card

"Дэвжээ" тэмцээн

Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2017 оны хичээлийн жилд хамрагдсан оюутнуудын дунд уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уралдаант “Дэвжээ” тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны лхагва гаригийн 18:30-21:30 цагт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд тус хөтөлбөрийн оюутнууд Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс эрхлэн гаргасан “Нум сумтан ард түмний түүх/Monograph series, Volume 4/”, “Монголын нууц товчоон/Monograph series, Volume 6/” номуудын хүрээнд түүх, угсаатны зүй, аман зохиолын мэдлэгээ өргөжүүлэх, авьяас чадвараа нээн харуулах, хөтөлбөр дэх идэвх оролцоогоо нэмэгдүүлэх зорилготой байлаа. Тэмцээнд, 1. Багийн мэндчилгээ 2. Чөлөөт үзүүлбэр 3. Асуулт хариулт /багаар/- Нум сумтан ард түмний түүх номоос 4. Жүжигчилсэн тоглолт 5. Асуулт хариулт /багийн ахлагч/- МНТ номоос 6. Багийн үзүүлэн /presentation/ гэсэн 6 төрлөөр өрсөлдөхөөр 1. Гэнэн баг 2. Нум сумтны үр сад баг 3. Соёл баг 4. Нирун баг 5. Хар сүлд багууд хүрэлцэн ирж оролцлоо. Тэмцээний шүүгчээр МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш С. Бямбадорж, СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн багш Х. Чойдогжамц нар ажиллаж, судлаач оюутнуудын ололт, алдаа дутагдлыг нарийн хэлж өгч байлаа. Тэмцээний дүн гарахад, 58 оноогоор Нирун баг 3-р байр, 61 оноогоор Соёл баг 2-р байр, 62 оноогоор Хар сүлд баг 1-р байрт шалгарч, Их зохиолч Д. Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн тасалбараар шагнууллаа. Мөн жүжигчилсэн тоглолтын үеэр дүрээ хамгийн сайн бүтээсэн оюутан Н. Баяртуяа, М. Батчимэг нарыг тус жүжгийн тасалбараар шагнаж, урамшууллаа. “Дэвжээ” тэмцээнд оюун ухаан, авьяас чадвараа сорьж, нэгэн баг, хамт олон болж амжилттай оролцсон багуудад АМТ-ийн зүгээс болон шүүгчдийн зүгээс баяр хүргэлээ. Мөн тэмцээний үеэр оюутан судлаач, МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн төгсөгч Х. Мягмарсүрэн, М. Мөнхбат нар Дорноговь аймгаас хөтөлбөрийнхөө 5 жилийн ойд зориулсан мэндчилгээ, захиаг илгээж, төвийн ажилтнууд, багш, дүү нартаа гэнэтийн бэлэг барилаа. Та хоёртоо аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье. Хичээлийнхээ зэрэгцээ хичээл зүтгэл гарган тэмцээндээ бэлтгэж оролцсон нийт оюутан судлаачид, тэмцээн зохион байгуулахыг дэмжсэн АМТ-ийн захирал Г. Цэцэгдарь болон бусад ажилтнууд, тэмцээнийг шүүж, зааж зөвлөсөн хоёр багшдаа Талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе. Мэдээ бичсэн: М. Пагмадулам 2016 оны 11 дүгээр сарын 17