card
story-image

Хүннүгийн үеийн домгийн амьтны дүр

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс эрхлэн хэвлүүлдэг, магистр, докторт суралцаж буй залуу судлаачдыг дэмжин, тэдний бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилготой “Young Mongolist” (Залуу монголч) эрдэм шинжилгээний цуврал бичгийн 2018 оны 5 дугаар ботид УБИС-ийн Археологийн тэнхимийн багш, залуу судлаач, магистр Жаргалсайханы Эрдэнийн “ХҮННҮГИЙН ҮЕИЙН ДОМГИЙН АМЬТНЫ ДҮР” бүтээлийг дэмжин хэвлэж, монгол судлалын эрдэмтэн, судлаачдадаа өргөн барьж байна.

     Эл бүтээл Монгол улс болон ОХУ-ын Буриадын БНУ-ын нутаг дэвсгэрт малтан шинжилсэн Хүннүгийн хаад, язгууртнуудын булшны малтлага судалгаагаар илрэн олдсон эд өлгийн зүйл дээр дүрслэгдсэн билигт гөрөөс, гарди, луу зэрэг домгийн араатан амьтны хөдөлгөөн, дүрс хэлбэр нь уг эдийн соёлын бүтээгч нарын оюун сэтгэхүйн өндөр ур чадвар, мэдлэг ухааныг илэрхийлж, бодит амьдралын хөгжил хөдөлгөөнийг харуулсан гүн ухааны утга агуулгатайг түүхэн гарал үүсэл, домог зүйн бэлгэдэл, нэрийн гарал зэргээр давхар нотолж буйгаараа онцлог юм.

     “Young Mongolist” эрдэм шинжилгээний цуврал бичгийн өмнөх ботиудаар монголын аман зохиол, хэл, соёл, түүх, антропологи, шашин чиглэлийн судалгаа хийж буй залуу эрдэмтдийн бүтээлийг дэмжин хэвлэсэн бол энэ удаад археологийн судалгааны ажлыг эрхлэн хэвлүүлэв.