“ФРАНЦЫН УРАН ЗОХИОЛЫГ МОНГОЛ ХЭЛНЭЭ ОРЧУУЛСАН НЬ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2022.04.14

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн арав дугаар лекц-ярилцлага 2022 оны 4 сарын 13-ны лхагва гаргийн 18:00-20:40 цагт  АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУИС-ийн, Европ судлалын тэнхимийн багш, профессор Б.Алтангүл “Францын уран зохиолыг монгол хэлнээ орчуулсан нь” сэдвээр лекц уншихын зэрэгцээ судлаач оюутнуудад амьдралын болон судалгааны туршлагынхаа талаар зөвлөж, цааш судлаач болохын тулд тууштай  байх хэрэгтэйг уриаллаа.

Б.Алтангүл багшийн лекцээс товч хүргэвэл:

  • XIII зуунаас эхлээд Франц улс бол олон улсын соёлын их түнш байсан. Европын улс дотроо Монголын хаад, Монголын дундад зууны үеийг хамгийн их судалж ирсэн юм. Хэл шинжлэлийг түлхүү судалдаг байсан бол одоо харьцуулсан судалгаа их хийдэг болсон .
  • Яагаад заавал Францын уран зохиолыг орчуулах болсон бэ гэвэл Монголд 1911, 1921 оны хувьсгалын дараа бүхий л салбарт эргэлтүүд гарсан. Ингээд анх 1915-1916 онд И.А.Крыловын ёгт үлгэрүүдээс орчуулсан байна. 1913 оноос “Шинэ толь”, 1915-1920 онд “Нийслэлийн хүрээний бичиг”-т Ж.Цэдэвийн орчуулсан “Хөх Монголын хөх туг” романы хэсгийг хэвлэжээ.
  • XX зуунд орчуулгын салбарт эргэлт гарсан. Учир нь өрнө зүгийн ном бүтээлийг сэхээтнүүд өөрсдөө орчуулж эхэлсэн. Энэ үеийг төлөөлөл гэвэл Ж.Цэвээн, Б.Ренчин нар орчуулгын шавийг тавьсан байна.
  • Р.Гүрбазарын үзсэнээр 1921-1984 оны хооронд 177 орны 12500 орчим ном орчуулсан гэж үзсэн байна. Орчуулагч Ж.Цэвээн нь Италийн зохиолч Ж.Боккачрон “Декамерон”, Францын зохиолч Ж.Вери “Арван таван наст капитан”, Францын түүхч Леон Каен “Хөх Монголын хөх туг” зэрэг бүтээл орчуулжээ.
  • Д.Нацагдорж нь үгийг үгээр биш утгыг барин орчуулж ирсэн агуу зохиолч юм. АНУ-ын зохиолч Эдгар Адин По “Алтан цох”, Зөвлөлтийн зохиолч А.С Пушкин “Газар Далай хоёр”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, Францын зохиолч А.Додегийн “Манай тээрмээс ирсэн бичиг” гэх мэт олон туурь, өгүүллэг орчуулсан байна
  • Д.Дамдинсүрэн нь Пушкин “Алтан загасны үлгэр”, С.Я. Маршак “Муурын байшин”, Игорийн хорооны тууж зэрэг маш их олон бүтээл орчуулжээ.
  • Б.Ренчин гуай маш олон зохиол орчуулсан, агуу зохиолч юм. .Горькийн “Салхич шувууны дуун”, М.А.Шолоховын “Хүний хувь заяа”, Галидасын “Үүлэн зардас”, Н.В.Гоголийн “Тарас Бульба” зэрэг олон нийтэд түгсэн зохиолыг орчуулжээ.
  • Г.Анар, Б.Энэбиш, Г.Чимэд, Г.Аким, Д.Пэрлээ гэх мэт олон хэлээр олон зохиол бүтээл туурвидаг хүмүүс их байна. Үүнд хэдэн хүний нэрийг л дурдлаа.
  • Орчуулга хийхдээ анхаар зүйл гэвэл Монгол хэлэнд эхлээд эзэн байдаг, дараа үйлддэг тэгээд тусдаг. Европ зүгийн хэлэнд хоёулаа байна. Эзэн байна, үйл байна, тусаж байна, өөр нэг хувилбар нь тусагдахуун эзэн болдог. Англи хэл дээр ч мөн байгаа тусагдахуун нь эзэн болчихдог. Иймд орчуулга хийхдээ монгол хэлний суурь дүрэм сайн байх хэрэгтэй.
  • ОРЧУУЛАГ СУДЛАЛ, ШҮҮМЖ- 1972 оноос МЗЭ-ээс “Орчуулах эрдэм” цуврал чухал үүрэг гүйцэтгэсэн. Орчуулгын онол арга зүйн асуудлыг боловсруулан хөгжүүлэхэд С.Галсан, Ц.Цэдэнбал нар орчуулга судлал шүүмжээр голлон бүтээл хийжээ. Мөн Ц.Цэдэндамба “Орчуулгын үндэс”, Үржиндорж “Орчуулгын онол” гэх зэрэг онолын бүтээлүүд их байна.
  • Франц болон өрнө зүгийн бүтээлийг орчуулах болсон шалтгаан: 1921-1923 онд боловсруулсан “эдийн засгийн үндсэн бодлого” гэсэн хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрт 39 залуусыг Франц, Герман руу илгээсэн.
  • Ардын хувьсгалын дараа шинэ тулгуур Монгол улсын удирдагч нар гурав дахь улсын эрэлд мордсон. Гадаад харилцаагаа л өргөжүүлье хэмээн санаачилж 4 оюутан Өрнөд рүү илгээсэн байна.
  • Гадаадын уран зохиолын ном зүйг Ж.Баянзул, Г.Бүрэндалай, Г.Пүрэвдорж, Ш.Базар хэмээх хүмүүс хийж байсан. Францаас орчуулсан бүтээлийн тоог харж үзвэл, өгүүлэг хамгийн их очуулсан дараа нь роман орж байна. Хамгийн бага орчуулсан дуу байна. Ер нь нийтэд нь 400 гаруй бүтээл байна. Энэ нь яг 2004 оны байдлаар. Одоо бол 500 гаруй болсон гэж үзэж байна.
  • Өрнө зүгийн орчуулгын эхэн үед орос хэлтэй сэхээтнүүд голлох үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд 1950-иад оноос франц хэлтэй мэргэжилтнийг ЗХУ, Монгол улсад бэлтгэж эхэлсэн. Монгол улсад Франц хэлтэй мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхийг 1945 оноос өмнөх, 1990 он хүртэл, 1990 оноос хойш хэмээн авч үздэг.
  •  1913-1960 оны үеийн орчуулгын онцлогийг харвал М.Горкийн идэвхтэй зарчмаар орчуулах зарим их байсан. Д.Дашдорж, Б.Энэбиш, Г.Амар, Б.Гонгоржав, Ш.Доржготов гэх мэт олон орчуулагч франц хэлнээс зохиол орчуулж байжээ. Энэ үеийн орчуулгын онцлогийг харвал ихэнх нь зохиол бүтээлээ орос хэл дээрээс дам орчуулсан, танин мэдэхүйн чиглэл зонхилсон, нам ард түмэн энх тайвныг магтан дуулсан зохиол бүтээл зонхилжээ.
  • 1960-1975 оны үеийн орчуулгын онцлог. Энэ үеийг би алтан үе гэж хэлэх дуртай. учир нь утга зохиолын орчуулгын зөвлөл байгуулагдсан. Бүх зохиол шүүлтүүрээр ордог болсон.  Хайр дуралын сэдэвт зохиолын орчуулга зонхилсон. Үндэстний мэргэжилтэн нэмэгдсэн.
  • 1975- өнөөг хүртэл орчуулгын онцлог нь төрөл нэмэгдсэн, бүтээл нэмэгдсэн. Монгол зохиол бүтээлийг Франц хэл рүү орчуулж эхэлсэн.  Орчуулгын онолын асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Орчуулагчийн ур чадвар нэмэгдсэн.
  • Эцэст нь хэлэхэд их зохиолч М.Горкийн идэхтэй зарим их чухал үүрэгтэй. Францтай соёлын харилцаа нэмэгдсэн. Францын зохиолыг Орос хэлнээс орчуулсан бүтээл 70-аас 80 хувьтай байсан бол 1950-аад оны сүүл гэхэд эх зохиол буюу Францаас орчуулсан бүтээл нь нэмэгдсэн байна.  Сэдвийн хувьд XXI, XX зуунд алдартай зохиолчийн бүтээлийг орчуулсан нь сайшаалтай. Та нарт ч мөн орчуулгын уран зохиолыг сонирхон, сайн судлаач болоорой!

      Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж сонирхолтой лекц уншсан Б.Алтангүл багшдаа баярлалаа, танд цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэе!

 

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл (ЭША)   12:30 минут