- Үйл үг бүтээх –la/-le дагавар монгол, түрэг хэлэнд тун идэвхтэй хэрэглэгдсээр байна. Монгол хэлний эхэл- (ekile-), амла- (amala-), дурла- (durala-) гэх үгнүүд Турк хэлний başla- ‘эхэл-, kışla- ‘өвөлж-’, bağla- ‘багла-’ жишээнүүдээс харж болно.
- Үгзүйн үгийн сангийн түвшинд Монгол хэлний jori-, Түрэг хэлний “yorı-” хэмээх үгийн утга, хэрэглээ: Yori хэмээх үг явах, зайлах, хөдлөх, орох, байх, орших гэсэн утгатай. Руни бичгийн сонгодог дурсгалуудад явах, хөдлөх утгыг гол төлөв “yorı-” үйл үгээр илэрхийлсэн байдаг. Орчин цагийн Турк хэлний үйл үгийн одоо цаг заах нөхцөл yor нөхцөл юм.
- Монгол хэлэнд “yorı-” гэх үгтэй гарал холбогдох үгс:
- “jori-”(зори-) - 1.ямар нэгэн үйл ажлыг эцэс туйлд нь хүрэхээр хичээх, чармайх, 2. Нэг газраас нөгөө газраа хүрэхээр явах, зорчих гэх мэт утга илэрхийлнэ.
- зорилго, зорилт, зоримог, зориуд, зорчих гэх зэрэг төрөл үгс үүсжээ. - Үгийн сангийн харьцаа: (хэж-) ; keč- Тоньюкукийн бичээсийн хойт талын 1-р мөрөнд “aq termel keče kelti- Ак Тэрмэл(уулын нэр)-ийг даван”, баруун талын 3-р мөрөнд “ertiš ügüzüg keče keltimiz – Эртиш голыг гатлан ирэв бид”, Көлтигиний бичээсийн зүүн талын 39-р төрөнд “yinčü ügüzüg yüzüti kečip...- Еинчү голыг гатлан ...” гэх мэтээр гарч байна. keč- гэх үг эртний түрэг хэлэнд “явах, гатлах, давах”( Наделяев 1969: 290) гэсэн утгаар хэрэглэгдэж байжээ. Монгол хэлэнд уул хавцгайн хажуу халил, ус мөрний хөвөөний хясаа мэтийн явах туулах бэрх замаар явахыг “kejih” гэж байгаа нь утгын хувьд тохирч байгаа юм. Энэхүү язгуураас kejih(бартаат замаар явах), kejüü(бартаат зам), kejlüür(бартаатай), kejirmeg(бартаа, саад), keč(хад асгатай, бэрх), kejim(баруун монгол аялгуунд хүүхэд тогтдоггүй айл хаалганыхаа дээд талд улаан өнгийн бөс даавуугаар хйисэн дээс татдаг уламжлалтай бөгөөд үүнийг ийн нэрлэдэг байна. Энэ нь тухайн айлд гадны хүн орохыг хориглосон тэмдэг, саад болдог ажээ) гэх мэт төрөл үгс үүссэн байна.
- Орчин цагийн монгол, турк хэлэнд бүтэц хийгээд илэрхийлэх утгын хувьд ижил төстэй өвөрмөц хэлц цөөнгүй тохиолдоно. Жишээ нь: Монгол хэлэнд “нүүр улайлгах” бол Турк хэлэнд Yüz kızartıcı “нүүр улайлгагч” гэнэ. Монгол хэлэнд “олон нүүртэй” гэх бол турк хэлэнд Yüzü pek “Нүүр нь олон” гэнэ. Монгол хэлэнд “ширэн нүүртэй” гэх бол Турк хэлэнд Yüzünn derisi kalın “Нүүрний арьс нь зузаан” гэх мэт олон жишээг дурдаж болно.
Лекцийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Н.Гэрэлмаа танд маш их баярлалаа. Мөн хүрэлцэн ирсэн хүндэт багш, судлаач, оюутан залуус, үе үеийн төгсөгч нартаа баярлалаа. Та бүхний цаашдын замд гэгээн бүхнийг ерөөе.
Тайлан бичсэн: ЭША Д.Лхагвагэрэл 10:30 минут