card

“ОЮУТАН СУДЛААЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн нээлт боллоо.

Тус үйл ажиллагаанд МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Н. Гэрэлмаа, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш доктор Г. Нарантунгалаг, доктор Д. Нямдорж, А.Цэнд-Аюуш, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Д. Соронзон, багш, доктор Р. Сарангэрэл, ТӨУБИС-ийн Археологийн тэнхимийн багш, доктор Т. Идэрхангай нар урилгаар оролцлоо. Мөн тус тэтгэлэгт хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, АМТ-ийн ажилтнууд оролцсон болно.

2020-2021 оны хичээлийн жил “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 24 оюутан хамрагдаж, 18 оюутан “Эрдмийн хэлхээ” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн болно. Мөн уг хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч таван оюутны өгүүллийг багтаан, нийт 23 өгүүлэл бүхий “Эрдмийн хэлхээ” сэтгүүлийг АМТ эрхлэн хэвлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр 2020-2021 оны хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байруудыг эзэлсэн оюутан судлаачдад өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг хадгалуулав. I байрт МУИС-ийн Турк хэл, судлалын IV түвшний оюутан Б.Халиун, II байрт МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн төгсөгч М.Оюу-Эрдэнэ, ТӨУБИС-ийн Археологийн IV түвшний оюутан Ж. Энхзул, III байр МУИС-ийн Утга зохиол судлалын IV түвшний оюутан С.Энхцэцэг, Монгол хэл, уран зохиолын багшийн III түвшний оюутан Д. Бямбажаргал нар шилдэг илтгэлийн эздээр тус тус шалгарсанд урамшуулан шагнав. “Оюутан судлаач” хөтөлбөрийн оюутнуудыг төлөөлөн МУИС-ийн Турк хэл, судлалын IV түвшний оюутан Б.Халиун үг хэлсэн юм.

Оюутны судалгааны ажлыг удирдан, АМТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг учир удирдагч багш нараас МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Н. Гэрэлмаа, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор Г. Нарантунгалаг, доктор Д.Нямдорж, ТӨУБИС-ийн Археологийн тэнхимийн багш Т. Идэрхангай нар шалгарч, талархал, мөнгөн шагналаар шагналаа.

“Оюутан судлаач” хөтөлбөрийн 10 жилийн ойд зориулан уг хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид үнэ бүхий зүйл АМТ-д бэлэглэлээ. Мөн МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Д. Соронзон, Мосудар хэвлэлийн газрын редактор М.Билгүүнчимэг нар өөрсдийн оюуны бүтээлийн дээжээс бэлэглэсэн болно.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2021-2022 оны хичээлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн багш, оюутнууддаа судалгаа, эрдэм шинжилгээний өндөр амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжих нөхцөл боломжоор хангаж, дэмдэг CICM байгууллага, АМТ-ийн удирдлагад талархал илэрхийлье.