card
story-image

Монгол нутгаас олдсон хүрэл толиуд

         Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс магистр, докторт суралцаж буй залуу судлаачдыг дэмжин, тэдний бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилготой “Young Mongolist” (Залуу монголч) эрдэм шинжилгээний цуврал бичгийн VI ботид ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Сан хөмрөг, лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Энхтуяагийн Цэгмэдийн “МОНГОЛ НУТГААС ОЛДСОН ХҮРЭЛ ТОЛИУД” бүтээлийг хэвлэж, монгол судлалын эрдэмтэн, судлаачдадаа өргөн барьж байна.

     Эл бүтээл хүрэл, төмөр зэвсгийн үеэс Монголын эзэнт гүрний үе хүртэлх Монгол нутгаас олдсон хүрэл толийн дурсгалуудыг бүртгэж, тэдгээрийн үүсэл гарал, тархац болон технологийн хийцийг ангилан ялгаж, хүн ам зүй, гоо зүй, бэлгэдэл зүй, соёлын талаас судалснаараа ихээхэн онцлогтой юм.

       Хүрэл толь нь хадны зураг, буган чулуун хөшөөнд дүрслэгдэж, урлаг болон бичгийн дурсгал, соёлын өв болох ба нүүдэлчин ард түмний соёлд хэрхэн тусч, нөлөөлж, хувьсан ирснийг тайлан тайлбарласнаараа соёлын үнэт зүйлсээ танин мэдэх, хайрлан хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх чухаг ач холбогдол бүхий бүтээл болжээ.

      “Young Mongolist” эрдэм шинжилгээний цуврал бичгийн өмнөх ботиудаар монголын аман зохиол, хэл, соёл, түүх, антропологи, шашин чиглэлийн судалгаа хийж буй залуу эрдэмтдийн бүтээлийг дэмжин хэвлэсэн бол энэ удаад археологийн судалгааны ажлыг эрхлэн хэвлүүлэв.