card

"Си Ай Си Эм-ийн монголч эрдэмтэд монгол судлалд оруулсан хувь нэмэр" ЭШХ-2017

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс Монгол дахь CICM (Мариа-гийн Цэвэр Ариун Зүрхний Бүлгэм) байгууллагын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “CICM-ийн МОНГОЛЧ ЭРДЭМТЭД, МОНГОЛ СУДЛАЛД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” дотоодын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 11 дүгээр сарын 30-ны пүрэв гарагт АМТ-д боллоо. Тус хурлын зорилго нь C.I.C.M бүлгэмийн шашин дэлгэрүүлэгчид (Joseph Van Oost, Antoon Mostaert, Joseph Van Hekken, Henry Serruys, Joseph Kler, Louis Schram, Jozef Mullie зэрэг)-ийн Монгол ба Төв Азид хийсэн түүх, хэл соёл, археологи, угсаатны зүйн олон талт судалгааны өвийг эргэлтэд оруулах, тэдний монгол судлалд оруулсан хувь нэмрийг бодитой үнэлж дүгнэх, судлаачдын хооронд холбоо харилцаа тогтоох, цаашдын энэ талын судалгааны тухай ярилцахад оршсон билээ.
Хуралд Монгол дахь Католик сүмийн тэргүүн, Эрхэмсэг Хамба лам Венсеслао Падилла, Дэлхий даяарх CICM байгууллагын Тэргүүн Фр. Чарльз Фукута нар болон CICM-ийн бусад гишүүд, зочид, ШУА-ийн ХЗХ болон ТАХ, ОУМСХ, МУИС, МУБИС, СУИС, Ариун Библи Нийгэмлэгээс хүрэлцэн ирсэн монголын эрдэмтэн судлаачид, оюутан залуус оролцлоо.
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн захирал Фр. Филип Борла хурлыг нээж, Эрхэмсэг Хамба лам Венсеслао Падилла хуралд оролцогчдод амжилт хүсч үг хэлэв.
CICM бүлгэмийн шашин дэлгэрүүлэгчдийн хийсэн түүх, хэл, соёл, археологи, угсаатны зүйн судалгаанууд, мөн түүнчлэн XIII зууны Монгол ба Өрнө дахиныг холбож байсан аялагчдын түүх, XX зууны католик болон үнэн алдартны хар лам нарын Монгол ба Төв Азид хийсэн аялал, тэдний бичсэн тэмдэглэлүүд зэрэг судалгааны өргөн хүрээнд Монгол улсаас 9 илтгэгч ярьсан бол, 25 жилийн өмнө ардчилсан МУ-д CICM байгууллага хэрхэн байгуулагдаж байсан талаар Бельгийн Лөван хотын Католик их сургуулийн эрдэмтэн, Фр. Жероом Хэндрикс илтгэл тавив.
Хурлын үеэр хоёр удаа оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хурлыг хааж, Дэлхий даяарх CICM байгууллагын Тэргүүн Фр. Чарльз Фукута үг хэлж, судлаачдад талархал илэрхийллээ. “CICM-ийн МОНГОЛЧ ЭРДЭМТЭД, МОНГОЛ СУДЛАЛД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” ЭШХ-д илтгэлээ хэлэлцүүлсэн эрхэм эрдэмтэн судлаачид, хүрэлцэн ирсэн зочид Та бүхэнд АМТ-өөс гүн талархал илэрхийлж, эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе.