
“Саньгуо Янь И” буюу “Гурван улсын үлгэр”
“Саньгуо Янь И” буюу “Гурван улсын үлгэр”-ийг Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн ба Хань улс дахь Вэй, Шу, Ү улсын хооронд өрнөсөн хэрэг явдал, дайн байлдаан, бослого, тэмцлийн тухай өгүүлсэн 116 бүлэгт энэхүү түүхэн романыг Д.Болдбаатар (Хятад хэлний орчуулагч, доктор /Ph.D/, профессор)-ын орчуулгаар уншигч та бүхэнд өргөн барьж байна.
“Мяралзан цалгилах Хөх мөрний уснаа
Мэргэд баатруудын сайн мууг тунгааж дуусавай.
Онож алдсан, зөв буруу тэргүүн өргөмөгц хоосроод
Ор орондоо хөх уулс сүүхийлцэж
Оройн наран улайнам
Настай загасчин, буурал түлээчин мөрний хойг дээр
Намрын саран, хаврын салхин лугаа ижилдэн дасавай.
Нэгэн хувин бор дарсандаа баярлалдан халамцаад
Эрт эдүгээгийн түмэн хэргийг
Энэхүү найрын зоог болгон салхин уруу тонилгомой “ хэмээн эхлэх энэ зохиол нь Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд бичигддэг ба романы өгүүлэмжээс сэдэвлэн Бээжин дуурь 150 янзаар зохиогдож, 400 гаруй яриан ба дуулалт жүжиг дэглэн тавигдсан ажээ.