Улаанбаатар 2022.05.19
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн арван нэг дэх Эрдэм шинжилгээний хурал 2022 оны 5 сарын 18-ны лхагва гаргийн 14:00-19:00 цагт АМТ-д амжилттай боллоо.
Хурлыг нээн Антоон Мостэрт Монгол Судлалын төвийн захирал Фр. Фолата Лаиа үг хэлж, оюутнуудын илтгэлийг сонслоо. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Шинжлэх Ухааны Академийн, Хэл зохиолын хүрээлэнгийн, Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Билгүүдэй, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн, Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Самбуудорж, Шинжлэх ухааны академийн, Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн, Дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) Л.Ганбат нар хүрэлцэн ирж шүүн тунгаалаа.
Хурлын нэгдүгээр хэсэгт 6 оюутан илтгэлээ хэлэлцүүлсэн бол хоёрдугаар хэсэгт 5 оюутан илтгэлээ хэлэлцүүллээ. Тэргүүн байрыг Монгол Улсын Их Сургуулийн, Утга зохиолын ангийн III түвшний оюутан М.Анухатан “Хөвөлзөх ертөнцийн зураач” зохиолын итгэж үл болох хүүрнэгч (unreliable narrator)-ийн онцлог”, дэд байрыг Монгол Улсын Их Сургуулийн, Утга зохиолын ангийн II түвшний оюутан “Монгол бөө мөргөлийн соёл, аман яруу найргийн нэр томьёоны зарим англи орчуулгын харьцуулсан судалгаа” сэдвээр, гутгаар байрыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн, Монгол хэл уран зохиолын II түвшний оюутан Л.Цэцэнбилэг “Нүүдлийн болон суурин соёл иргэншил зүйр цэцэн үгэнд туссан нь” сэдвээр, тусгай байрыг Улаанбаатарын Дээд Сургуулийн, Археологийн ангийн IV түвшний оюутан Ж.Энхзул “Буган хөшөөнд дүрсэлсэн бамбайн хэлбэр, үүрэг зориулалт, утга агуулгыг нэхэн тодруулах нь” сэдвээр тус тус шалгарлаа.
Хуралд хүрэлцэн ирсэн эрхэм шүүгч нартаа болон оюутнууддаа их баярлалаа.
Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл (ЭША)