ЗОХИОГЧ:Түвшинжаргал Т. Бачярсайхан Ж. Баяндэлгэр Ч. Одбаатар Ц. Бүрэнтөгс Г.
ОРЧУУЛАГЧ: Цэрэндулам Ж.
РЕДАКТОР: Одбаатар Ц.
Дотоод Азийн бүс нутагт оршин амьдарч байсан эртний хүмүүс бүс хэрэглэх болсон нь лавтай түрүү хүрлийн үе буюу одоогоос 4000-4500 орчим жилийн тэртээд холбогдох ажээ. Тухайлбал, Шинжаан Уйгурын өөртөө засах орны нутаг дахь Хэмцэгийн соёлын хүн чулуунд бүс дүрсэлсэн хэд хэдэн тохиолдол байгаа бөгөөд Ахтаму хэмээх газрын хүн чулуунд доод хэсэг нумарсан тэгш өнцөгт хэлбэрийн аралтай, дөрвөлжин товруу бүхий бүс, Сентасын хүн чулуунд доош харсан таван талт дүрс бүхий зүйлийг бүснээс унжуулсан байдалтай дүрсэлжээ 1 . Мөн Хэмцэгийн соёлын хүн чулуу Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Тонхил сумдын нутгаас буюу Монгол Алтайн өвөр говь талаас илэрч олдcон байдаг 2, 3, 4 . Мал унах болсон үеэс тэр дундаа морьт болон морин тэрэгт анчин, дайчин нүүдэлчид бий болсон цагаас агсаргын иж бүрдэл маш баялаг болж олон төрлийн зэвсэг, эд зүйлсийг агсаж (зүүж) явах болсон бололтой. Бүснээс агсах зүйлсийг тоочин өгүүлбэл нум сум, сэлэм, хутга, чичлүүр, билүү чулуу, гал асаагуур (модон), аливаа зүйл агуулах хавтага, толь, аяга, халбага, савх, эвэр шор, гоо заслын хэрэгсэл зэрэг багтах бөгөөд энэ нь нэг талаар мориноос бууж мордох аль ч үед биеэс салахгүй тул хаяж гээхгүй, тээж явахад төвөг саад багатай, хэрэглэхэд гарын дор ойр зэрэг олон давуу талтай юм. “Агсарга” хэмээх үгийг Монгол хэлний тайлбар тольд зөвхөн “саадаг хоромсогыг уяж бүслэх бүсийг агсарга хэмээмүй” гэж тайлбарласан байх ч “агсах” хэмээх үг нь илүү өргөн дэлгэр утга илэрхийлнэ. Тухайлбал “Аливаа цэргийн хүн саадаг хоромсогыг зүүх ба эсвэл буу сумын зүйлийг үүрч бүслэх, илд хутга зүүх зэргийг цөм агсамой хэмээмүй. Бас эхнэр хүний чимэг зэмсэг зүүх ба аливаа юмыг сүүжинд уяж явахыг агсамой хэмээмүй 5 гэж товч тодорхой өгүүлжээ. Тиймээс нум саадаг, хоромсого зүүх зориулалттай агсарга бүс мөн зэр зэвсэг, хавтага зэрэг бусад эд зүйлсийг агсах зориулалтай бүс хэмээх хоёр ухагдахуун гарч буй юм. Хоромсого, саадагны агсарга бүсний хийц ихэвчлэн энгийн дан, болон сүлжмэл сураар хийсэн байх бол зэр зэвсэг, эд зүйлс агсах хэрэглээний бүсийг илүү гоёж чимэглэсэн байх аж